О.Алтангэрэл: Төмөр зам, Тавантолгойн гэмт хэрэгтнүүдийг шалгая гээд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан

0

Хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Төмөр замын дайнг эцэслэх өдөр ирдэг юм байна. 2014 оны 8 сард Ц.Элбэгдорж удирдан, “Энержи ресурс” компани нэг нууц гэрээ байгуулсан. Тэр гэрээ өнөөдөр Монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ очиж, хятад хэл дээр олж ирсэн. Тэр гэрээг ил болгомоор байна. Би шударга ёсыг нэхэмжилмээр байна. Тавантолгойг 100 жилээр өгөх гэж оролдсон. Хятадын компанийг олборлолтод оруулна, төмөр замыг нарийн царигаар барина гэж УИХ-ын тогтоолын эсрэг явж байсан. 10 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал, нэр төрөөр хохирсон. Хариуцлага тооцохгүй юм уу. Тэр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авчрахгүй юм уу. Хуйвалдаан хийсэн нь өнөөдөр ил боллоо. 15 жил гэдэг ямар урт хугацаа билээ” гэлээ.

Үүнд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Хариуцлага олон янз байгаа. Ер нь эрүүгийн хууль ямар ч асуудал ярих боломжгүй болчхоод байгаа. Хөөн хэлэлцэх хугацаатай. Үүний араас явъя гэвэл хуулиар боломжгүй гэсэн үг. Гэхдээ ой санамжтай байх ёстой. Тийм ч учраас Ухаа худагтай холбоотой асуудалд ЗГ-аас ажлын хэсэг гарч, дүгнэлт хийж, УИХ-д өргөн мэдүүлэх гээд товоо хүлээж байна. Зарим нэг материал тодруулахтай холбоотой ажил хүлээгдэж байна. Бүхэл бүтэн стратегийн ордтой холбоотой байгуулсан гэх гэрээ нь төрд нь байдаггүй. Айлын талтай асуудал ярихаар бидэнд байхгүй гэрээ гаргаад ирдэг. Ийм байж болохгүй. Төрийн хувьд шийдвэрээ гаргаад цэгцлээд явахгүй бол цаашдаа ч тасрахгүй. Тийм учраас онцгой анхаарал тавьж, өнгөрсөн хугацаанд хууль зөрчсөн байж болзошгүй хүмүүсийг шалгана” гэж хариуллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *