А.Цыденов: Улаанбаатар хоттой хамтран ажиллахад таатай байх болно

0

Бүгд Найрамдах Буриад Улсын/БНБУ/ Тэргүүн Цыденов Алексей Самбуевич тэргүүтэй албаны
хүмүүс Монгол Улсад иржээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х. Нямбаатар өчигдөр тэднийг
хүлээн авч, уулзав.
Талууд цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, шинэ төсөл хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлэх чиглэлээр болон барилга, авто замын бүтээн байгуулалт, боловсрол, шинжлэх
ухаан, эдийн засаг, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах хэлэлцээр өрнүүллээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол
Улс, ОХУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн
түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт өргөжин хөгжиж байна.
Ялангуяа Улаанбаатар хот, Улаан-Үд хотуудын хооронд олон талт хамтын ажиллагааг
бэхжүүлэхэд таатай байгаа”-г илэрхийлсэн бол Улаанбаатар хот хөгжлийн шинэ түвшинд хүрэх
24 мега төслийг хэрэгжүүлж эхэлсэн талаар нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд
бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулсан юм.
Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич “Хоёр улс хоорондын
хөгжлийн туршлагаа харилцан солилцож, Улаанбаатар хоттой үр дүнтэй хамтран ажиллахад
таатай байх болно” гэв.

Уулзалтад БНБУ-ын Засгийн газрын даргын орлогч дарга, Эдийн засгийн сайд Кочетова
Екатерина Николаевна, Эрүүл мэндийн сайд Лудупова Евгения Юрьевна, БНБУ-ын Монгол Улстай харилцах асуудал хариуцсан сайд Чирипов Даба-Жалсан Шагиевич, ОХУ-ын Гадаад
хэргийн яамны Улаан-Үд хот дахь төлөөлөгч Пономарева Александра Ивановна, Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич, Улаан-Үд хотын хурлын дарга Бальжинимаев Чимит
Валерьевич, БНБУ-ын Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга Раднаев Владимир Владимирович нар
оролцов.
2022 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн
газар хооронд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгэм, хүмүүнлэгийн салбарт
хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *