Сүүлийн зургаан сард 3300 иргэн донор болох хүсэлт илгээжээ

Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.
Ингэснээр сүүлийн зургаан сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 3300 хүн хүсэлтээ илэрхийлжээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч гэр бүлийн гишүүдээс амьд донор болох хүнгүй бөгөөд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад бүртгэгдэн хүлээж буй 1500 гаруй хүн байгаа юм.
Монгол Улсад амин чухал эрхтнүүдийн эмгэг өвчинтэй түүний төгсгөлийн үе шатанд орсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс нэлээдгүй байгаа бөгөөд өвчнөөс дурдвал:
- Элэгний B,C,D вирусийн шалтгаант элэгний хатуурал,
- Элэгний хавдар,
- Бөөрний архаг үрэвсэл, бөөрний дутагдал,
- Зүрх судасны архаг өвчин, зүрхний дутагдал
- Нойр булчирхайн өвчтэй гэх мэт…өвчлөлүүдэд нэн тэргүүнд донор хэрэгтэй байдаг аж.
Донор болох хүсэлтээ илгээхийн тулд E-Mongolia систем рүү нэвтрэн орж үйлчилгээ хайх хэсгээс “Донорын зөвшөөрлийн хүсэлт” үйлчилгээг сонгон өөрийн мэдээллийг бөглөн хүсэлтээ илгээх юм.