О.Амгаланбаатар: УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд зарцуулдаг 20 сая төгрөгийг 100 сая болгомоор байна

0

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар цалингаас гадна бусад зардалд зориулан сар бүр төсвөөс
авдаг мөнгөнийхөө хэмжээг чамлаж байгаа тухай яриа олон нийтийн сүлжээнд тараад буй.
Түүний ярилцлагаас парламентын гишүүний цалин, бусад зардалд олгодог мөнгөний хэмжээний
тухай ярьсан хэсгийг хүргэж байна.
“УИХ-ын гишүүн цалин болон үйл ажиллагааны зардалд сар бүр нийт 20 сая төгрөг авдаг
гэдэг мэдээлэл байна. Та өнгөрсөн сард 20 сая төгрөгөө юунд зарцуулсан бэ” гэдэг
сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Цалин болон үйл ажиллагааны
зардлыг мушгисан мэдээлэл яваад байна. Жишээ нь, би Амьтны тухай хуулийн өөрчлөлтийг
өргөн барьсан. Мөн Баяр наадмын тухай хууль, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай
зэрэг олон хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа. Гэтэл зөвхөн нэг хуулийн төслийн
үзэл баримтлал, тооцоо судалгааг хийлгэхээр холбогдох хүмүүстэй уулзахаар 100 сая төгрөг
нэхдэг. Хуулийн төслийг ганцхан хүн хийдэггүй. Маш том баг ажиллаж бүх тооцоо судалгааг
хийж, боловсруулдаг. Гэтэл ганцхан судалгаа хийлгэхэд 100 сая төгрөг гэдэг. Би үйл
ажиллагааны зардлын 20 сая төгрөгөө өгөөд, үлдсэнийг нь өөрийнхөө халааснаас өгөөд явж
байгаа.
УИХ-ын гишүүн гэхээр баахан мөнгө аваад л байж байдаг юм шиг яриад байна. Сая би баруун
аймгуудаар явсан. Хоёр машинтайгаар 10-аад сумаар явж Амьтны тухай хуульд судалгаа аваад
ирэхэд 30-аад сая төгрөгийн зардал гарсан. Үлдсэн зардлыг нь өөрөөсөө гаргаад явсан.
Яг үнэндээ 20 сая төгрөг бага байна. Би одоо УИХ-ын дарга болон АН-ын бүлэгт хандаж үйл ажиллагааны зардлын мөнгө хангалтгүй байна гэдэг хүсэлт гаргана. 20 сая төгрөгийг бараг 100
сая болгомоор юм байна гэж харж байгаа.
Зөвхөн нэг хуулийн судалгаан дээр л гэхэд 100 сая төгрөг нэхэж байгаа. Үүнээс гадна Баяр
наадмын тухай хууль дээр надаас зөндөө мөнгө нэхсэн. Нэгэнт л би ард иргэдээс сонгогдоод
гараад ирсэн юм чинь хэрэгтэй хууль батлуулах ёстой.

УИХ-ын гишуүүний цалин таван сая гаруй төгрөг байдаг. Би эхний гурван сарын цалингаа
Алтайдаа очоод тараачихсан” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *