БАЙР СУУРЬ: УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ хайрцаглахыг дэмжинэ, дэмжихгүй

0

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаандаа “Бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төсөл”-ийг танилцуулсан нь нэлээд маргаан дагуулаад байна. Товчхондоо, бүлгийн гишүүд намын болон бүлгийн эсрэг нэгдсэн чуулган болон байнгын хороон дээр санал өгвөл 10 оноо хасах, цаашлаад эсрэг санал өгсөн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх тухай зүйл заалтыг багтаасан байна. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхэнд халдсан, заавал намын бүлгийн шийдвэрийг дагах ёстой гэж тулган шаардаж буй хэлбэр гэж цөөнгүй гишүүн үзэж байгаа аж. УИХ дахь МАН-ын бүлэг уг журмын төслийг дахин боловсруулж хэлэлцэхээр болжээ.Эл асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн хоёр гишүүний байр суурийг хүргэж байна.

Нам, бүлгийн бус, ард түмний эрх ашиг нэгд байна

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц

undefined

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Энэ бол УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж байгаа явдал мөн. Бүлгийн гишүүний үнэлгээний журмыг өнгөрсөн жилээс боловсруулж, танилцуулсан. Би нэлээд санал зөрөлдсөн бөгөөд тодорхой саналуудаа хэлсэн ч саяны төсөл дээр саналуудыг тусгаагүй, бахь байдгаар нь төслөө оруулж ирсэн.Журамд, бүлгийн дэмжсэн хуулийн төслийг нэгдсэн чуулган дээр дэмжсэн тохиолдолд +10, дэмжээгүй тохиолдолд -10 гэсэн байсан. Энэ нь өөрөө намын бүлгийн эрх ашгийг нэгд тавь гэсэн агуулга. Ерөнхий сайд “ард түмний, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна” гэж тодорхой хэлсэн. Бүлэг, намын эрх ашиг дараа нь, хойшоо байх ёстой гэж байсан. Намайг жагсаалтад оруулахдаа ч тэгж хэлсэн, би ч тэрэнд нь итгэж орсон. Гэтэл бүлэг үүнээс арай өөр байдлаар асуудлыг харж байна. Үүнийг нь би эсэргүүцэж байгаа. Өчигдөр бүлэг дахиад энэ төслөө оруулж ирлээ. Би дуугүй байгаагүй, хэлдгээ хэлсэн. Олон гишүүн эсэргүүцэж байгаа учраас дахин боловсруулж, ирэх долоо хоногт дахин хэлэлцэж баталъя гэсэн байр суурь илэрхийлсэн. Ер нь энэ төслийг гишүүд дэмжихгүй байх гэж харж байна.Хуулийн төсөл орж ирээд намын бүлэг дэмжинэ, дэмжихгүй гэдэг байр сууриа хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй саналууд гарна. Хуулийн төслүүдэд илтэд гажсан зүйл заалтууд ороод ирвэл гишүүд дэмжих боломжгүй шүү дээ. Гэтэл тэр нь хамаагүй, бүлэг дэмжсэн учраас дэмжсэн байр сууриа хамгаалах ёстой гэж байгаа юм. Зөрчвөл оноо хасна гэдгийг ойлгохгүй байгаа юм.Намын жагсаалтад оруулахдаа надад 2-3 нөхцөл тавьсан. Салбараа хөгжүүлэх, утаа түгжрэлийг шийдэхэд мэргэжлийн хүний дуу хоолой хэрэгтэй байна, хуулийн төсөлд мэргэжлийн саналаа тусаж, улс орны асуудлыг шийдье гэсэн. Түүнээс биш бүлгийн шийдвэрийг дагах ёстой зэрэг санал тавиагүй. Тиймээс би зарчимдаа үнэнч байж, зоригтой шийдвэрээ гаргаад явна.

Ялангуяа жагсаалтаар, давуу эрхтэйгээр сонгогдсон гишүүд намын бодлого гэдэг зүйл дээр нэгтгэгдэх ёстой. Энэ нь гишүүний чуулганы хурал дээр хэлж байгаа үгийг боомилсон асуудал огт биш.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

undefined

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Бүлгээс оруулж ирсэн төслийг дэмжиж байгаа. Бүлэг асуудлаа хэлэлцээд саналаа хураагаад дэмжинэ, дэмжихгүйгээр олонхын шийдвэрээ гаргана. Олонхын шийдвэр юу гэж гарна, тэрийг цөөнх нь дэмжээд явах нь ардчилсан парламентын зарчим. Тойргоос байна уу, жагсаалтыг байна уу бүгд энэ зарчмаар явна. Тэр дундаа жагсаалтын гишүүд намын бүлгийн бодлого чухал. Би “Та бол намын урилгаар тухайн салбарыг төлөөлж, УИХ дээр хэлэлцэж байгаа асуудал дээр мэргэжлийн түвшинд илүү хариуцлагатай ажиллах боловсон хүчин гэж үзэж урилгаар нэр дэвшиж байгаа” гэж хэлдэг. Урилгаар гэдгийг нь онцгой анхаараарай. Ямар ч төсөв мөнгө гаргахгүйгээр нэр дэвшсэн. Зарим нэг нь манай намын гишүүн үгүйг нь мэдэхгүйгээр дэвшүүлсэн. Зүгээр захад явж байсан хүнийг дуудаж ирээд нэр дэвшүүлж байгаа. Энэ бол тойрогт, гурав дөрвөн аймагт өрсөлдөж нэр дэвшиж, сонгогдсон хүмүүсээс ялгаатай. Ийм давуу эрхтэйгээр сонгогдсон гишүүний хувьд бүр илүү намын бодлого гэдэг зүйл дээр нэгтгэгдэх ёстой. Гэхдээ энэ нь гишүүний чуулганы хурал дээр хэлж байгаа үгийг боомилсон асуудал огт биш.Ер нь бүлгийн гишүүний үнэлгээний журмыг бүх шатандаа ярьсан, бүгд зөвшөөрсөн. Хавар 50 гаруй гишүүн энэ асуудлыг ярьж, хэлэлцсэн. Өчигдөр гэнэт тулгасан юм биш. Ажлыг нь шахаад, ажлаа хий гэдэг байдлаар хандахаар зарим нэг гишүүн өрвөлзөөд байх ашиг байна лээ. Энэ бол мандатаа аваад сонгогдсон УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхэнд халдаж байгаа эсхүл хэлж ярьж байгаа үгэнд цензур тавьж байгаа зүйл огт биш. Мушгивал тэгж ойлгож болно. Миний хувь гишүүнийг илүү хариуцлагатай, парламентыг улам бэхжүүлэх чиглэлд нь харж байна.

Эх сурвалж: itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *