ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орлоо

0

ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсноор диализийн төвтэй болж, хавдрын химийн эмчилгээ хийх боломж бүрдсэн талаар ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн захирал Т.Энхзаяа ярьж байна.

ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн захирал Т.Энхзаяа:

– ХУД-ийн нэгдсэн эмнэлэг 40 жил болж байгаа гэсэн ч диализын тасаггүй байсан. Өнөөдөр энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор өвчтөнд шаардлагатай байгаа диализын өдрийн үйлчилгээ, өдрийн химийн эмчилгээ хийгдэх бүрэн боломжтой болж байна. Манай дүүрэгт 1170 хүн бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай байдаг. Энэхүү төвд маань хоёр эмч, нэг сувилагч ажиллаж, иргэддээ тус тусламж үйлчилгээг үзүүлнэ. Манай дүүргийн засаг даргаар ажиллаж байсан одоо УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан манай өргөтгөлийн санхүүжилтийг шийдэж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Нийтдээ 750 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн гэв. 

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болжээ. Өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг даргын орлогч Ч.Базарзаяа болон холбогдох албаныхан оролцлоо. Энэ үеэр удирдлага болон төлөөлөгчид өргөтгөлийн дотоод зохион байгуулалт, хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус эмнэлгийн өргөтгөлийг дүүргийн хөрөнгө оруулалтаар “Жи Би Ти Эм Жи” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Нэгдсэн эмнэлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор диализийн төвтэй болж, хавдрын химийн эмчилгээ хийх боломж бүрдэж байна. Түүнчлэн ирэх 2026 онд 200 ортой, зоорины давхраас гадна 4 давхар, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах байгальд ээлтэй технологи бүхий эмнэлгийн шинэ барилгын А, Б блок ашиглалтад орно.

Өргөтгөлийн барилгад диализийн төв иргэдэд үйлчилж эхэлсэнээр,

  • Дүүргийн хүн амд үзүүлэх эмнэлэгийн тусламж өргөжиж, бөөрний архаг цочмог дутагдалтай өвчтөнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй ойроос авах нөхцөл бүрдэнэ,
  • Нэн хүнд тохиолдлуудад үргэлжлүүлэн бөөр орлуулах эмчилгээг хийснээр өвчтний амь насыг аврах, нас баралтыг бууруулах үр дүнтэй.
  • Нэгдсэн эмнэлэгийн эмч ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх бусад эмнэлгийн эмч нарыг сургах дадлагажуулах, резидент эмч нарыг сургах сургалт судалгааны цар хүрээ нэмэгдэнэ.

ХУДНЭ нь хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг Яаралтай тусламжийн, Эрчимт эмчилгээний, Дотор судлалын, Мэдрэл судлалын, Хүүхдийн, Мэс засал, гэмтлийн, Эм хангамжийн тасгуудаар дамжуулан үзүүлэхийн зэрэгцээ Диализийн, Хавдар, хөнгөвчлөхийн, Хүүхдийн эрчимт эмчилгээний нийт 20 гаруй тасаг, нэгж, албатай бөгөөд Эко, Яармаг, Био зэрэг 3  байршилд амбулаторийн үйлчилгээг иргэдэд 70 гаруй кабинетаар дамжуулан үзүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *