Гишүүд буруугаа хүлээж, хоорондоо зодолдож, 170 саяын хандивлагчаа 9 сарын дараа гэнэт санаж талархал илэрхийлэв

Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийн соёрхон батлах тухай хуулийн төслийг
өчигдөр парламентаар эцэслэн батлав. Энэхүү чухал асуудлыг хэлэлцэхтэй зэрэгцэн
монголын улс төр үйл явдлаар өрнүүн байлаа. Өчигдрийн улс төрийг тоймлон хүргэж
байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг гурван шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоочхоод буй.
Гэвч эрхэм гишүүн “Миний дээд удирдлага шийтгэлгүй өнгөрч байгаа тул би шүүхэд гомдол
гаргана” хэмээн барьцаад байгаа. Бас ч үгүй шүүхийн шийдвэрийн талаар мэдээлж,
парламентыг хуулиа биелүүлэхийг шаардсан сэтгүүлчдийг “Хэн нэг сэтгүүлч хууль
тайлбарладаггүй юм” хэмээн загнасан.
Хэвлэлээр гарахдаа л том дуугарч ханхалзсанаас дотроо бол айдас сандралтай л яваа юм
билээ эрхэм гишүүн. Учир нь тэрбээр гуравдугаар сарын 10-ны өдөр Улсын Дээд Шүүхийн
Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд хандан ял эдлэх хугацаагаа хойшлуулах хүсэлт илгээжээ. Өөрөөр хэлбэл, гишүүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаагаа дуусгаад
дараа нь ялаа эдэлье гэж. Тэгэхээр Д.Цогтбаатар гишүүн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн
зөвшөөрсөн байх нь.
Гэвч түүнийг хүссэнзэр нь “эрхлүүлэх” хуулийн заалт байхгүй юм билээ.
Дараагийн олны анхаарал татсан сэдэв нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн MCS
группээс авсан сонгуулийн хандивын асуудал. Тэрбээр “MCS компанийн удирдлагыг танина. УИХ-ын сонгуулийн үеэр надад хандив өгснийг нь хэвлэлүүд мэдээлэх үеэр л мэдлээ. Нээлттэй хандивын дансанд маань хандив шилжүүлсэн, ямар нэг зөрчил илрээгүй. MCS компанийн хамт олон намайг дэмжиж хандив өгсөн нь баярлалаа ч гэж хэлж амжаагүй байгаа. Одоо дамжуулаад баярлалаа гэж хэлье” хэмээсэн.
Ухаа худаг ордын хувь эзэмшлийг тодруулахтай холбоотойгоор MCS групп УИХ-ын
сонгуулийн үеэр нэр дэвшигчдэд хэдэн төгрөгийн хандив өгсөн бэ гэдэг асуудал сөхөгдөөд
буй. Компаниудаас их хэмжээний хандив авсан ч Б.Батцэцэг сайд шиг “Баярлалаа” ч
байхгүй гишүүдэд хэвлэлийнхэн л хэний хүчээр сонгогдсоныг сануулж байна.
Сошиалаар олонд танигдан төрийн түшээ болсон М.Нарантуяа Наран гишүүний ээлжит
хэрүүл нөгөө л олон нийтийн сүлжээндээ өрнөв. Цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд 0-3
насны хүүхдээ асарч буй ээж, аав нарт сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга
болгох жинхэнэ поп саналыг Д.Үүрийнтуяа гишүүн гаргаад буй. Гэтэл түүний постны доор
хэн нэгэн Нэг л их хүний эрх ярьсан хүн. Цалинтай ээжийн мөнгийг яриач чи” хэмээн
загнаж. Нара гишүүн яаж дуугай өнгөрөөх вэ дээ “Өсгөж чадахгүй байж цалинтай ээжийн хэдхэн төгрөгөнд бол хүүхэд төрүүлэх чинь жинхэнэ хүний эрхийн зөрчил…” хэмээн үргэлжлүүлж. Тэснэ тэснэ гэхэд яаж ийм удаан тэсэхэв. Биеэ барьж ёс зүйтэй байхыг хичээнэ хэмээн ярьж байсан гишүүн ийнхүү шинэ хэрүүл эхлүүлэв.
Оройхон хэрд УИХ-ын гишүүдийн зодооны асуудал сошиалаар давлагаалав. Зодоон ч гэж дээ П.Наранбаяр сайд ахиад л зодуулсан бололтой. Гэхдээ энэ удаад намынхаа хамтран
зүтгэгч болох Б. Найдалаад гөвүүлсэн гэдэг мэдээллийг эх сурвалжууд хэлээд буй. Тэрбээр
өмнө нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын халдлагад өртөж байсан удаатай.
Ямартай ч энэхүү мэдээллийг үнэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. ХҮН-ээр
овоглодог сайд, гишүүд юунаас болж Төрийн ордонд зодолдов гэдэг асуултын хариу
удахгүй тодорхой болох биз ээ.