Байгаль орчны салбарын багцалсан хууль болон нэр бүхий хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээтэй танилцлаа

0

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгээр ахлуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.03.25/ хуралдлаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Бейсен, Н.Наранбаатар, Д.Рэгдэл, Б.Уянга болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох албан тушаалтнууд, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл оролцсон.

Хуралдаанаар Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн “Байгаль орчны салбарын багцалсан хууль болон нэр бүхий хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ”-тэй танилцлаа. Уг танилцуулгад 2017 онд  салбарын 30 хуулийн зөрчил, давхардал хийдлийн шинжилгээ хийхэд 96 давхардал, 335 хийдэл, 164 зөрчил байсныг дурдсан байв. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй байгаль орчны салбарын хуулиудын зорилго, хамрах хүрээгээр нь авч үзвэл байгаль орчныг хамгаалах чиглэлээр зургаа, орчны бохирдол, доройтлоос сэргийлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, ашиглах чиглэлээр тус бүр долоо, байгалийн тодорхой нөөц, баялгийг ашиглах чиглэлээр 10, орчны хяналт шинжилгээний чиглэлээр нэг хууль байгаа бөгөөд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдсан байв.

Мөн Байгаль орчны салбарын багц хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Ойн тухай, Газрын тухай хууль, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын ерөнхий хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга болон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Бичил уул уурхайн зохицуулалттай холбоотой хэсэгт хийсэн дүн шинжилгээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асууж, санал хэлсэн. Гишүүд салбарын яамнаас байгаль орчны эрх зүйн салбарт тулгамдсан асуудал, нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай асуудлыг нэгтгэн дүгнэж, боловсруулсан хуулийн төслүүдээ яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх шаардлагатайг илүүтэй онцлов. Мөн дархан цаазат газрыг байгалийн цогцолбор газар болгон өөрчилдөг асуудлыг цэгцлэх, нутгийн иргэдийг түшиглэсэн байгаль хамгаалах менежмент үр дүнд хүрээгүй шалтгаан нөхцөлийг судлах, байгаль орчны ерөнхий хуульдаа 31 төрлийн экосистемийн тэнцвэрийг хангахад анхаарч, тодорхой тусгах асуудлыг хөндөж, үүнд салбарын яам анхаарч ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Лүндэг дараагийн хуралдаанаар салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд өргөн мэдүүлэхээр бэлэн болсон төслүүдээ танилцуулж, хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныханд чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *