“Өргөө-2”-ын төрөөс 5.1 тэрбумыг нэхэмжилсэн шүүх хурал 31-нд болно

Мэдээлэл, технологийн үндэсний парк /МТҮП/ бол төрийн өмчит үйлдвэрийн газар. Энэ паркийн хойд жигүүрт “Өргөө-2” кино театр 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тус компанийн гэрээ 2022.12.31-нд дууссан ч талбайгаа чөлөөлөхгүй, шүүхдэж байна. Жилийн хугацаанд шүүх хурал есөн удаа хойшилжээ.
“Өргөө-2” кино театр бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бизнес.
Талбайн үндсэн зориулалт нь Мэдээллийн технологийн гарааны компаниудыг бойжуулах тэдний үйл ажиллагааг дэмжих зорилготой авчиг ийнхүү ганцхан компани орчхоод гарахгүй, шүүхдэж буй аж. МТҮП 2023.02 сард “Өргөө-2” кино театрын цахилгааныг нь хязгаарласан ч цахилгаанаа дээш том албан тушаалтан руу яриад залгуулчихдаг тухай нь МТҮП-ийн захирал Ж.Золзаяа ярьж байлаа.
Тэрбээр “Өнөөдрийг хүртэл төр нэг компанийг дийлээгүй. Ил болон далдаар маш их дарамт ирж байгаа. Гэрээ сунгуулахыг шаардаж, хамтран ажиллагч нартай гэрээгээ цуцлах зэрэг асар олон зүйл болсон. Шаардлагатай гэвэл цаг нь болохоор ярина аа” гэсэн юм.

-8000-аар түрээсэлсэн талбайгаа 120.000 төгрөгөөр дамлан түрээсэлж, зөвшөөрөлгүй өргөтгөл хийжээ-
Мэдээлэл, технологийн үндэсний паркийн мкв-ийн түрээс өнөөдрийн байдлаар 49500 төгрөг. Гэвч “Өргөө-2” кино театр 2625.06 м.кв талбайг 2011 оноос хойш м.кв-ийг нь 8000 төгрөгөөр түрээсэлж байгаа аж. Гэсэн ч 2059.83 м.кв-тад л түрээс төлдөг тухай МТҮП-ийн захирал Ж.Золзаяа ярьж байна. Үлдсэн 565.23 м.кв-т яагаад түрээс төлдөггүй вэ болохыг нь Ж.Золзаяагаас тодруулахад, “МТҮП-ийн талбай руу дураараа өргөтгөл хийж, тэрхүү талбайдаа огт түрээс төлдөггүй” гэв.
Үүгээр зогсохгүй “Төрийн өмчийг дамжуулан 24 байгууллагад их бага хэмжээгээр түрээсэлж ирсэн. М.кв-ыг нь 60.000-120.000 төгрөгөөр түрээсэлдэг гэдгийг нь түрээслэгчдээс тодруулж мэдсэн” хэмээн тэрбээр ярьсан юм.
Дээрх мэдээллээс үүдэн нэг тоо бодоод үзье. 2059.83 х 8000=16.478.640 /арван зургаан сая 478 мянга/ төгрөгийг “Өргөө-2” кино театр сарын түрээс болгон төлдөг байх нь.
-Салбарын хөгжлөөс хойш чангаагч-
МТҮП 2022 он хүртэл нийт:
- Үл хөдлөх хөрөнгийн татварт 150.715.515 төгрөг,
- Газар ашигласан төлбөрт 10.792.063 төгрөгийг тухайн байгууллагын өмнөөс төлжээ.
МТҮП-ийн захирал Ж.Золзаяа “12 жилийн хугацаанд Мэдээллийн технологийн салбарын хөгжлийг 2.8 дахин хойш татсан байна гэсэн тоон судалгаа үзүүлэлт гарсан. Хэрэв бид талбай ашиглаж байгаа гарааны компаниуд болон мэдээллийн технологийн компаниудаас авдаг түрээсээ “Өргөө-2”-оос авч ашиглуулж байсан бол өнөөдрийг хүртэл 5.4 тэрбумын ашигтай ажиллах байсан. Залуучууддаа боломж олгохгүй, бүхэл бүтэн 14 жил бойжлоо шүү дээ, нэг компани.
Бид “Өргөө-2”- кино театрыг гарахаар салбарын хөгжлийн төлөө юу хийх вэ гэдгээ ч бодчихсон байгаа.
- Судалгаа хөгжүүлэлтийн төв байгуулах
- Хиймэл оюун ухааны лаборатори байгуулах
- Эвент, экспо заалаар нь ашиглах гээд тэдний сарын өгдөг түрээсийг нэг өдрийн олох боломжтой гэсэн эдийн засгийн үндэслэл тооцоолол гарсан” хэмээв.
-Төрөөс 5.1 тэрбум төгрөг нэхэмжилжээ–
Шүүх хурал гуравдугаар сарын 31-нд болохоор товлогджээ. Анх 2011 онд үйл ажиллагаагаа эхлэхдээ тухайн үед буцааж ямар нэгэн зүйл авахгүй, шаардахгүй талаараа мэдэгдэж, гэрээгээ сунгаж байсан “Өргөө-2” 5.1 тэрбум төгрөгийн төлбөрийг шүүхийн журмаар шаардаж байр талбайгаа чөлөөлөхгүй байгаа аж. Ажилчдын цалин, нүүлгэлтийн зардал, засвар хийсэн мөнгөө ийнхүү төрөөс нэхэмжилж байгаа гэнэ. МТҮП гэсэн өөрсдийнхөө алдагдсан боломжийг үнэлээд 8.1 тэрбум төгрөг нэхэмжилжээ.
МТҮП-ийн захирал Ж.Золзаяа “Гуравдугаар сарын 31-ний шүүх хурлаар асуудал нэг талдаа шийдэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүнд чинь тэвчээрийн хязгаар гэж нэг юм байна. Ийм хууль бус зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд “Энэ асуудлыг нээлттэй хэлэлцэж өгөөч. Шүүх хурлыг нээлттэй явуулъя” гэдэг хүсэлтээ өгчихсөн байгаа” гэв.
Эх сурвалж: Urug.mn