Сүрьеэгийн тохиолдол 85-90 хувь нь бүрэн эдгэдэг

0

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

Жил бүр энэ өдрийг ДЭМБ болон олон улсын эрүүл мэндийн байгууллагууд сүрьеэ өвчний эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх, эмчлэхэд анхаарал хандуулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ онд дэлхий нийтээрээ “Тийм ээ! Бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатай тэмдэглэж байна. Манай улсын хувьд 11.00 цагаас ЭМЯ хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хүргэнэ.

Дэлхий дахинд жил бүр 10 сая орчим хүн өвчилж, 1.5 сая гаруй хүн нас бардаг. ДЭМБ 2030 он хүртэл энэ өвчний тархалтыг эрс бууруулах, нас баралтыг 90 хувиар багасгах зорилготой ажиллаж байна. Харин эмийн зохистой хэрэглээ, тогтмол хяналттайгаар эмчилгээ хийлгэсэн тохиолдолд өвчтөнүүдийн 85-90 хувь нь бүрэн эдгэдэг.

Монгол Улсын хувьд сүрьеэ нь халдварт өвчний дунд тэргүүлэх байрыг эзэлдэг бөгөөд жилд 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг.

Вакцин хийлгэх, эрүүл хооллох, дархлаагаа дэмжих, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах зэргээр энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

1882 оны энэ өдөр Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэгийн үүсгэгч болох Mycobacterium tuberculosis-ийг нээсэн. Энэ нь тухайн үед сүрьеэгийн оношилгоо, эмчилгээнд томоохон дэвшил болсон тул түүний нээлтийг хүндэтгэн энэ өдрийг тэмдэглэдэг аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *