Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн ойн өдөр тохиож байна

0

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 44 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.

Сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг 1981 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 22:59 минутад хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19:42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан. Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.

Хүн төрөлхтөн 1961 онд анх сансарт ниссэн бол түүнээс 20 жилийн дараа буюу 1981 онд Монгол хүн анх удаа сансарт ниссэн юм. Монгол Улс энэ өдөр сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь, сансрын судалгааны төхөөрөмж бүтээн, нислэгийн явцад ашигласан 20 дахь, сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон юм. Сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болж сансар судлалын түүхэнд бичигджээ.  

Монгол-Зөвлөлтийн нислэгийн баг ашигт малтмал, амьтан судлал, газар зүйн олон зураг авсан нь олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг ялангуяа улс оруудын загас агнуурын аж ахуйд түлхүү ашиглах болсон юм. Түүнчлэн нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах чиглэлээр эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийсэн нь Монголд сансар судлал хөгжих эхийг тавьсан гэж үздэг. Манай улсад байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбарт сансрын мэдээллийг ашиглаж байна.

Ж.Гүррагчаа нь 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нислэгийн дамжаа, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсөж, 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамт бэлтгэгдэж эхэлсэн байдаг. Ж.Гүррагчаа 1978 онд ардын армийн ахмад цолтой байсан бөгөөд түүнийг сансарт ниссэний дараа БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч цолоор шагнажээ. Мөн сансрын нисгэгч В.А Жанибековт БНМАУ-ын баатар цол хүртээсэн юм.

Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явдлыг МОНЦАМЭ агентлаг бүрэн сурвалжилж дэлхий дахинд мэдээлж байлаа. МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах багийн бэлтгэсэн сурвалжлага, гэрэл зургууд тухайн үеийн Монголын радио, телевиз, “Үнэн” сониноос эхлээд, Монголын бүх л сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, мөн орос, англи, франц, хятад зэрэг хэлээр дэлхий дахинд түгэж байв. Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийг МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч Т.Галдан, тоймч Д.Базарваань, Утга зохиолын нарийн бичгийн дарга Ч.Чагдар, гэрэл зурагчин Ц.Нина, С.Батсүх, телетайпч Ж.Бямбажав, тухайн үеийн Монголын радио телевизийн улсын хорооны Суртлын редакцийн редактораар ажиллаж байсан, МОНЦАМЭ агентлагийн орчуулагч Я.Сүхбаатар нар сурвалжилж байлаа. МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Т.Галдан сансрын нисэгчдийг эх дэлхийдээ эргэн ирэхэд нь анхны товч ярилцлагыг авч байв.

МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч нар Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгт нисэгчдийг бэлтгэж байсан “Оддын хотхон”-д 1978-1981 оны хооронд тусгай томилолтоор ажиллаж, нисэгчдийн бэлтгэл сургуулилтын үеийн бүхий л түүхийг гэрэл зургаар мөнхөлсөн билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *