Б.Батхүү: Цээжээр хөндүүрлэж удаан явах нь дотор эрхтэнд сөргөөр нөлөөлдөг

0

Улирал солигдоход хүмүүсийн сэтгэлзүй тогтворгүй болдог. Ялангуяа манайх шиг жилийн дөрвөн улиралтай улсад хүмүүсийн сэтгэлзүй улирлаа дагаад өөрчлөгдөх нь элбэг байдаг. Тэгвэл улирлын чанартай сэтгэлзүйн асуудал болон бусад зүйлсийн талаар сэтгэлзүйч Б.Батхүүтэй ярилцлаа. 

-Улирлын чанартай сэтгэл гутрал гэж юу вэ? Яагаад сэтгэлзүй тогтворгүй болдог юм бэ?


-“Sad” гээд улирлын чанартай өвчин ч байдаг. Нөгөө талаасаа ялангуяа жилийн дөрвөн улиралд амьдарч байгаа хүмүүсийн сэтгэлзүй нь өөрчлөгдөх боломжтой. Энэ нь юунаас шалтгаалж байна вэ гэвэл урт өдөр богино шөнө, богино шөнө урт өдөр гэдэг ч юм уу нар, хэр гэрэл гэгээтэй байгаагаас шалтгаалдаг. Жишээлбэл, хойд Финландад нар маш бага гардаг, урт шөнөтэй. Өдөр нь маш богино үргэлжилдэг энэ улсад сэтгэл гутралд өртөх, сэтгэлзүйн өөрчлөлтөд орох асуудал түгээмэл байдаг. Манай орны хувьд жилийн дөрвөн улиралтай. Өвөл урт шөнө, богино өдөр үргэлжилдэг. Мөн нараас авах амин дэм гэж байдаг. Зуны улиралд нарнаас амин дэм авч орчин нөхцөл өөрчлөгдөж байгаа учраас хүний сэтгэлзүйд тодорхой хэмжээгээр өөрчлөлт өгдөг. 


Харин өвөл гадаа орчин нөхцөлийн хувьд хүйтэн, өдөр богино учир нарнаас авч байгаа амин дэм бага, агаарын бохирдол гэх мэтчилэн шалтгаалсан зүйлүүд их байдаг. Энэ үүднээс хүний сэтгэлзүйд нөлөөлөх магадлалтай. Ийм нөхцөл байдлаар өөрчлөгдөж байдаг. Нөгөө талаар хавар тодорхой хэмжээний салхи, шуурга ихтэй, агаарын даралт өөрчлөгддөг. Үүнээс үүдэлтэй хүний цусны эргэлт удаашрах, даралт ихсэх, унах шалтгааны улмаас хүний сэтгэл санаа өөрчлөгддөг. Ийм биологийн хүчин зүйлээс шалтгаалсан сэтгэлзүйн асуудал байдаг. Үүнийг дагаад биологийн хүчин зүйлээс шалтгаалж бие хүнээсээ хамаараад дулаараад өдөр уртсаж сул цаг гарахаар ямар нэгэн юм хийх, шийдэх, дутуугийн мэдрэмжээсээ үүдэж түүнийгээ гүйцээх ёстой юм шиг, эсвэл ямар нэгэн зүйл хийхгүй, хийгээгүй байгаа юм шиг мэдрэмжүүдийг авдаг. 

-Ямар хүчин зүйлс түлхүү нөлөөлдөг вэ?


-Хавар болохоор хүмүүс сэтгэл санаа хэцүү байна гэдэг. Мэдээж хавар агаарын даралт, салхи шуурга ихтэй гэх мэт олон сэтгэл санаанд нөлөөлөх олон хүчин зүйл байдаг. Жишээлбэл, Монголын нөхцөлд юмны үнэ нэмэгдэх, хувцас хурдан бохирдох гэх мэт жижигхэн зүйлүүд хүнд бага багаар нөлөөлдөг. Үүнээс болоод хүн бухимдах, сэтгэл санаа нь тавгүй болоход нөлөөлдөг. 


Ийм үед яах вэ гэхээр мэдээж дасгал хөдөлгөөн зөвлөдөг. Ялангуяа хаврын улиралд хүчний дасгал бага хийх хэрэгтэй. Харин сунгалтын, бие халаах хөнгөн дасгал хөдөлгөөн, хоолны чанар маш чухал байдаг. Хүнд, сэрүүн чанарын хоол бага идэх, халуун чанарын хоол идэх нь зүйтэй. Хаврын улиралд хүний хооллолт дээр хийсэн судалгаа байдаг. Энэ улиралд ходоод маш хөнгөн ажиллаж байх ёстой гэсэн байдаг. Тодорхой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийх нь амьдралын чухал хүчин зүйлүүдийн нэг. 


Нэг хөгжилтэй зүйл байдаг. Өвөл хөлдчихсөн ярьсан хов живүүд хавар болохоор хүмүүсийн чихэнд хүрдэг гэдэг. Массын ойлголт хавар болохоор хэцүү болдог гэсэн ойлголт байдаг. Жишээлбэл, бороо орохоор эмордог гэдэгтэй адилхан хавар болохоор хэцүү болдог гэдэг ойлголтууд хүний сэтгэлзүйд тодорхой хэмжээнд тусгалыг өгч байдаг. Яагаад гэвэл хавар ядардаг. Ядардаг учраас би эмордог, сэтгэлзүйн хувьд хэцүү болдог. Дээрээс нь биологийн хувьд хүнд тусаад сэтгэлзүйн хувьд хямралд орох, тулгамдсан асуудлыг өөрөө үүсгэх нөхцөлүүд түгээмэл байдаг. Үүнээс гадна биологийн хувьд хэвийн цаг хугацааг даван туулж байгаа хэр нь массыг тодорхой хэмжээнд дагах явдлууд байдаг. 


-Хүмүүс цээжээр буглаад хүнд чулуугаар дарж байгаа юм шиг өвдлөө гэж ярьдаг. Энэ нь дийлэнхдээ юунаас үүддэг юм бол?


-Тухайн хүний сэтгэлзүйн байдалд юу нөлөөлж буйгаас хамаараад цээжээр дарж хөндүүрлэж өвддөг. Энэ нь ямар нэгэн харилцаан дээр асуудалтай байгааг илэрхийлдэг. Харилцаан дээр асуудалтай байна гэдэг нь сэтгэлзүйн хувьд тогтвортой биш тулгамдсан асуудалтай байна гэсэн үг. Харилцаан дээр хэн нэгэнд гомдсон, хэн нэгнийг гомдоосон түүндээ өөрийгөө буруутгаж байгаа ч юм уу, эсвэл тухайн хүнд гомдчихоод уучилж чадахгүй байгаа гэх мэтчилэн олон хүчин зүйл байгаа. Түгээмэл нь эдгээр асуудал байдаг. Хэрэв буглаад яваад байвал дотор эрхтнүүдэд муугаар нөлөөлдөг. 

-Сэтгэлзүйн асуудлаас хэрхэн сэргийлж, даван туулах вэ?

-Хаврын улиралд маш их ганцаарддаг. Тийм болохоор бусдад ойлгогдох, хүлээн зөвшөөрөх гэдэг маш чухал байдаг. Мэдээж үүнийг бие хүн хэрхэн ухаарч тусгаж авч буйгаас шалтгаалаад ганцаардалд гүн гүнзгий орох уу, өнгөц ороод гарах уу, эсвэл орохгүй байх уу гэдэг нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарна. Ихэвчлэн нийгмийн харилцаанд ордоггүй хүмүүс ганцаардалд маш их автдаг. Нөгөө талаараа бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ хангагдаагүй байдаг хүмүүс ганцаардалд маш их автдаг. Би бусдад хэрхэн ойлгогдож байгаа вэ гэдгээ мэдрэх нь үнэ цэнийг тодорхой хэмжээнд тодорхойлж байдаг. 


Би бусдад илүү их ойлгогдож байх юм бол өөрөө өөртөө өгөх үнэ цэн, үнэлэмж нь өсөж байдаг. Харин бусдад ойлгогдохгүй байгаагаа мэдрэх тусам бусдаас өөрийгөө тусгаарлаж ганцаардаж байдаг. Тийм учраас хаврын улиралд ойр дотнын итгэж найддаг хүнтэйгээ ярилцах, дотор байгаа зүйлээ хуваалцах, өөрийн эерэг, сөрөг сэтгэл хөдлөлөө тодорхой хэмжээнд илэрхийлэх нь бусдад ойлгогдож, хүлээн зөвшөөрөгдөх анхдагч хэрэгцээндээ орж байгаа гэсэн үг. Тийм учраас бусдад итгэж ярих, өөрийгөө нээж илэрхийлэх, өөрийн мэдрэмжийг таньдаг, ойлгодог байх хэрэгтэй. Ингэхгүй байвал “эмо” буюу эмзэг, мэдрэмтгий, ойлгомжгүй болно. Тиймээс өөрийгөө ойлгож чадахгүй байгаа хүн бусдыг ойлгож чадахгүй. 


Хаврын улиралд сэтгэлзүйчдийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Яагаад гэвэл хүмүүс тодорхой хэмжээнд өөрийн тулгамдаж байгаа асуудлыг дааж чадах хэмжээ хязгаар гэж мэдрэгддэг. Тиймээс хэн нэгэнд энэ асуудлаа илэрхийлэх хэрэгцээ гарч байдаг. Түүнийгээ дараад байх юм бол хүн гүн гүнзгий сэтгэлийн хямралд орох үүд хаалга нээгдэж байдаг. Тиймээс итгэж буй хүндээ сэтгэлзүйгээ илэрхийлэх нь сэтгэлзүйгээ тогтвортой байхад нөлөөлдөг чухал хүчин зүйл. Тийм учраас өөрийнхөө мэдрэмжийг ойлгож сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлдэг байгаарай. 


-Таны үйлчлүүлэгчдийн дийлэнх нь ямар асуудлаас болж сэтгэлзүйчид хандаж байна вэ?. Мэдээж маш олон амьдралын асуудалтай хүн ирдэг байх. Таны хувьд өөрийн сэтгэлзүйгээ хэрхэн тогтвортой байлгадаг вэ?


-Сэтгэлзүйч дээр зөвхөн асуудалтай хүн ирдэггүй. Хүмүүс ямар нэгэн сэтгэлзүйн асуудалтай хүн очдог гэж ойлгодог. Хэвийн хүн ч гэсэн ханддаг. Магадгүй шийдвэр гаргахад дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй байгаа, тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгуулмаар байгаа, хэн нэгэнтэй харилцах харилцааны хувьд тулгамдсан асуудалтай, өөрөө өөртэйгөө зөрчилдөөд байгаа хүмүүс ирэх нь түгээмэл байдаг. 

Сэтгэлзүйч хүн өөрөө сэтгэлзүйн хувьд хэвийн байх шаардлагатай. Өөрийнхөө асуудлыг шийдвэрлэсэн байх хэрэгтэй байдаг. Амьдралын бүх асуудлаа шийдвэрлэнэ гэдэг бол мэдээж боломжгүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бүхий л асуудлыг нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрсөн байх нь чухал. 

Өөрөө бие махбодын хувьд өвдсөн, стресстсэн үед зөвлөгөө, уулзалтуудаас татгалздаг. Сэтгэлзүйч болгоны өгч байгаа хариу үйлдэл өөр байж болно. Жишээлбэл, миний хувьд мэдээж зөвлөгөө авах гэж байгаа хүний асуудлыг тэмдэглэнэ, боловсруулж хөтөлбөр бэлддэг. Гэхдээ тэр асуудлыг байнга бодно гэсэн үг биш. Тухайн цаг үедээ л бодно гэсэн үг. Дээрээс нь сэтгэлзүйч хүн тодорхой хэмжээний ментортой байх шаардлагатай байдаг. Өөрт тулгамдаж байгаа асуудлаа тухайн ментортой хуваалцаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв зөвлөгөө авч байгаа хүний асуудал шийдвэрлэхэд хүндрэлтэй байвал бусад сэтгэлзүйч нартай тухайн хүний нэрийг нууцалж зөвлөгөө авдаг. Энэ нь бүх л сэтгэлзүйч нарын ажил мэргэжилдээ хэрэглэдэг арга. 


-Давтан уулзалт хэр их товлогддог вэ?


-Тухайн хүн ямар тулгамдсан асуудалтай байгаа вэ гэдгээсээ хамаардаг. Нэг уулзаад шийдвэрээ гаргачихдаг ийм асуудал байна. Ихэнх нь цаг хугацаа, давтан уулзалт шаардагддаг. Одоо байгаа асуудал нь бага насны гэмтлээс үүдэлтэй, хүчирхийлэлд өртсөн, ямар нэгэн шийдэгдээгүй харилцаа байгаад байгаа бусдаас хамааралтай сэтгэлзүйн асуудлыг шийдэхэд хугацаа шаардагддаг. Жишээлбэл, архины давхар хамааралтай буюу нөхөр нь архи уудаг хэр нь эхнэр нь уудаггүй. Ингэхээр архины хамааралтай хүнийг яаж тав тухтай байлгах талаар бодож, түгшиж байдаг учир сэтгэлзүй нь тавгүй байгаад байдаг. Энэ нь 100 хувь өөрөөс нь хамаарч байна уу гэвэл үгүй. Архи ууж байгаа хүний хажууд байгаа хүмүүсээс ч хамаарч байгаа.   


Нөгөө талаараа үүнийг шийдэж болно. Гэхдээ тэр шийдлийг өөрөө хүсдэггүй. Салчихвал шийдчихнэ. Гэхдээ би энэ хүнд хайртай учраас салмааргүй байна гэдэг ч юм уу. Ийм бусдаас хамаарсан асуудлаас болоод ирэх тохиолдлууд их байдаг. 
Ихэнх хүмүүс 6-8 удаагийн уулзалт хийх нь түгээмэл байдаг. Мөн сэтгэл гутралд нэлээн орчихсон эмчилгээ шаардлагатай үүнээс олон уулзалт товлогддог хүмүүс ч байдаг. 


-Өнөөгийн залуус ганц бие байхыг илүүд үзэх болжээ. Энэ дээр сэтгэлзүйч хүний хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?


-Хүний хэрэгцээг төрөл бүрээр хангадаг болчихсон цаг үед амьдарч байна. Жишээлбэл, 30 жилийн өмнөх рүү очих юм бол утас, телевиз, мэдээллийн хэрэгсэл байхгүй, хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй байдаг байсан. Бусадтай ямар нэг зүйл хуваалцах гэхээр заавал зорьж очдог байдалд байсан. Харин одоо бол өөрийнхөө хэрэгцээг төрөл бүрийн аргаар хангадаг болчихсон цаг үед амьдарч байна. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед хүний хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж байгаа юм шиг хэрэглээнүүд их болчихсон. Юу хүсэж байгаагаас хамаараад тэр зүйлийг хэн нэгэн хүнээс биш материалаас авдаг ийм онцлогтой технологийн өндөр эрин үед бид амьдраад байгаа.

Жишээлбэл, АI, Чат GPT гэх мэтчилэн зүйлээс мэдэх гэсэн зүйлийнхээ хариултыг авчихна. Гэхдээ энэ нь үндсэн хэрэгцээг хангахгүй. Түр зуурын хэрэгцээг л хангана гэсэн үг. Тийм учраас тэр нөхцөл байдалдаа хүмүүс дасан зохицоод амьдраад байна. Иймээс гэр бүлийг асуудал гэж хараад байгаа юм. Нийгэмд тулгамдаж байгаа гэр бүлийн асуудлын жишээнүүд маш их хар бараанаар яригддаг. Тэгэхээр гэр бүл зохиовол өөрөөрөө байж чадахгүй юм байна, өөрөөрөө байж чаддаггүй, араар тавьдаг юм байна гэдгийг хөндлөнгөөс харж байгаа залуусын хувьд тэгвэл гэр бүл болох шаардлага байгаа юм уу, заавал хостой байснаараа өөрийнхөө хэрэгцээг хангах юм уу гэдэг өрөөсгөл ойлголт нийгэмд түгчихсэн. Дээрээс дэлхий хавтгай болчихсон гэдэг шиг ганц бие байгаа дээрээ аялъя, их юм үзье гэсэн бодолтой байдаг. Тэгэхээр тэр нөхцөлүүдийг хангахад мэдээж цаг хугацаа шаардана. Үүнээс болоод гэрлэлт, хүүхэдтэй болох нас оройтох гэх мэт маш олон хүчин зүйлээс шалтгаалаад энэ нь хойшлоод байгаа гэсэн үг. Үүнийг буруутгаж бас болохгүй. Нөгөө талаараа байдаг зүйл гээд үзчих юм бол тухайн хүний хүүхэд төрүүлэх, гэрлэлтийн нас зэрэгт тодорхой хэмжээнд сөрөг нөлөө байгаад байдаг. Гэхдээ тухайн хүн үүнийг хэрхэн хүлээж авч байна гэдэг л чухал. Үүнийг нийгэм чухалчилж байгаа учраас шинэ үеийн залуус өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг амьдарч байна. Нөгөө талаар өөрийн бодод өөртөө л зөв, хэний юу гэх нь надад хамаагүй гэдэг манифест үзэл суртлаар хүмүүжиж байна. Ийм цаг үед амьдраад байгаатай илүү их холбож үзэж болно гэсэн үг. 

-Ярилцсанд баярлалаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *