ӨМГӨӨЛӨГЧ С.ОЮУНЦЭЦЭГ: С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ХОЛБООТОЙ 61 ХАВТАСТ ХЭРГЭЭС НЭГИЙГ НЬ Ч УНШААГҮЙ ХҮМҮҮС “АЛУУРЧДЫГ СУЛЛАЧИХЛАА” ГЭЖ ЯРИАД БАЙГААД ЭМЗЭГЛЭЖ БАЙНА
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутган Анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноогоод байсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож сулласан юм. Олон жил иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа энэ хэрэгт хохирогч Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа С.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутган Анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Таны үйлчлүүлэгч Т.Чимгээ ямар учраас энэ хэрэгт холбогдож, ял авах болов гэдгээс яриагаа эхэлье?
-Энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгасан гол шалтгаан бол ялтан Ц.Амгаланбаатарын мэдүүлэг юм. Түүнээс биш хуулийн дагуу цугларсан тэднийг буруутган яллах нотлох баримт байдаггүй. Тухайлбал, хурууны хээ, гутлын мөр, үс, хумс зэрэг олон зүйлд ДНК-ийн шинжилгээ хийлгэхээр АНУ руу явуулсан. Хэргийн газраас олдсон хурууны хээ, үс, гутлын мөр зэрэг нь С.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарынх биш, тэдний ул мөр илрээгүй гэдгийг АНУ-ын шинжээч эмэгтэй хэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Т.Чимгээг мөн Б.Содномдаржааг ялласан шалтгаанд Ц.Амгаланбаатар болон ганц нэг хүний худал мэдүүлгүүдийг дурдаад байдаг. Гэтэл “Энэ хүн мөн” гэж нотолсон гэрч болох хүн нь шүүх хуралдаанд биеэр оролцохдоо “Энэ эмэгтэй өндөр, намаараа таарахгүй байна, нүүр царай нь ч биш байна” гэж Анхан шатны шүүх хурал дээр өмнө нь өгсөн бүх мэдүүлгүүдээ няцааж байсан.
-Ямар учраас Ц.Амгаланбаатар худал мэдүүлэг өгч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт татах болов?
-Ц.Амгаланбаатар нь н.Цэвэлмаа гэх эмэгтэйн өргөж авсан хүүхэд. н.Цэвэлмаагийн төрсөн дүү нь Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгийн ээж юм. Тэгэхээр өргөж авсан ээжийнхээ хамаатан болох С.Бямбасүрэнгийн эхнэр Т.Чимгээг л Ц.Амгаланбаатар гүтгэчихсэн хэрэг. Харин Б.Содномдаржаа бол хөрш зэргэлдээ амьдардаг байсан айлын залуу. Тухайн үед миний үйлчлүүлэгч 28 настай, гурван хүүхэдтэй, Дорноговь аймагт хэвтэрт байсан эмээгээ харж байсан. Дорноговь аймагт байсан гэдгийг нь нотлохын тулд би хүүхдүүдийнх нь сурч байсан сургуулиудаас ирцийн бүртгэл, тодорхойлолтуудыг авсан. Мөн эмээгийнх нь бие муу хэвтэрт байсан гэдэг тодорхойлолтуудыг ч авч ирүүлэн шүүх хуралд оролцсон. Ингээд Дорноговь аймгаас ирүүлсэн 20 гаруй хуудас баримтаа авч Анхан шатны шүүх хуралд орох гэтэл миний баримтыг хурааж авчихаад өгөхгүй бөөн маргаан болж арай гэж авч орсон. Гэтэл тэр баримтуудыг огт үнэлээгүй орхигдуулсан бөгөөд яагаад үнэлэхгүй байгаагаа тодорхой дурдаагүй. Шүүх хурал болохоос өмнө С.Зоригийн хэрэгт холбоотой 61 хавтаст хэргийг шүүх хуралд орж байсан өмгөөлөгчдөөс ганцхан би л бүтэн уншсан. 46 хоног уншиж байж дуусгасан. Бусад өмгөөлөгч нар ажлын ачааллаас болоод бүтэн уншиж амжаагүй байсан. Анхан шатны шүүх хурал эхлэхэд өмгөөлөгчид хэргийн материалыг бүтэн уншаагүй учраас бүтэн унших хугацаа өгнө үү гэсэн хүсэлт, санал өгөхөд огт хүлээж аваагүй нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан.
-Т.Чимгээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хоригдохдоо ямар орчин нөхцөлд байсан бэ. Та анх очихдоо уулзаж чадалгүй дөрвөн удаа буцсан гэдэг?
-Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан Т.Хүрэлбат буюу Т.Чимгээгийн төрсөн ах нь 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр анх надтай ирж уулзсан, тэр өдрөөс эхлэн өмгөөлөгчөөр ажилласан. Ингээд Т.Чимгээтэй уулзах гэж Төв аймагт дөрвөн удаа очсон боловч уулзаж чадалгүй буцаж байсан. Төв аймгийн хорих байгууллагын ажилтнууд “Тагнуулын төв газрын дарга О.Бархасбадь хурандаагаас зөвшөөрөл аваагүй бол өмгөөлөгчдийг оруулахгүй” гэж хэлдэг байсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр өмгөөлөгч авах, Эрүүгийн хуульд зааснаар өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхтэй байдаг. Сүүлдээ арга ядаад НПГ-т гомдол гарган, ТЕГ-т очиж нууцын баталгаа гаргаж, зөвшөөрөл аваад очсон байдаг. Намайг очиход заавал 20-30 минут хүлээлгэж уулзалтын өрөөг бэлддэг байсан. Уулзалтын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулж миний яриаг чагнаж байгааг мэддэг байсан. Намайг мэдээгүй гэж боддог байсан байх. Хамгийн анх Т.Чимгээтэй уулзахад гурван сар усанд ороогүй учраас үс нь ширэлдчихсэн, дан цамц, богино өмдтэй, эрэгтэй хүний ижил буруу углааш өмсчихсөн гарч ирсэн.
Тухайн үед Т.Чимгээ “Танд баярлалаа, манай байцаагч нар чам шиг хүнийг өмгөөлөх хүн олддоггүй юм гээд басамжлаад, дарамтлаад байсан. Намайг өмгөөлөх өмгөөлөгч олдсон байна шүү дээ” гэж байсан. Тэгээд “Би гурван сар усанд ороогүй. Надад үзэг, цаас ерөөсөө өгдөггүй. Өрөөнд бие засах газар байхгүй, ганцхан сав байдаг. Миний бие ядруу хэцүү байна, дулаан хувцас өмсмөөр байна” гэж хэлж байсан. Эдгээр нөхцөл байдлын талаар гэрийнхэнд нь дуулгаж ХЭҮК-т бичих өргөдлийг нь бичиж өгч явуулсны эцэст Т.Чимгээгийн ар гэрийнхнээс эргэлт оруулдаг болж, мөн эмчийн үзлэгт ч оруулдаг болсон. Т.Чимгээгийн хоригдож байсан байр нь ямар ч цонхгүй, цементэн шалтай, хана нь хөгцөнд идэгдчихсэн, ариун цэврийн өрөөгүй, ямар ч агааргүй, хонгил юм. Манай үйлчлүүлэгч надад хэлэхдээ “Хар цай орж ирэхээр нь ганцхан л балгадаг. Ариун цэврийн хэрэглэл өгдөггүй болохоор хар цайгаа хурааж байгаад дотуур хувцсаа угаагаад нойтноор нь өмсөөд хатаачихдаг” гэж байсан. Мөн “Миний өрөөний үүдэнд хэдэн цагаар ч хамаагүй эмэгтэй хүн, хүүхдийн уйлах цурхирах дуу тавьж сэтгэл санааг минь хүнд байдалд оруулж байна” гэж ярьж байсан. Би “Яагаад чамайг энэ хэрэгт шалгаад байгаа юм. Ямар нэгэн үндэслэл байна уу?” гэж асуухад Т.Чимгээ “Би 1998 оны аравдугаар сарын дундуур Дорноговь аймагт хэвтэрт байсан эмээгээ харах зорилгоор гурван хүүхдээ аваад очсон. С.Зориг гэдэг хүнийг би мэдэх ч үгүй, тэр хүний талаар сонирхож байсан удаа ч байхгүй. Яагаад намайг гүтгэж хилсдүүлээд байгаа юм бэ” гэж хэлдэг байсан.
-2015 онд Т.Чимгээг зочид буудалд оруулж мансууруулж, улмаар эрхэд нь ноцтой халдаж, нүцгэн зургийг авч байгаа гүйцэтгэх ажиллагааны бичлэг ил болсон. Энэ тухай та яриач?
-Т.Чимгээгээс хурууны хээ авахын тулд нүцгэлчихсэн байгаа үйл явдал нь 2015 оны наймдугаар сарын 30-ны өдөр болсон. Хурууны хээ авахад эмэгтэй хүнийг нүцгэлж, далд хэсгийнх нь зургийг аваад байх шаардлага байхгүй. Хэнийг ч гэсэн сэжиглэж байгаа бол энэ цаасан дээр хурууны хээгээ дарчих гэхэд болох л асуудал. Энэ тухай Т.Чимгээ ярихдаа “Намайг архиар шахаад байсан. Архинаас нэг юм уу хоёр л балгасан байх, тэгээд л мэдэхгүй” гээд байдаг. Тухайн үед түүний уусан архинд ямар нэгэн хүчтэй зүйл хольсон байх гэж Т.Чимгээ өөрөө хэлдэг. Мөн өдөр Т.Чимгээг өргөн том ортой хорихын өрөөнд Ц.Амгаланбаатартай уулзуулсан байдаг бөгөөд Ц.Амгаланбаатар “Чамайг энэ орон дээр аваад гурван хоног хэвтчихэж чадна шүү. Чи С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэсэн байдаг. Энэ бол тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль зөрчсөн үйлдэл. Хүнийг айлган сүрдүүлэх, хүчилж, тулгаж, хөтөлж байцаалт авахыг хориглосон заалтуудыг зөрчсөн төдийгүй хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалтууд ноцтой зөрчигдсөн. Тухайлбал, олон нийтэд ил болсон баримтад 2015 оны есдүгээр сарын 9-ний үед хорих ангийн өрөөнд Ц.Амгаланбаатарыг оруулж миний үйлчлүүлэгчийг дарамтлуулж байгаа үйлдэл нь маргаашийнх нь полиграффын үеэр хэрэг хүлээлгэх гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан.
Ингээд Анхан шатны шүүх хурал болохын өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун хэргийг маш сайн уншиж танилцаад “Энэ хүмүүс миний ахыг алсан хүмүүс гэхэд эргэлзээ төрж байна, шүүх хурлыг нээлттэй явуулаач” гэсэн хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй учраас өөрөө хуралд оролгүй, зөвхөн өмгөөлөгч Л.Энхсайханыг оруулсан байдаг. Шүүх хурал эхлэхэд өмгөөлөгч нар нэгдүгээрт шүүх хуралдааныг нээлттэй явуулах, хоёрдугаарт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг биеэр оролцуулах, гуравдугаарт өмгөөлөгчид бүгд хавтаст хэргийн материалыг бүрэн уншиж танилцах боломжит хугацаа олгооч гэсэн санал гаргахад хүлээж аваагүй хурлыг эхлүүлсэн. Шүүх хурлын явцад би Ц.Амгаланбаатараас “Чиний яриад байгаа гэрчүүдийн ихэнх нь дандаа нас барчихсан хүмүүс байна. Энэ ямар учиртай юм бэ?” гэж асуухад “Тийм ээ өмгөөлөгч өө, би чинь муу хүн байхгүй юу, олон жилийн ялтай учраас цаг хугацаа хожмоор байна, нар салхинд явмаар байгаа учраас худлаа ярьдаг юм” гэж гурван удаа хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хожим нь бодоход хэрвээ ямар нэгэн байдлаар өөрийг нь буруутгах болвол “Би худлаа ярьж байгаагаа шүүх хуралд хэлээд байсан шүү дээ” гэж хэлэх байж гэж бодогддог. Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад хорь гаруй хоногийн дараа энэ хэрэгт хамааралгүй гээд хэрэгсэхгүй болгосон.
-Т.Чимгээг хоригдож байх хугацаанд том охин нь авто ослоор өнгөрсөн байдаг. Энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа Т.Чимгээ ХЗДХЯ-ны сайдад хэлж байсан?
-Энэ хэргээс болж Т.Чимгээгийн амьдрал бүрмөсөн сүйрсэн. Түүний гэр бүл одоо ч айл айлын хашаа, байшин түрээслээд хэцүүхэн амьдарч байна. Т.Чимгээгийн төлөө санаа зовж, хэргийн араас нь явдаг байсан ганц том охин нь нас барчихсан. Охинтой нь сүүлийн удаа салах ёс гүйцэтгүүлэхээр ТЕГ-аас бүрдүүлж ир гэсэн бүх баримтыг бэлэн болгож өгсөн боловч “Салах ёс гүйцэтгүүлэхгүй” гэсэн хариу өгсөн. Талийгаач охиныг оршуулах өдөр байцаагч заавал өнөөдөр Т.Чимгээгээс байцаалт авна гэж дуудсан. Би “Өнөөдөр охиныг нь оршуулж байгаа учраас очих боломжгүй, маш их хямарч байна” гэхэд бид цаг хугацаатай ажилтай хүн гээд маргааш нь байцаалтад оролцуулсан. Тэр үед Т.Чимгээ уйлаад нүүр нь битүү хавдартай болчихсон их хүнд байсан. Би ариун цэврийн өрөө орчихоод ороод ирэхэд Т.Чимгээ маань их сонин болчихсон уйлаад сууж байна. Яасан бэ гэхэд “Байцаагч нүгэл чинь нүдээрээ гарч байгаа юм гээд намайг басамжлаад байна шүү дээ” гээд уйлаад байсан (Уйлав). Ингээд бид байцаалт өгөхгүй гээд больж байсан. Дараагаар нь өөр нэг байцаагч дээр байцаалт өгөхдөө Т.Чимгээ “Ядаж та нар намайг үртэй минь сүүлийн удаа салах ёс хийлгэчихгүй яав даа” гэхэд урдаас нь байцаагч “Чи одоо очих юм уу, овоолготой шороог нь харах уу” гэж хэлсэн байдаг. Энэ байдлаас харахад хүний мөс, хүн чанар ямар их дор болсон юм бэ дээ гэж бодогдсон.
-Зарим хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн иргэд суллагдчихлаа, ингэж болохгүй гэж маш ихээр шүүмжилж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
– “Алуурчдыг суллалаа” гэж хэлээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд, миний үйлчлүүлэгч Т.Чимгээ нь С.Зоригийг алсан гэдгийг нотлох хуульд заасан арга хэрэгслээр бүрдүүлсэн нотлох баримт байсан бол Улсын дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй байсан. Мөн Хууль зүйн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэж хүн С.Зоригийн хэргийг ярихдаа басамжилсан өнгө аястай, алуурчдыг гаргалаа гэсэн санаагаар яриад байсан. Мөн Б.Мэргэн гэж залуу энэ тэнд яриа өгөөд яваад байна лээ. Б.Энхбаяр, Б.Мэргэн хоёр яагаад С.Зоригийн хэрэгт холбоотой 61 хавтаст хэргээс нэгийг нь ч уншаагүй байж, санаан зоргоороо зургаан жил хилсээр хоригдож зовж шаналсан эх хүнийг доромжлоод байгааг ойлгохгүй байна. Харин энэ хэргийг илрүүлж, олон нийтэд ил болгоход хамгийн их хүчин чармайлт гаргасан хүмүүс бол ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, одоо ажиллаж байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар болон Монголын шударга үнэний төлөө нийлсэн ард түмний хүчин чармайлт гэж үзэж байна.
-Та “Надад болоод манай гэр бүлд байнгын дарамт шахалт ирэх болсон” гэж жилийн өмнөх ярилцлагадаа дурдсан байсан. Тэр ч байтугай хүүг тань хар тамхины хэрэгт холбогдуулсан байдаг. Түүнээс хойш дахин дарамт шахалт ирсэн үү?
-Тухайн үед Т.Чимгээгээр хэргийг нь хүлээлгэ гэх дарамт надад ирж байсан. “Би нас өндөр хүн, үхэхийн хооронд нүгэл хураахгүй, нөгөөтэйгүүр өмгөөлөгчийн ёс зүй, дүрмээ зөрчихгүй” гэдгээ хэлж байсан. Над руу олон ч өмгөөлөгч “Наад хэргээсээ гар, та одоо боль, юу хийгээд яваад байгаа юм” гэж хэлж байсан. Мөн намайг Солонгост байх хойгуур миний бага хүү над руу яриад “Ээж ээ, шөнө болохоор над руу нууцалсан дугаараас залгаад “Хүүхэн байна уу, татах юм байна уу” гэж яриад байна гэж байсан. Гэтэл удалгүй Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт хүүг маань саатуулчихсан байсан. Том охин маань очиж уулзаад дүүгээ гаргасан. Тэгтэл хорьхон минутын дараа “С.Оюунцэцэг өмгөөлөгч хүүгээ аваад гарлаа” гэсэн худал мэдээлэл цацагдсан. Намайг охинтой минь албаар андуурч бичиж байгаа хэрэг. Түүнээс гадна миний зургийг нэг залуутай хамт эвлүүлээд доллар цацчихсан “С.Оюунцэцэг өмгөөлөгч Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэгээс их хэмжээний мөнгө авч, Солонгос улсад тансаглан амарч явна” гэсэн тайлбар хийсэн байсан. Гэтэл үнэндээ би Солонгост эмчлүүлж байсан. Түүний дараа нь намайг “ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржтой БНСУ-д уулзан хуйвалдаж, С.Зоригийн хэргийг будлиантуулах гэж байна” гэж бас л гүтгэж бичсэн. Тэр хүн юу гэж надтай уулзах гээд явж байх вэ дээ. Энэ мэт гүтгэлэг, доромжлол, байнгын дарамт шахалтууд ирсээр байсан.
-Энэ хэргийн цаашдын шалгагдах үйл явц яаж өрнөх бол, та юу гэж харж байна. Ямар шийдэл хүлээж байна вэ?
-Одоо захиалагчийн хэргийг шалгах байх. Төгсгөлд нь хэлэхэд, 1937 онд хүмүүсийг хэлмэгдүүлж байсан нөхцөл өнөөдөр XXI зуунд гарч байгаад би маш ихээр харамсдаг. Яагаад хүний эрх, эрх чөлөөг ингэтэл нь зөрчив өө гэдэгт би эвлэрч чаддаггүй гайхдаг. Би хуулийн мэргэжил эзэмшээд 40 гаруй жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд хүнийг ингэтэл нь хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн удаа гарч байгаагүй. Гэтэл энэ хэргийг уншаагүй, мэдээгүй хүмүүс санаан зоргоороо “Алуурчдыг суллалаа” гэж яриад байгаад маш их эмзэглэж байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад Т.Чимгээ суллагдаад цөөн хэд хонож байна, биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Сүүлд эмнэлэгт хэвтээд эмчилгээ их хийлгэсэн. Хорихын эмнэлгийн хамт олонд их баярладаг. Эмнэлэгт очоод эмчилгээ хийлгэснээсээ хойш ядаж муухан инээдэг болсон. Сая гараад жаахан тайвширлаа. Хадам ээжийнх нь бие муу, ээжийгээ асарч байгаа даа.