СУРРОН ХҮҮХЭД ЗУГААЦУУЛАХ ТОГЛООМ БИШ

Урин цаг ирлээ. Хоёр дугуйт тээврийн хэрэгсэл “моодонд” орох үе. Нөгөөтэйгүүр бага насны хүүхдүүдийн скүүтер, сурроны хэрэглээ өснө. Үүнийг дагасан харамсалтай үр дагаврууд ч бий. Скүүтер, цахилгаан дугуй, сурроны ослоор бэртэж, гэмтсэн хүмүүсийн дийлэнх хувийг өсвөр насныхан эзэлдэг гэх.
Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир: -Өнгөрсөн онд цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл буюу сурронтой холбоотой 159 осол бүртгэгдсэн. Нэг харамсалтай тохиолдол нь сундалж яваад биет зүйл мөргөн осолдож, нэг хүүхэд амь насаа алдсан. Бартаат замын кросс мотоциклын нэг хувилбар нь суррон. Техникийн үзүүлэлтийн хувьд ч тэр. Хурдлах чадвар нь 80-90 км цагаас 110 км цаг хүртэл хурдалдаг. Урин дулаан цаг ирж хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж эхэлж байна. 4-10 сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Энэ дундаас хүүхдүүдийн унадаг суррон буюу цахилгаан мотоцикл журамлаж өгнө. Стандартын дагуу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал дээр нь тавигдах шаардлага нь хүртэл орж ирсэн. Суррон улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой. Үүнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллана. Сурроныг 18 насанд хүрсэн ангилалын жолоодох эрхийн үнэмлэхэй хүн жолоодоно. Стандарт, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг 4-р сарын 1-нээс хяналтыг тавина.
Суррон худалдагч Т.Баятбаяр: 13-4 настай замын хөдөлгөөний дүрмээ сайн уншиж танилцаагүй хүүхдүүд ийм хүчтэй техник жолоодох нь эрсдэлтэй. Энэ суррон чинь цаанаасаа улсын дугаарын стандартгүй орж ирдэг. Ер нь 16 нас хүрсэн хүнээр л бариулах шаардлагатай. 16 боломжийн тоо. Энэ насандаа бүгд л сонирхож үзсэн байдаг. 18-аас дээш насныхан унана гэвэл өнөөх хүүхдүүд сурроноо зарж таарна. Тэгэхээр бид нарт хохиролтой. 16 нас хүрсэн тохиолдолд нөгөө дэд ангилалд оруулдаг юм байна лээ. Шалгалтаа өгөөд унах боломжтой шүү дээ. Дэлхийн жишиг нь ийм. Сурроныг Америк Японд 400 сисигээс доош мотортой бол үнэмлэх хамаарахгүй унадаг. Дээш бол А үнэмлэх шаарддаг юм байна лээ. Ер нь түгжрэлээс залхсан хүмүүсийн л унаа шүү дээ. Дугуй унъя гэхээр хөлс нь урсаад төвөгтэй шүү дээ. Суррон бол хүний цагийг их хэмнэдэг.
Суррон унаж яваа хүүхдүүдээс энэ талаар асуухад:
-Сурон унахад цагдаа нар шаардлага тавьж байна уу?
-Дохихоор нь зугтчихдаг шүү дээ.
-Ангиллыг 16 нас хүрэхээр нь өгчихдөг бол амар байна. Тэгвэл цагдаа нараас айх шаардлагагүй гэлээ.
Скүүтер, суррон унаж яваад осолд орсон, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо өндөр байдаг талаар Эмнэлгийн байгууллага болон Тээврийн цагдаагийн алба мэдээлж байна. Осолд өртөгсдийн дийлэнх нь өсвөр насныхан бөгөөд хамгаалалтын малгай, хэрэгсэл өмсөөгүй, замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй нь гол шалтгаан болдог байна.
Иймд Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд дараах анхааруулгыг хүргэж байна:
-Жолооны сургалтгүй, чадваргүй бол цахилгаан унаа бүү жолоод
-Хамгаалалтын малгай, хэрэгслийг тогтмол хэрэглэ
-Хүүхдийг давхардуулахгүй байх, өөрөө ч ганцаараа жолоодох
-Явган хүний замаар биш, зориулалтын замаар зорчих
-Олон хүнтэй газар, сургууль орчимд хурдаа тохируулж явах
Хотын хөдөлгөөнд шинэ хэв маяг бий болж байгаа ч, үүнийг хариуцлагатай, дүрэмтэй хамт хэрэглэхгүй бол нэгэн “зах замбараагүй байдал” болж хувирах эрсдэлтэй. Цаг хэмнэж, түгжрэлийг тойрон гарч байгаа мэт санагдавч, анхаарал болгоомжгүй байдал амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулахыг мартаж болохгүй