С.Тайван: Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан этгээдийг мөрийтэй тоглоомын хэргээр саатуулсан

Цахим хуудаст өчигдөр буюу /2025.03.23/ нэгэн иргэн цахим хуудастаа цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулахад цагдаагийн байгууллагын алба хаагчид өөрсдөө хамтардаг. Мөнгө авч, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, хамтарч ажилладаг талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ мэдэгдэлтэй холбоотой цагдаагийн байгууллагаас өнөөдөр тайлбар мэдээлэл хийж байна.
Сүүлийн дөрвөн жилд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой төрлийн нийт 1360 хэрэг бүртгэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван:
-Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэй холбоотой өчигдөр цахим хуудаст мэдээлэл гарсан. Сүүлийн дөрвөн жилд энэ төрлийн нийт 1360 хэрэг бүртгэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулсан. Эдгээрээс 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээд байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь зохион байгуулалттай, олон хүний бүрэлдэхүүнтэй үйлдэгддэг. Мөн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэж тодотгодог. Энэ ч утгаараа Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийг бүлэглэн үйлдэх болсон.
Цагдаагийн байгууллагаас шувуу ажиллагааны хүрээнд Э-гийн нэр бүхий 35 хүний бүлэглэлийг тогтоон, Монгол Улсад авч ирсэн. Мөн одоо Г-ийн толгойлсон 28 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг мөрдөн шалгаж байна. Тус бүлэглэлийн хоёр этгээд цагдан хоригдож шалгагдаж байгаа.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг Б-гийн бүлэглэл буюу өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн А.Баяржаргал нарын 18 хүн бий. Цахим мөрийтэй тоглоом нь олон иргэнийг эдийн засаг, сэтгэл санаагаар хохироож амиа хорлоход хүргэдэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт цохилт өгөх зорилгоор бүх төрлийн арга хэмжээг авч тасралтгүй тэмцэж байна.
Өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэний төрсөн хоёр дүүг шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд энэхүү мэдээлэл өнөөдөр яригдаж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй.
“Мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг байгуулах зэрэг гурван зүйл ангиар шалгагдаж байгаа. Сошиалд мэдээлэл хийсэн А.Баяржаргал гэх этгээдийн мэдээлэлд дурдсан цагдаагийн алба хаагч гэх хүний тухайд 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан иргэн. Тухайн этгээдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.