С.Наранцогт: ЭТТ ХК-нд гадны захирлуудыг томилъё гэхээр хүний нөөцийн компанид мөнгийг нь өгөөгүй хар жагсаалтад орсон асуудал гарсан

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Эрдэнэс Монгол” нэгдэл өнөөдрийн байдлаар хэчнээн байгууллагыг харьяандаа нэгтгэн ажиллаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай нэгдэлд 31 хуулийн этгээд харьяалагдаж байна. Үүнээс 8 компани нь үндсэн үйлдвэрлэл буюу олборлох, баяжуулах, экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Охин компаниудын охин буюу манай хараат компаниуд болон төслийн нэгжүүд ороод энэ тоо гарч байгаа юм.
Анх “Эрдэнэс Монгол” ХХК-ийг 2007 онд стратегийн орд газруудад төрийн эзэмшлийг хариуцуулах зорилгоор үүсгэн байгуулсан. Стратегийн орд газар гэдэг нь 2006 онд Ашигт малтмалын тухай хуулиар бий болсон ойлголт. Байгуулагдсанаас хойш 20 орчим жил ажиллахдаа ололт амжилттай ч үе байсан, алдаа дутагдал ч мэдээж бий байх. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг анх “Эрдэнэс Монгол” эхлүүлж байсан бол өдгөө хамгийн том компани болон өргөжсөн байна. Өнгөрсөн онд ард иргэдэдээ стратегийн ордуудаас шууд үр ашиг хүртээх эрх зүйн орчинтой боллоо. Өөрөөр хэлбэл өнөөдөр олон хүн ярьж хэлэлцэж байгаа Баялгийн сангийн хуулийг боловсруулахад манай хүмүүс манлайлж ажиллан одоо хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
-Хараат компаниудаа ямар бодлогоор зангидаж байна вэ. Тухайлбал, томилгоон дээр улстөрчдийн шахаа ордог, одоо ч хэвээрээ тухай Та нээлттэй хэлдэг. Улс төрөөс хараат бус байлгах, ашигтай ажиллуулах тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Төрийн өмчит компанийн засаглал сул, улс төрийн томилгоо, үйл ажиллагааны өгөөж тааруу зэрэг асуудал байнга л яригдаж ирсэн. Гэхдээ үе үеийн Засгийн газар эдгээр асуудлыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч ирсэн байдаг. Сүүлийн жилүүдэд уул уурхайн баялгийн хулгай нийгэмд халуун сэдэв болж цаг үеийн асуудал болсон учир Засгийн газраас уул уурхайн төрийн өмчит компанийн засаглал, үйл ажиллагааг сайжруулах цогц реформыг манлайлж хэрэгжүүлж эхлээд явж байна.
Төрийн өмчит компаниудын удирдлагын дийлэнх томилгоо улс төрөөс хамааралтай явж ирсэн тал байгаа. Өнөөдөр ч бүрэн цэгцрээгүй, удирдах албан тушаалтны томилгоо улстөрөөс бүрэн ангид болж чадаагүй л байна. Гэхдээ Засгийн газраас томилгоог заавал сонгон шалгаруулалтын үндсэн дээр хийх журмыг батлаад хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу хэд хэдэн компаниудад сонгон шалгаруулалт зарласан. Өөрөөр хэлбэл заавал сонгон шалгаруулалтаар томилох дүрэм журамтай болсон гэсэн үг.
-Хаврын чуулганаар Төрийн өмчит компаниудын тухай хуулийг хэлэлцүүлэх чигтэй байна. Засгийн газар компаниудыг ашигтай, ашиггүй ажиллаж байгаагаар нь ч нэлээн идэвхтэй ярих болсон?
-Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит компанийн асуудал хэд хэдэн удаа яригдсан. Ашиггүй ажиллаж байгаа компаниудыг татан буулгах тухай асуудал хөндөгдсөн. Гурван жил дараалан ашиггүй ажиллаж байгаа компаниудыг татан буулгах асуудал ч яригдсан. Гэхдээ бас ялгаатай авч үзэх асуудлууд байгаа. Тухайлбал ард иргэд, олон нийтэд нийгмийн шинж чанартай үйлчилгээ үзүүлдэг, дэд бүтцийн компаниуд бий. Тэд ашиг олохоос илүү иргэдэд үйлчлэх зорилготой. Тэднийг “төрийн өмчит компани” гэж нэрлэхгүй байх концепц яригдсан.
Манайхаас санхүүжилт аваад ирээдүйд үр ашиг өгөхөөр алдагдалтай ажиллаж байгаа компани, төслийн нэгжүүд бий. Тухайлбал, “Мон Атом” ХХК найм гаруй тэрбумаар санхүүжиж алдагдалтай ажиллаж ирсэн. Гэхдээ Монгол Улсын эдийн засагт нөлөө үзүүлэх том төсөл хөдлөх бэлтгэл хангахад хувь нэмрээ оруулсаныг онцлох хэрэгтэй.
–Танай нэгдлийн хэчнээн компани татан буугдахаар яригдаж байгаа бэ?
-Одоогоор яг тэд эд гэж хэлэх боломжгүй, үр ашгийн тооцоо, ашиг алдагдал, аудитлагдсан тайлан зэргээс хамаарна. Засгийн газраас тодорхой чиглэл, шийдвэр, дүгнэлт гарах байх.
-“Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудынхаа ТУЗ-ийн 269 гишүүнийг 69 болгож цөөлсөн-

–Зарим хүн 2016 онтой харьцуулж яриад байх шиг байсан, тэгэхээр 2016 оноос хойшхи үйл ажиллагааны цар хүрээ, гарч буй үр дүнгүүд, санхүүгийн үзүүлэлт зэргийг авч үзэх нь зүйтэй болов уу. 2016 онд 80 гаруй ажилтантай байсан бол одоо 111 болсон байна. Энэ хооронд хийж хэрэгжүүлж буй ажлын цар хүрээ, үр нөлөөг харвал асар их ялгаатай. 2016 онд уул уурхайн компаниудыг нэгтгэсэн ийм нэгдэл байсангүй, бүрэлдэхүүн компаниудын тоо, цар хүрээ ч одоогийнхтэй харьцуулахад цомхон байсан. Одоо нэгдлийн чиг үүрэг, хамрах хүрээ өргөжиж улс орны нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулах түвшинд хүрсэн байна. Жишээ нь, өнгөрсөн жил нэгдлийн бүрэлдхүүний компаниуд улсын валютын нөөцийн 77 хувийг бүрдүүлж өгсөн байдаг. Эдгээр улс орны нийгэм эдийн засагт нөлөө бүхий компаниудыг нэгдсэн стратеги, бодлого, удирдлагаар хангаж ажиллана гэдэг чамгүй их ажил болдог юм.
Түүнээс гадна манай ажилтнууд Баялгийн сангийн хуулийн техникийн ажлын хэсэг, “Орано майнинг” компанитай гэрээ хийсэн ажлын хэсгүүдийг зохион байгуулж, оройлж ажилласнаас эхлээд уул уурхайтай холбоотой бодлогын том шийдвэрүүд гаргах ажилд үүрэг хүлээж манлайлж оролцдог.
2016 оноос хойш шинэ баг бүрэлдхүүн томилогдох хүртэлх хугацаанд Засгийн газрын хуралдаанаар маш цөөхөн асуудал оруулж байсан гэж олон жил ажилласан ажилтан хэлж байна лээ. Одоо долоо хоног бүрийн ээлжит Засгийн газрын хуралдаанаар байнга л нэг бус асуудал оруулж хэлэлцүүлдэг болсон. Зөвхөн энэ жишээ манай байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ хэрхэн нэмэгдсэний илэрхийлэл.
-Өөрийн нэгдлийн таван компаниас борлуулалтын орлогын хоёр хүртэл хувиар тооцон 170 гаруй тэрбум төгрөгийн менежментийн төлбөр авсан ч үр ашиггүй зарцуулсан гэх аудитын дүгнэлт байдаг. Намрын чуулганаар нэр бүхий УИХ-ын гишүүд чуулганаар хэлсэн. Менежментийн үйлчилгээний тань талаарх ойлголт хомс байдаг бололтой?
-Аудитын тийм дүгнэлт байхгүй. Буруу зөрүү ойлголттой байгаа нь тухайн гишүүн мэдээлэл дутуу байгаа асуудал болов уу. Бид энэ мэт үйл ажиллагаа, шинэчлэл, үр дүнгээ аль болох нээлттэй ярьдаг. УИХ-ын холбогдох байнгын хорооны гишүүдийг урьж газар дээр нь танилцуулахаар төлөвлөж байгаа. Мэдэхгүй зүйлийнхээ талаар хамаагүй мушгиж ярих нь зохимжгүй. Бүрэн танилцсаныхаа дараа шүүмжилж болно.
Менежментийн төлбөр гэдэг ойлголт 2016 оноос хэрэгжиж эхэлсэн юм байна лээ.Тухайн үед хоёр хувийн төлбөр авдаг байсан бол одоо нэг хувь болгон харин ч багасгасан байгаа. Зарцуулалтыг нь харьцуулж харах ёстой. Өмнөх шиг авсан мөнгөө үр дүнгүй, тансаглалд зарцуулсан асуудал байхгүй. Маш тодорхой стратеги, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө батлагдаж, зарцуулагдаж байгаа.
Мэдээж хэрэг, үйл ажиллагаа цомхон, үр ашигтай байх шаардлага үеийн үед тавигдаж ирсэн. Үүнийг бид маш зөв шаардлага гэж үздэг.
-Цомхон байх гэснээс компаниудын давхардсан ТУЗ-ийн гишүүний орон тоог хэчнээнээр танаж, хэдэн төгрөг хэмнэсэн бэ?
–269 гишүүнийг 69 болгож цөөлсөн. Зөвхөн цалингийн хар тооцоо буюу төсөв хэмнэсэн асуудал энд ярих нь өрөөсгөл юм. Харин гол зарчмын ач холбогдол юу байв гэдгийг авч үзэх нь зөв.
Хараат бус гишүүдийг 49 хувь болгосон. Тэдгээр төлөөллийг сонгон шалгаруулалтаар оруулснаар компанийн засаглал, ТУЗ-өөс гарах шийдвэрт сайн нөлөө үзүүлж байгаа. Толгой компанийн ТУЗ нь ТУЗ-гүй компаниудын ТУЗ-өөр давхар ажилладаг. Маш өндөр ачаалалттай ажиллаж байна. Зөвхөн цалин ярихаас илүү ажлын үр дүн, бодлого шийдвэрийн чанар, зарчим хэр өөрчлөгдөж байна вэ гэдэг асуудлыг давхар ярих учиртай юм.
Дээр дурдсан цогц реформын хүрээнд нийт 88 ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан. Ний нуугүй хэлэхэд үүнээс өмнө 100 хувь улс төрөөс хараат томилгоо хийгдсэн гэж ойлгогдохоор байсан. Бүгдийг нь чөлөөлөөд сонгон шалгаруулалт зарлахаар чинь тэр хүмүүс бидэнд яаж дуртай байх вэ дээ. Бүгд дургүйцэж, харлуулж, жадлан эсэргүүцэж таарна. Намайг хэвлэл мэдээллээр олон ч гүтгэж дайрсан. Илт хувь хүнийг гүтгэн доромжилсон заримыг нь хууль шүүхийн байгууллагад өгсөн, ихэнхийг нь “буянаараа болог” гээд орхих юм.
