“Монгол Улс хувийн хэвшлийг дэмжсэн албан ёсны худалдааны порталтай болж экспортоо дэмжих хэрэгтэй байна”

“Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр цахим худалдааны
орчин, бодлогын талаар талууд хэлэлцүүлэг хийв.
Энэ оны нэгдүгээр сард Гадаад харилцааны сайдын тушаалаар цахим худалдааг хөнгөвчлөх
үндэсний ажлын хэсэг байгуулагдсан байна. Монгол Улс далайд гарцгүй орон учраас бизнес
эрхлэгчид бараагаа экспортлох, импортлоход зардал өндөр байдаг. Гол зардал нь хил дээр гардаг аж. Хил дамнасан бараа бүтээгдэхүүний баримт цаасаар байдгийг цахим хэлбэр рүү
шилжүүлэх хэрэгтэй зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр талууд “Манай улсад цахим худалдаа фэйсбүүк дээр хамгийн их
явж байна. Гэвч энэ нь худалдааны портал биш юм. Иймд албан ёсны хувийн хэвшлийг дэмжсэн
худалдааны порталтай болж экспортоо дэмжих хэрэгтэй байна. Хувийн хэвшлүүдийнхээ
хийчихсэн байгаа худалдааны порталуудыг хэрэглэж, төрөөс аюулгүй байдлын асуудал зэрэг
дээр нь дэмжиж ажиллаж болно” гэв.
Монгол Улс 2019 онд “Цаасгүй худалдааны үнэлгээ”-г хийлгүүлсэн. 2022 онд “Цаасгүй
худалдааны хэлэлцээр”-т нэгдсэн. 2023-2024 онд “Монгол Улс цахим худалдааг хөгжүүлэхэд
бэлэн байна уу” гэх үнэлгээг хийлгүүлсэн байна.