Б.Анар: ОХУ манай улсаас авах мах, махан бүтээгдэхүүний татварыг тэглэнэ

#1c345d - 1
Өнгөрсөн долоо хоногт Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ОХУ-д айлчлаад ирсэн. Ингэхдээ манай улсын нэгдэх гэж буй Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрийн асуудлаар холбогдох албан тушаалтантай уулзаж, эцсийн байр суурийг тохирсон билээ. Энэ асуудлаар Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Анараас тодрууллаа.
Тэрээр “Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн жишээлбэл, ОХУ-д 15-50 хувийн татвартай. Өөрөөр хэлбэл, манайхаас ОХУ руу мах экспорт хийлээ гэхэд 15-50 хувийн татвар авдаг байсан. Хэлэлцээр байгуулагдсанаар 366 бүтээгдэхүүн экспортын татвараас чөлөөлөгдөнө. Үхрийн мах 50 хувийн, хонь ямааны мах 15-20 хувь, ноос ноолуур 18-20 хувийн татвартай байсан. Эдгээр нь бүгд чөлөөлөгдөнө. Тиймээс мал аж ахуйн хорио цээрийн дэглэмээ сахиж чадвал, Евразийн таван улсын зах зээлд гарна. Татвар хөнгөлснөөр манай үйлдвэрлэгчдээс гарах шууд зардал 15-50 хувь буурна” гэлээ.
Уг хэлэлцээр эцэслэн батлагдаагүй бөгөөд уг саналыг Засгийн газарт танилцуулсны дараагаар УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөнө. Ингээд гарын үсэг зурах эрх олгогдсоны дараа хэлэлцээр зурагдаж, УИХ-аар соёрхон батлуулсны дараа хэрэгжиж эхлэх юм.