Валютын нөөцөө зузаатгах “гуравласан” төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ

0

  • Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийг 550 сая ам.доллараар нэмэгдүүлнэ.
  • Алтны орлогоор эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.долларын зээл гадаадын санхүүгийн байгууллагаас татна.
  • Хадгаламжийн даатгалын корпораци болон Төрийн банкны эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаасыг олон улсад арилжаалж, 283.4 сая ам.доллар төвлөрүүлнэ.

Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийг зузаатгах гурван томоохон алхам хэрэгжүүлэх шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв.

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлыг танилцуулж, түүнийг нэмэгдүүлэх гурван томоохон алхмыг хэрэгжүүлэх шийдвэрийг мэдэгдэв. Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийг 550 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр болсон бол үүн дээр нэмээд гадаадын банк, санхүүгийн байгууллагаас 300 сая ам.долларыг алтны орлогоор эргэн төлөх нөхцөлтэйгөөр татахаар ажиллаж байна. Мөн Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкны эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалж, 283.4 сая ам.доллар төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц сүүлийн жилүүдэд гадаад төлбөрийн дарамт, экспортын орлогын хэлбэлзлээс шалтгаалан хэлбэлзэлтэй байсаар ирсэн. Тиймээс Засгийн газар болон Монголбанк хамтран валютын нөөцийн буурахыг зогсоох, улмаар өсгөх зорилгоор дээрх гурвалсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

Эхний алхам болох Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хоорондын своп хэлцлийн хүрээг 550 сая ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр нь төгрөгийн тогтвортой байдлыг хадгалахад том түлхэц болох юм. Энэ нь Монгол Улсад богино хугацаанд валютын нөөцөө нэмэх боломж олгож байгаа юм.

Хоёр дахь алхмаар, алтны экспортын орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 300 сая ам.долларын зээл татах ажлыг эхлүүлжээ. Энэ нь валютын шууд орлогын эх үүсвэрийг бий болгох арга хэмжээ юм. Алтны ханш олон улсад тогтвортой өсөж буй бөгөөд Монголын экспортын гол бүтээгдэхүүний нэг тул энэ төрлийн зохицуулалт нь эрсдэлийг харьцангуй бага байлгах оновчтой гарц гэж тооцогдож байна.

Гурав дахь нь, дотоодын санхүүгийн байгууллагуудын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар нөөцийн урсгалыг сэргээх шийдэл. Хадгаламжийн даатгалын корпораци болон Төрийн банкны эзэмшиж буй Засгийн газрын гадаад үнэт цаасыг хөрвүүлэх замаар 283.4 сая ам.долларын валютыг буцаан төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь дотоодын эх үүсвэрийг илүү үр дүнтэй ашиглах стратеги болох нь.

Ийнхүү гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, валютын нөөцөө нэмэгдүүлэх “гуравласан” төлөвлөгөөг Засгийн газар бүрэн дэмжиж, хэрэгжилтийг нь ойрын хугацаанд эрчимжүүлэх чиглэл өгчээ. Цаашид валютын нөөцийг тогтмол нэмэгдүүлж, эдийн засгийн гэнэтийн эрсдэлд илүү бэлэн байх зорилгоор шат дараалсан арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэхийг зорьж байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *