“ОЮУ ТОЛГОЙ”-ГООС “ТӨРСӨН” ТЭРБУМТНУУД

0

“Оюу толгой” төслийн тухай бүтэн 13 жил хэрэлдэж, хэмлэлдсэн учраас тус төслийг танилцуулах, олон үгээр оршил хийх илүүц биз. Харин “Оюу толгой” ХХК-д, толгой компани болох “Рио Тинто”-д монголчуудыг чухам ямар хүмүүс төлөөлж, ямба эдэлж суудгийг тэр бүр сайн мэдэхгүй байх. Иймд, Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд болон “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан захирлуудын үнэн төрхийг илчилж байна.


  РОБЕРТ ФРИДЛАНДЫГ Н.БАГАБАНДИТАЙ ТАНИЛЦУУЛСАН “ГАВЬЯА”-ГААРАА “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГЫН СЭНТИЙД 13 ЖИЛ ТУХАЛЖ БУЙ ГАЛСАНГИЙН БАТСҮХ

     Г.Батсүх Ховд аймгийн Үенч суманд төрж өссөн. Түүнээс хойших хувь, хувьсгалын намтар нь Ерөнхийлөгч асан Н.Багабандитай холбоотой явж ирсэн. Тодруулбал, Г.Батсүх 1975-1980 онд Н.Багабандитай хуучнаар ЗХУ-ын Украины Одесса хотын дээд сургуульд хамт суралцаж төгссөнөөр тэдний нөхөрлөл эхэлсэн. Хожим нь, Н.Багабанди Ерөнхийлөгч болсныхоо дараа Г.Батсүхийг 2001-2005 онд Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 2005-2009 онд БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар томилуулсан. Улмаар Г.Батсүх 2009 онд Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар нэг жил ажиллаад, 2010 онд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон түүхтэй. 

    Түүх сөхвөл, Г.Батсүх 2001 онд дотнын найз, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийн татаасаар Канад улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон нь хожим бүх насаараа “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллах хувь тавилангийнх нь эхлэлийг тавьжээ. Тодруулбал, Г.Батсүхийг 2001 онд Канадад Элчин сайдаар очих яг тэр үед Канадын “Айвенхоу майнз” компани буюу одоогийн “Туркойк хилл ресурс” компани Монголд “Оюу толгой” ордын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинэ эзэмшигч болчихсон, хайгуул, судалгааны ажлаа дөнгөж эхлүүлээд байв. Энэ сэжмээр Монголоос томилогдож очсон Элчин сайд Г.Батсүх, Монголд хөрөнгө оруулж эхлээд байсан “Айвенхоу майнз” компанийн захирал Роберт Фридланд ойр ойрхон уулзах болж, нөхөрлөж дотносжээ. Улмаар Г.Батсүх 2002 онд Канадаас Роберт Фридландыг Монголд авчирч, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандитай уулзуулж, танилцуулжээ. Н.Багабанди 2002 оны тавдугаар сарын 24-нд Роберт Фридландтай хамт “Оюу толгой” ордын хайгуулын талбайд биечлэн очиж байсан түүхэн зураг одоогийн “Оюу толгой” ХХК-ийн архивт хадгалагдаж үлдсэн нь бий. Товчхондоо, Г.Батсүхийн Роберт Фридландыг Н.Багабандитай танилцуулсан тэр  ганц “гавьяа”-гаараа өнгөрсөн 13 жил “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргын сэнтийд тухалж буй нэгэн. 

Тайлбар: 2002 он, тухайн үеийн “Айвенхоу майнз”-ийн захирал Роберт Фридланд, Ерөнхийлөгч Н.Багабанди нар

     Одоо “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нь Монголын толгой баячуудын тоонд орж байгаа бөгөөд хувийн бизнес болон үл хөдлөх хөрөнгүүд, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан холбогддог зарим орд газруудын зах зухаас танилцуулъя. Г.Батсүхийн хувийн бизнесийн тухайд, эртний найзууд болох Хүрлээгийн Анхбаяр, Шагдарсүрэнгийн Нэргүй, Бэгзсүрэнгийн Дэлгэрсүрэн нартай хамтран “Жуулчин уорлд турс” ХХК, “Нью жуулчин турс” ХХК, “Эдельвайс хотел” ХХК-уудыг эзэмшдэг. Цаашилбал, тэд “Нью жуулчин турс” ХХК, “Эдельвайс хотел” ХХК-уудаараа дамжуулан “Наран трэвел” ХХК, “Монгол райзен” ХХК, “Цайны зам фючир” ХХК, “Аялал жуулчлалын ур чадварын төв” ХХК, “Нью жуулчин кантри лодж” ХХК, “Чуангс-Эдэлвайз” ХХК, “Грийн лэнд пропертийс” ХХК-уудыг эзэмшдэг. 

Харин “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхийн үл хөдлөх хөрөнгүүдийн тухайд, түүний компаниудын нэр дээр Хотын “А” зэрэглэлийн бүс буюу СБД-ийн 1-р хороонд нэг орон сууцны хотхон, нэг оффисын барилга болон дөрвөн жуулчны бааз бүртгэлтэй байна. 

Тодруулбал, 

– Г.Батсүхийн “Нью жуулчин турс” ХХК нь СБД-ийн 1-р хороо, Чойжин ламын сүм музейн баруун талд “Мarco polo plaza” гэх дөрвөн давхар оффис, үйлчилгээний барилгатай. 

– Г.Батсүхийн “Эдельвайс хотел” ХХК нь СБД-ийн 1-р хороо, Элчингийн гудамжинд “Edelweiss” нэртэй тансаг зэрэглэлийн зочид буудал эзэмшдэг. “Edelweiss” зочид буудал нь гадаадын бизнес ангиллын жуулчдад голчлон үйлчилдэг бөгөөд тансаг зэрэглэлийн 20 өрөөтэй. 

– Г.Батсүх өөрийн “Эдельвайс хотел” ХХК-ийнхаа “Edelweiss” зочид буудлын газраас тасалж, “Чуангс-Эдэлвайз” ХХК-аараа “Sav residence Ulaanbaatar” гэх 19 давхар, 142 айлын Олон улсын зэрэглэлийн орон сууцны хотхон, үйлчилгээний төв бүхий барилга бариулсан. Сонирхуулахад, “Sav residence Ulaanbaatar” орон сууц нь Олон улсын зэрэглэлийнх учраас зөвхөн Монголд уул уурхайн бизнес эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулагчдад худалдсан гэдэг. 

Г.Батсүхийн “Нью жуулчин турс” ХХК нь гадаад жуулчдад зориулсан дөрвөн амралтын баазтай. 

Тодруулбал, 

– Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт “Говийн наран” жуулчны бааз

– Тэрэлжид “Гүрү эко комплекс” жуулчны бааз

– Булган аймгийн Рашаант сумын нутагт “Хоёр загал” жуулчны бааз

– Тэрэлжид “Алунгоо” жуулчны баазыг тус тус ажиллуулдаг. 

     “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нь уул уурхайн асар олон лицензтэй холбогдоно. Тодруулбал, Г.Батсүхтэй дээрх компани, үл хөдлөх хөрөнгүүдийг хамтран эзэмшдэг, “алтан” хамтрагч Хүрлээгийн Анхбаяр нь Монголд хамгийн олон лицензтэй буюу алт, нүүрс, жонш гэх ашигт малтмалын ашиглалтын 45 тусгай зөвшөөрөл эзэмшдэг нь 2013 онд ил болж, дуулиан дэгдээж байлаа. Хамгийн ноцтой нь, Х.Анхбаяр нь Карибын арлын оффшор бүсэд бүртгэлтэй данснаасаа 12 тэрбум төгрөг хууль бусаар оруулж ирж, дээрх 45 тусгай зөвшөөрөл буюу лиценз худалдан авсан болох нь тогтоогдож, мөнгө угаасан хэргээр 2013 онд АТГ-ынханд баривчлагдаж, хоригдсон. Мөн Х.Анхбаяр нь уул уурхайн лицензүүдээ ашиглахын тулд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва нартай хамтарч, тэднийг сая ам.доллароор санхүүжүүлж байсан гэх баримт ч гарч ирсэн байдаг. Улмаар 2014 онд анхан шатны шүүхээс Х.Анхбаярт 3.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс тэнсэх ялаар солиод суллаж байлаа. Өнгөрсөн сард Засгийн газраас “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгосон мэдээллээр Х.Анхбаярын зөвхөн “Ричфлюорит” ХХК л гэхэд Дорноговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудад ашигт малтмалын есөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг нь ил болсон. 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ Б.ЧИМИДИЙН ХҮРГЭН, “РИО ТИНТО”-ГИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БААТАРЫН БОЛД

    Онцолж эхэнд нь танилцуулахад, Б.Болд нь Ардчилсан үндсэн хуулийн эхийг баригч, Гавьяат хуульч Б.Чимидийн хүргэн буюу охин Ч.Сайнзаяагийнх нь нөхөр. “Б.Чимидийн хүргэн” гэх тодорхойлолт нь түүнийг “Оюу толгой”, “Рио тинто” руу орох хаалгыг нээж өгсөн ч гэдэг. Намтрыг нь танилцуулбал, Б.Болд 1994 онд ШУТИС-ийн харьяа КТМС-ийг Үйлдвэрлэлийн менежер мэргэжлээр төгссөн. 1996 онд АНУ-д очиж, 2009 он хүртэл амьдарсан. Тэнд байх хугацаандаа “JP Morgan” компанийн Хөрөнгө оруулалтын банканд банкираар ажиллаж байсан. 2009 онд эхнэр Ч.Сайнзаяагийн хамт Монголд ирж, “Ньюком групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болсон. Мөн тухайн үед Гадаад харилцааны сайдаар томилогдоод байсан Г.Занданшатарын Гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. “Ньюком групп” ХХК-ийг удирдаж, Г.Занданшатарт зөвлөхийн хажуугаар 2010-2012 онд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байв. Улмаар 2013 онд “Рио Тинто”-гийн Олон улсын зэсийн үйл ажиллагаа хариуцсан захирал болж, хожим нь 2021 оны хоёрдугаар сард “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. 

    Хувийн бизнесийн тухайд, Б.Болд 2011 оны есдүгээр сард Тордайн Ганболдтой хамтран “Алтан дорнод Монгол” ХХК-ийг лиценз болон охин компаниудтай нь хамт ОХУ-ын иргэн Сергей Паушок гэгчээс 18 сая ам.доллароор худалдаж авсан. Гэхдээ Б.Болд, Т.Ганболд нар гэрээний 18 сая ам.доллароо төлөөгүй, залилсан гэж ОХУ-ын иргэн С.Паушок удаа дараа мэдэгдэл хийсээр өдий хүрч байгаа. Өдгөө Б.Болд “Алтан дорнод Монгол” ХХК-ийн уул уурхайн хариуцдаг “АДМ ресорсез” ХХК-ийг “Алтан дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Тордайн Ганболд, түүний төрсөн ах Тордайн Ариунболд, “Алтан дорнод монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал Нямсүрэнгийн Цогтгэрэл, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Мягмарсамбуугийн Идэр нартай хамтран эзэмшдэг. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн мэдэлд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 15 тусгай зөвшөөрөл, “Корпрейт” сүлжээ зочид буудал, Зайсангийн аманд байрлах “Шамбала” хотхон гээд асар их хөрөнгө бий. 

     Харин Б.Болдын эхнэр Ч.Сайнзаяа нь төрсөн ах Ч.Батцогт, төрсөн эгч Ч.Сайнсанаагийн нөхөр буюу хүргэн ах М.Энхтайван нарын хамт “Чимид” сан, “Агротех-Импекс” ХХК-ийг эзэмшдэг. Мөн Ч.Сайнзаяа “Чимид энд эссошиэйтс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг. Түүнчлэн, түүний төрсөн ах Ч.Батцогт нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт нэр дэвшсэн бөгөөд тухайн үед 3.4 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууцтай, “Соёмбо инвестмент корпораци” ХХК, “Соёмбо өргөө” ХХК, “Таф инвест трейд” ХХК, “Болор мэнд” ХХК, “Агротек импекс” ХХК, “Эко тек мон евро лимитед” ХХК, “Мон инвест менежмент лимитед” ХХК-уудыг эзэмшдэг хэмээн мэдүүлж байсан. Харин Б.Болдын баз буюу Ч.Сайнзаяагийн хүргэн ах М.Энхтайван нь “Базовый менежмент” ХХК, “Жангар пикчерс” ХХК, “Коллежаэт” ХХК, “Монголиан дэири уорлд” ХХК болон “Русская гимназия сургууль”-ийг тус тус эзэмшдэг.

Сонирхуулахад, “Рио Тинто”-гоос сар тутам хэдэн сая ам.доллароор цалинждаг Б.Болдын эхнэр Ч.Сайнзаяа нь 1998 онд АНУ-ын Йелийн их сургуульд Хууль, эрх зүйн чиглэлээр суралцахаар Боловсролын зээлийн сангаас авсан 39.880 ам.долларын зээлээ одоог хүртэл төлөөгүй яваа юм билээ. 

Б.БОЛДТОЙ АНДУУРМААР АДИЛХАН НАМТАРТАЙ “ДАГУУЛ” БУЮУ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН, “РИО ТИНТО”-ГИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ӨСӨЛТ, ХӨГЖИЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ, “РИО ТИНТО МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА СҮХБААТАРЫН МӨНХСҮХ

      Шууд хэлэхэд, С.Мөнхсүх нь “Рио тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болдын татаасны хүн буюу сайн найз нь. Гайхмаар нь, С.Мөнхсүх, Б.Болд нар “усны дусал” мэт адилхан намтартай. Тодруулбал, С.Мөнхсүх Б.Болдтой адил 1996-2009 он хүртэл АНУ-д амьдарсан. Энэ хугацаандаа тус улсын “Citco” гэх компанид ахлах менежер, ерөнхий менежерээр ажиллаж байсан. Улмаар 2009 онд С.Мөнхсүх, Б.Болд нар хамтдаа Монголд ирсэн. 2009 оны арваннэгдүгээр сард Б.Болд “Ньюком групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар, харин С.Мөнхсүх “Ньюком групп” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Дараа жил нь буюу 2010 онд С.Мөнхсүх тухайн үед “Ньюком групп” ХХК-ийн эзэмшилд байсан  “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэд ийнхүү “Ньюком групп” ХХК-д хамтдаа дөрвөн жил ажиллаад, 2013 онд мөн л хамтдаа ажлаа өгч, С.Мөнхсүх нь “Оюу толгой” ХХК-д, Б.Болд нь толгой компани болох “Рио Тинто”-д ажиллаж эхэлсэн. Хоёр жилийн дараа буюу 2015 онд Б.Болд С.Мөнхсүхийг “Рио Тинто” руу татаж Стратеги боловсруулалтын төслийн ерөнхий менежер болгосон. Хожим нь, 2021 оны хоёрдугаар сард Б.Болд “Рио тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, сарын дараа С.Мөнхсүхийг өөрийн шууд удирдлага доор буюу “Рио тинто”-гийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал, “Рио тинто Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсон. Товчхондоо, “Рио тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, “Рио тинто”-гийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх хоёрын намтарт ямар ч ялгаа байхгүй. Гайхмаар биш гэж үү. 

    Цаашилбал, “Оюу толгой” ХХК болон “Рио Тинто”-д Б.Болд, С.Мөнхсүх нартай ижил намтартай бас нэг албан тушаалтан байдаг нь “Оюу толгой” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Бэгзжавын Дуламсүрэн. Тодруулбал, Б.Болд, С.Мөнхсүх нарыг АНУ-д ажиллаж амьдарч байх үед Б.Дуламсүрэн ч мөн тэнд сурч, ажиллаж байсан. Хожим нь, Б.Болд, С.Мөнхсүх нарыг “Ньюком групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, захирал байх үед Б.Дуламсүрэн ч мөн “Ньюком групп” ХХК-ийн харилцаа, холбоо хариуцсан захирал, “Ньюком групп” ХХК-ийн охин компани болох “Мобиком корпораци” ХХК-ийн санхүү хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Ингээд мөн л Б.Болд, С.Мөнхсүх нартай хамд “Оюу толгой” төсөлд ажиллах болж, “Оюу толгой” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал болж чаджээ. “Ньюком групп” ХХК-ийн захирлууд яагаад нэгэн зэрэг “Оюу толгой” ХХК, “Рио тинто” компани руу цувж, яаж бүгд удирдах албан тушаалтан болж чадацгаасныг, цаана нь ямар зорилго нуугдаж байсныг бид дараа тусгайлан дэлгэх болно. 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН, “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАМСРАЙН ЦЭРЭНБАТ

      УИХ-ын гишүүний цүнх барьдаг, цувыг нь нөмрүүлдэг туслах байсан Н.Цэрэнбат 2016 онд төрөлх Увс аймгаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа жил нь БОАЖ-ын сайдаар томилогдсон. Сайд байх хугацаандаа хувийн компаниуддаа газар олгосон гэж үе үе хэл ам таталж, салбараа “самарсан” нэртэйгээр сайдаас буусан. Тиймдээ ч 2020 оны УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Н.Цэрэнбатын улираахгүйгээр унагаасан. Гишүүн ч үгүй, сайд ч үгүй хоцорсон Н.Цэрэнбат 2021 онд тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы зөвлөхөөр түр ажиллаж байгаад 2021 оны аравдугаар сард “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрөгч 2022 оны есдүгээр сард “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон. 

    Н.Цэрэнбатын хувь, хувьсгалын намтар нь тун товчхон боловч өдгөө толгой баячуудын тоонд багтаж яваа. Тодруулбал, Н.Цэрэнбат “Жи Эс катеринг” ХХК, “Германстандарт констракшн” ХХК, “Герман стандарт” ХХК, “Герман стандарт цонх хаалга” ХХК, “Хархираан хөгжил инвест” ХХК, “Хан империал” ХХК, “Юнайтедфүүдс корпораци” ХХК, “Хеликс монголиа” ХХК, “Радуга фейшн” ХХК, “Газар ундарга” ХХК, “Эм Эйч Девелопмент” ХХК гэх 10 гаруй компани эзэмшдэг. 