-“Эрдэнэс Монгол” ХХК тогтолцоог нь өөрчилье, урт хугацааны стратегитай болье гэж зорьж байгаа гэж ойлголоо?
-Бид төгс төгөлдөр ажилласан гэж хэлээгүй. Гэхдээ асуудлыг бодитойгоор харвал өмнө нь огт байгаагүй зүйлүүдийг бий болгосон. Тогтолцооны хувьд энэ нэгдэл монгол төрийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, бидний үүрэг юу байх вэ, бидний хүрэх газар хаана вэ зэрэг маш олон зүйлийг тодорхой болгож чадсан. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд цаастай нилээд зууралдлаа, харин энэ жилийг бүтээн байгуулалтын жил гэж зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл боловсруулсан бодлого, механизмаа ажил хэрэг болгох үе шат руугаа орж байна гэсэн үг.
Монгол Улс өнөөдөр яагаад ийм түүхий эдийн үнээс, тодорхой зах зээлээс хамаарсан хэврэг эдийн засагтай болсон нь эрдэс баялгаа боловсруулж, үнэ цэнд хүргэж чаддаггүй, тээвэр логистикийн дутагдалтай, хилийн боомтын асуудалтай холбоотой. Дунд, урт хугацаанд эдгээр бэрхшээлээс хэрхэн гарах вэ гэдэг тодорхой стратеги боловсруулан ажиллаж байна.
-Үүсмэл орд эзэмшигч гурван хуулийн этгээдийн хоёр нь албан ёсоор, нэг нь албан бусаар “34 хувиа өгье” гэсэн-

–Стратегийн ач холбогдол бүхий ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч, баялаг ашиглагчидтай 34, 51 хувийн хэлцэлд ямар оролцоотой ажиллах вэ. “Чингис Хаан” Үндэсний баялгийн санг орлоготой байлгах, мөнгөжүүлэх ажлыг хариуцаж байгаа?
-Баялгийн санг “Чингис хаан” гэж нэрлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Үндэсний баялгийн сангийн орлогыг бүрдүүлэх, мөнгөтэй байлгах нь стратегийн ордуудын үйл ажиллагааны үр дүнгээс хамааралтай. Төрийн эзэмшлийн ногдол ашиг ард иргэдийн Хуримтлалын санд хуваарилагдаж байгаа. “Эрдэнэс Монгол” ХХК иргэдийн Хуримтлалын санд орлого төвлөрүүлэх үүрэгтэй юм. Стратегийн ордод тооцогддог 16 орд бий. Үүний зургаа нь л “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувь эзэмшилтэй, харьяанд үйл ажиллагаа явуулж байна. Бусад орд дээр төрийн хувь эзэмшил тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын БЭТ томилогдсон. Гэхдээ энэ хэлэлцээр нь хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хураагаад юм уу, дээрэмдээд авах тухай ойлголт огт биш. Тодорхой зарчмын дагуу хэлэлцээ хийж эхэлсэн.
–Стратегийн болон үүсмэл ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсэгт Та багтсан. БЭТ Ж.Батзандан хэд хэдэн компани өөрсдөө “34 хувиа өгье” гэдгээ илэрхийлсэн гэж мэдэгдсэн удаатай. Эдгээр нь ямар компаниуд юм бэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолго буюу үүсмэл орд эзэмшигч гурван хуулийн этгээдийн хоёр нь албан ёсоор, нэг нь албан бусаар “34 хувиа өгье” гэсэн хариу өгсөн тухай мэдээлэл бий.
-“Эрдэнэс Монгол” нэгдэл үүрэг оролцоо өндөр, ачаалал ихтэй ажиллаж байгаа гэж ойлгогдлоо. Нөгөө талд уул уурхай дагасан эрх ашгуудын нэгдлийг задлах том асуудал хөндөгдөж байна шүү дээ?
-Яаж баялгийн сангийн хуультай болох вэ, ард иргэддээ уул уурхайгаас олох үр ашгийг хэрхэн зөв хуваарилах вэ гэж 20 гаруй жил ярьж ирсэн байна.
Баялгийн сангийн хууль 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан. Хууль 2024 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. 12 дугаар сар гэхэд л хуримтлалын санд 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлж чадсан. Энэ бол чамлахааргүй том амжилт. Түүнээс хойш баялгийн сан гэж хүн бүр ярьж эхэлж байна. Энэ бүхний ард сайн муу хэлүүлээд байгаа “Эрдэнэс Монгол” болон орлого төвлөрүүлж буй нэгдлийн бүрэлдхүүн компаниудын залуучууд, ажилтнууд, гүйцэтгэх удирдлага байнга ачаалалтай ажилласаны үр дүн юм. Ерөнхий сайдын манлайлал ч өндөр байлаа.
Ер нь уул уурхайг дагасан янз янзын эрх ашиг бүрдээд, бэхэжчихсэн байдаг юм байна. Бидний хийж хэрэгжүүлж буй өөрчлөлт шинэчлэл тэдний эрх ашгийг хөндөж байгаа зүйлүүд ч их бий. Тиймээс л янз бүрийн дайралт, шүүмжлэлүүд ихээр ирж байсан. Ардчилсан нийгэмд эрүүл шүүмжлэл байлгүй яахав. Шүүмжлэлээс айж зугтах шаардлагагүй гэж үзээд, урагшаа хараад бүх хүчээрээ л ажиллаж байна. Ажил хийж байгаа юм чинь алдаа гаргаж ч байгаа байх.
-Тэтгэврийн зээл тэглэсэн өрийг “Эрдэнэс Монгол” ХХК төлөхгүй, алтны лицензээ эдийн засгийн эргэлтэд оруулж төлнө-

-“Эрдэнэс алт Ресурс” ХХК тэтгэврийн зээл тэглэсэн 850 тэрбум төгрөгөө төлж чадалгүй ЗГ-аар баталгаа гаргуулах санал гаргасан ч дэмжигдээгүй. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-иар төлүүлнэ гэх мэдээлэл дуулдсан. Энэ мөнгийг танайх ямар эх үүсвэрээс гаргах вэ, танайд ийм боломж бий юу?
-Хуучин нэршил нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК Хөгжлийн банкны баталгаагаар бонд босгож ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байлаа. Харамсалтай нь цалингаа ч тавьж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Хөгжлийн банк болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас Засгийн газрын хуралдаанаар санал оруулсан байсан. Ямар нь дэмжигдэж, ямар нь дэмжигдээгүйг би оролцоогүй болохоор мэдэхгүй байна.
Ямартаа ч “Эрдэнэс Монгол” ХХК төлнө гэсэн үг үсэг тухайн үед гарсан хуулинд байхгүй. Тийм боломж ч тэр үед байгаагүй. Сүүлд мега төслүүдэд оролцоод хөдөлгөөд эхлэхээр “Эднийх мөнгөтэй боломжтой болчихсон, гаргуулна” гэдэг зүйл явуулж байж магадгүй. Манайх төлөх эрхзүйн зохицуулалт ч байхгүй.
Нөгөө талаар тухайн үед “Мөнгөний нөөцөөрөө төлнө” гэдэг ташаа мэдээлэл зарим дээд удирдлагуудад очсон юм шиг байна лээ. “Төлчихнө, асуудалгүй” гэж ярьж байгаад л нэг удаагийн хууль гаргуулчихсан. Гэтэл бодит байдал дээрээ нөөц нь дуусаж байгаа тул төлж чадахгүй нөхцөл үүссэн.
-Ингэхэд “Салхитын мөнгөний орд”-д нөөц байгаа юм уу, дуусчихсан юм уу. Янз бүрээр л тайлбарлах юм?-Тогтоогдсон нөөц дуусаж байгаа. Сангийн яам тухайн үед энэ тэтгэврийн зээлийн тэглэлт дээр хожим хүндэрч болох хэд хэдэн аргументийг гаргаж тавьж байсан. Хөгжлийн банк нь ч, Монголбанк нь “Асуудалгүй болно, төлнө” гэж шийдвэр гаргуулчхаад өнөөдөр бүгд хойшоо сууж байна.
-Эцэст нь нэрийг өөрчилсөн. Цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн нөхцөл байдал сайжирч байна уу?
-Алтны төслүүд хэрэгжүүлэх зорилготойгоор “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг “Эрдэнэс алт Ресурс” ХХК-тай нэгтгэсэн. Тус компанид хоёр, гурван алтны лиценз бий. Тэдгээрийн нарийвчилсан хайгуул, судалгаанууд хийгдэж байгаа. Тэтгэврийн зээл тэглэсэн өр төлбөрийг үүнээс төлөх төлөвлөгөөтэй байна.
Тэгэхээр төлбөр төлөх хугацааг нь жаахан сунгаж өгөх шаардлага бий. Өнөө маргаашийн дотор “Эрдэнэс Монгол” ХХК-иар төлүүлнэ гэж ярих нь утгагүй.
-Хуучин нэршлээрээ “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн үе үеийн удирдлагууд яг үнэнийг хэлэхэд улстөрчдийн шахаагаар, үл бүтэх түүхтэй хүмүүс томилогдож ирсэн байдаг. Танайх одоо энэ компанийнхаа удирдлагын менежментийг сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Ямар хүмүүс томилогдож байсан нь Та бүхний дүгнэлт болохоос минийх биш. Тодорхой нөлөөлөл орж байсан нь үнэн байх.
Таны асуултад хариулахын тулд жаахан холоос, өөрөөр хэлбэл нэгдсэн тогтолцоо, нэгдсэн стратегиа тайлбарлавал илүү цэгцтэй хариулт болох байх. Тухайлсан нэг компанийн асуудал бол нэгдсэн тогтолцооны нэг бүрэлдхүүн хэсэг.
“Эрдэнэс Монгол” нэгдэл дунд хугацааны стратегитай болсон. Стратеги гурван үндсэн баганаас л тогтож байгаа юм. Эхнийх нь, өнөөдрийн бий болгосон үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтээ тогтвортой өсгөж хадгалах. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засагт үзүүлэх эерэг суурь нөлөө, ялангуяа улсын валютын нөөцийг бүрдүүлэх чухал үүргээ хадгалах.
Хоёр дахь багана нь, нэгдлийн бизнесийн өсөлт юм. Бид түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингээх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх гэхчлэн олон жил ярьж ирлээ. “Эрдэнэс Монгол” нэгдэл бизнесийн өсөлтөө түүхий эдээ боловсруулж аж үйлдвэрийн үндсэн түүхий эд үйлдвэрлэх суурь үйлдвэрүүдийг барьж байгуулах юм. Энэ зорилтоо Үйлдвэр технологийн паркийн загвараар хэрэгжүүлж, хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд дараа шатны боловсруулалт хийх, эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэх боломжийг нь бий болгох зорилготой. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниуд аж үйлдвэрийн суурийг тавих гол ачааг үүрэх стратеги юм.
Гуравдах багана нь олон улсад тогтвортой ногоон уул уурхайн зарчмыг нэгдэлд харьяалагддаг хуулийн этгээдүүддээ нутагшуулна. Энэ гурвыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, стратеги гаргасан. Мөн нэгдэл даяар хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүд боловсруулагдан хэрэгжүүлж байна. Бодлогын баримт бичгийн дагуу компаниуд үйл ажиллагаагаа явуулна. Өөрөөр хэлбэл бид “Эрдэнэс Монгол” гэдэг үйл ажиллагааны тогтолцоог бий болгоно. Компаниудаа тогтолцоогоор л удирдаж чиглүүлэхээс биш манай 111 ажилтан гарч давхиад л “Эрдэнэс алт ресурс” ХХК дээр ч юм уу очоод, нэг хоёр сараар ажиллаад нэг их сүрхий ажил сайжруулаад байх боломжгүй.
-Гадны хүний нөөцийн компанид мөнгийг нь өгөөгүй хар жагсаалтад орсон асуудал гарсан-
-ЭТТ ХК-нд гадны менежментийн баг оруулах сонгон шалгаруулалт хэзээ явагдах вэ?
-ЗГХЭГ-ын дарга Н.Учралын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад ажил нь ид явагдаж байна. Манайхаас ажлын хэсэг гараад хүний нөөцийн компаниудтай ажиллаж байгаа. Хүний нөөцийн компаниудтай уулзалтуудаа хийж байгаа гэдэг мэдээлэл ирсэн. Зарим нь манайхтай хамтрахгүй гэдэг хариулт ирүүлсэн байна лээ. Өмнө “Эрдэнэс таван толгой” ХК нь IPO гаргана гээд нэлээн их мөнгө төгрөг зарцуулсан байдаг. Гадаадын менежментийн баг оруулна гэдэг асуудал өмнө нь хоёр, гурван ч удаа яригдаж байсан юм байна лээ.
Гадаадад хүн ажилд авахдаа хүний нөөцийн компаниудаар дамжих байдлаар явагддаг. Энэ нь ямар нэг улс төрийн хамаарал, танил талын асуудал орохгүй, зөвхөн тухайн ажлын шалгуураа л тавих сайн талтай. Энэ жишгээр манайхан ажилтан авах гэж ажил хийлгэж байгаад мөнгө төгрөгөө өгөлгүй, хар жагсаалтад орсон асуудал гарсан удаатай юм байна. Иймэрхүү өмнөх сөрөг түүх нь энэ ажилд нэлээд хүндрэл учруулах шинжтэй байна.
-Газрын ховор элементийн амбицаа урагшлуулахын тулд “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг өөрчилсөн. Газрын ховор элемент дээр ойрын хугацаанд ямар ажлууд хийгдэх вэ?
-Нэр өөрчилсөн, “Монголросцветмет” ТӨҮГ гэх нэрийг гадаадын түншүүд ОХУ-тай хамтарсан компани гэж ойлгоод байдаг талтай юм байна. Бид газрын ховор элемент дээр Герман, АНУ, БНСУ зэрэг улстай хамтрах сонирхолтой байгаа. Өнөөдөр БНХАУ газрын ховор элементийн 80 гаруй хувийг боловсруулдаг. Гол нөөц баялаг нь Өвөр Монголын нутагт байдаг. Манай улсад энэ чиглэлд нөөц бололцоо бий. Газрын ховор элементээр бас тоглогч болох бүрэн бололцоотой гэж үздэг.
“Монголросцветмет” ТӨҮГ өмнө нь жоншны, алтны төмрийн хүдрийн бизнесүүдээ үр ашиггүй явуулж байсан тааруу түүх бий. Тухайн үеийн удирдлагуудынх нь алдаатай бодлого ч нөлөөлж байсан тал бий. Иймд бид жоншны бизнесийг эргэн сэргээнэ. Монгол Улс, “Эрдэнэс Монгол” нэгдэл энэ бизнесээс гарч болохгүй. Жонш бол стратегийн чухал ач холбогдолтой элемент.
“Монголросцветмет” ТӨҮГ бол ялангуяа гүний уурхайн асар туршлагатай, боловсон хүчинтэй, сайн бааз суурьтай. Энэ боломжоо зөв ашиглаад шинэ салбар руу оруулах нь ирээдүйтэй гэж үзэж байгаа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Eguur.mn