Цаашилбал, Н.Цэрэнбатын хамаарал бүхий этгээдүүдээ дамжуулан эзэмшдэг хэд хэдэн хотхон, хороолол бий. Зах зухаас нь танилцуулъя. 

Зайсангийн аманд 3.8 га газарт баригдсан “Гэрэгэ вилла” хотхон Н.Цэрэнбатынх. Тодруулбал, “Гэрэгэ вилла” хотхоны газрыг эзэмшдэг, гүйцэтгэгчээр ажилласан “Эх газрын эрдэнэс” ХХК-ийг Нямжавын Лхамсүрэн гэгч эзэмшдэг. Харин Н.Лхамсүрэн нь Н.Цэрэнбатын “Герман стандарт” ХХК-ийн охин компани “Герман стандарт гипс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, Н.Цэрэнбатыг улс төр, оюу толгой гэж явах зуур хувийн бизнесийг нь хариуцаж байгаа “цэрэг” нь гэсэн үг. “Гэрэгэ вилла” хотхон нь 96 айлын зургаан давхар зургаан блок орон сууц, 28 айлын таус хаус, 14 айлын амины хаустай, дотроо үйлчилгээтэй төвтэй, тансаг зэрэглэлийн хотхон.

Жаргалантын аманд 2.0 га газар дээр баригдсан “Edelweiss jargalant villa” хотхон Н.Цэрэнбатынх. Тодруулбал, “Edelweiss jargalant villa” хотхоны газрыг эзэмшигч, гүйцэтгэгчээр ажилласан “Пассив хаусинг девелопмент” ХХК-ийг О.Отгонбаатар гэгч үүсгэн байгуулсан. О.Отгонбаатар нь Н.Цэрэнбаттай “Герман стандарт” ХХК-ийг хамтран эзэмшдэг МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшингийн төрсөн дүү. Мөн О.Отгонбаатар, Н.Цэрэнбаттай “Трансиконсулт” ХХК-ийг, Н.Цэрэнбатын дүү Н.Отгонжаргалтай “Тоэк скод” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Товчхондоо, Н.Цэрэнбат БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үедээ бизнесийн хамтрагч, найзынхаа дүү О.Отгонбаатарын нэр дээр 2.0 га газар авч, тус хотхоныг барьсан нь тогтоогдож байгаа. 

ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖИЙН ОХИН, “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ШИНЭ ГИШҮҮН Ж.ТАНА

    Өнгөрсөн сард Засгийн газраас “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Н.Багабандийг чөлөөлж, түүний оронд Ж.Тана гэх эмэгтэйг томилсон. Ж.Танын аав Ц.Жамбалдорж нь “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхийн адил Элчин сайд бөгөөд Австрали улсад Элчин сайд байхдаа “Рио Тинто”-той анх холбоо тогтоосон гэдэг. Тодруулбал, Ц.Жамбалдорж 2009-2013 онд Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ажиллах байх хугацаандаа “Рио Тинто”-гийн Австрали дахь салбарт өөрийн охин Ж.Таныг шинжээчээр хэсэг хугацаанд ажиллуулсан. Өөрөөр хэлбэл, Ж.Тана анх ингэж “Рио тинто”-той танилцаж, улмаар өнгөрсөн сард “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Танын аав Ц.Жамбалдорж нь 2016-2021 онд Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдож ажилласан. Энэ хугацаандаа Албани, Мальта, Сан Марино улсад хавсран суух Элчин сайдаар давхар ажиллаж байсан. Улмаар Элчин сайдаас чөлөөлөгдөж ирмэгцээ УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа. Товчхондоо, МАН-д нэртэй ч, нөлөөтэй ч нэгэн. Тэр тусмаа, Ц.Жамбалдорж УИХ-ын дарга Г.Занданшатартай тун ойр гэх. Илүү лавшруулбал, Ц.Жамбалдорж нь Италид болон Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байхдаа тухайн улсууд руу Монголоос ноолуур экспортлох ажлыг голлож анхаардаг байсан. Г.Занданшатарын эхнэр болон төрсөн эгч нь Монголын ноолуурын салбарын гол тоглогчид гэдгийг дурдах нь зүйтэй байх. Тиймдээ ч Ц.Жамбалдорж өдгөө Г.Занданшатарын шууд удирдлага доор хэлтсийн даргын алба хашиж буй биз.

Үргэлжлэл бий…

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *