BBC: Дараагийн сошиал медиа талбар юу байх вэ

0

 

Сошиал медиагийн дараагийн эрин үе ирж байна уу, хэрэглэгчид нэгээс нөгөө рүү автаж буй энэ цаг үеп дараагийн томоохон сошиал медиа талбар юу байх бол хэмээн BBC-гийн нийтлэлч хөндөн бичсэнийг орчуулан хүргэж байна.

Техникийн стратегич, подкаст хөтлөгч Жэй Спрингетт өөрт нь сонирхолтой санагдсан учир Butterflies AI гэх олон нийтийн сүлжээний аппликейшнийг хэрэглэж үзсэн ч нэг л мэдэхэд зургаан сараас илүү хугацаанд ашиглаж, бараг л донтчихсон байв.

Сүүлийн жилүүдэд Facebook-ийн гар утас болон компьютер дээрх хандалт ч буурсан байна

Butterflies бол хүн хиймэл оюун ухааны дүртэй харилцдаг талбар. Спрингеттийн онлайн дүр цаг хугацааны явцад хөгжиж, бусад хиймэл дүрүүдтэй харилцаж, бүр өөрийн гэсэн Beanie Babies (зөөлөн тоглоомын цуврал) цуглуулгатай ч болоод амжжээ. Тэр үүнийг “Хиймэл оюун ухаан өөрсдийнхөө савангийн дуурийг симуляц дотор бичиж байгаа юм шиг” хэмээн тайлбарласан байна.

“Би Butterflies-ийг бусад платформтой адил түвшинд ашиглаагүй. Оролцохоосоо ажиглах нь илүү байсан. Би энэ платформд мөнгө төлөөгүй ч сонирхолтой байсан учраас үргэлжлүүлсэн” гэж Спрингетт BBC-д хэлжээ. Butterflies гэлтгүй өөр олон шинэ сошиал сүлжээний үйлчилгээнүүд болон томоохон платформуудад хэрэглэгчид сэтгэл хангалуун бус байдал нэмэгдэж буй энэ үед энэ зах зээлийг өргөжүүлэхийг оролдлогууд хийгдсээр л байна.

Дижитал зах зээлийн тагнуулын Similarweb компанийн мэдээллээр, Их Британид X (хуучнаар Twitter)-ийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2024 оны нэгдүгээр сараас хойш бараг 25%-иар буурчээ.

Хохирч буй нь зөвхөн X биш. Similarweb-ийн мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Facebook-ийн гар утас болон компьютер дээрх хандалт ч буурсан байна.Pew Research Centre-ийн тайланд дурдсанаар, өсвөр насныхны гуравны нэг нь Facebook болон X ашигладаг гэжээ. Харин арван жилийн өмнө энэ үзүүлэлт 75% байв.

Bluesky нь энэ үед хүчээ авч буй олон нийтийн сүлжээний нэг юм.

Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ платформ олон арван сая шинэ хэрэглэгчийг татсан нь ихэвчлэн X-ийн хэрэглэгчдийг өөртөө шилжүүлсэнтэй холбоотой.

Bluesky-ийн амжилтыг зөв цаг үед гарч ирсэн гэж үзэхээс гадна түүний өвөрмөц бүтэц нь чухал үүрэг гүйцэтгэсэн. X-тэй төстэй хэрэглэгчийн туршлагыг олгодог боловч өндөр түвшний тохируулгатай байдгаараа ялгардаг.

Төвлөрсөн системтэй платформууд олон нийтийн сүлжээний агуулга, хэрэглэгчийн мэдээллийг бүрэн хянах боломжтой байдаг бол Bluesky-ийн ялгарал нь хэрэглэгчид өөрсдийн мэдээллийн сувгийг хэрхэн зохицуулах, алгоритм нь ямар төрлийн нийтлэл санал болгохыг өөрсдөө сонгох боломжтой. Энэ нь Bluesky болон хэрэглэгчдийн бүтээсэн олон зуун тохиргооны сонголтоор дамжуулан хэрэгждэг.

Хэрэв Bluesky-ийн өргөн хүрээний хэлэлцүүлэг танд таалагдахгүй бол “найзуудын дунд түгээмэл” гэсэн сувгийг сонгож, зөвхөн таны дагадаг хүмүүсийн ярьж буй зүйлсийг харах боломжтой.

Гэсэн хэдий ч Bluesky нь X болон Facebook-ийн хэмжээнд хүртэл өргөжих нь амаргүй даалгавар гэж Шеффилдийн их сургуулийн мэдээллийн шинжээч Энди Таттерсалл үзэж байна.

“Social Web Foundation” бүх платформын агуулгыг нэг дор харуулах боломжтой нэгтгэсэн платформ хөгжүүлж байна

Тэрээр “орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, хэрэглэгчдээ аюулгүй байлгах, контентийг зөв зохицуулах гэсэн гурван зүйлийн хооронд тэнцвэр олох хэрэгтэй. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх нь амархан зүйл биш” гэжээ. Одуудын дэмжлэгтэй Free Our Feeds сан энэ асуудлыг шийдэхээр зорьж байна.

Тус сангийн ард хөгжмийн зохиолч Брайан Ино, жүжигчин Марк Руффало зэрэг алдартнууд бий. Тэд ирэх гурван жилийн хугацаанд 30 сая ам.доллар (23 сая фунт стерлинг) босгож, Bluesky-г ажиллуулдаг AT протокол дээр суурилсан нээлттэй олон нийтийн сүлжээний экосистем хөгжүүлэхийг зорьж буй.

“Bluesky нь нийтлэг олон нийтийн сүлжээний дэд бүтцийн бат бөх суурийг тавьсан” гэж Free Our Feeds-ийн есөн удирдагчийн нэг Робин Бержон хэлжээ. Гэхдээ тэд энэ дэд бүтцийг голлон ажиллуулж байгаа цагт олон нийтийн ашиг сонирхлоос хазайх эрсдэлтэй хэвээр байна. Шинээр гарч буй эдгээр платформуудын хувьд илүү том асуудал нь сүлжээний барьер юм.

Үүнийг Меткалфийн хууль гэж тодорхойлж болно гэж ActivityPub протоколын хамтран зохиогч, одоогийн редактор Эван Продромоу тайлбарлажээ. ActivityPub нь Meta-ийн Threads зэрэг нээлттэй олон нийтийн сүлжээний архитектурын үндэс болдог.

Өөрөөр хэлбэл, том олон нийтийн сүлжээ жижиг платформуудаас хамаагүй илүү нөөцтэй гэсэн үг. Энэ нь тэдэнд улам томорч, жижиг өрсөлдөгчдийг шахах давуу тал болдог байна.

Гэсэн ч Free Our Feeds болон Эван Продромоу-гийн тэргүүлдэг “Social Web Foundation” зэрэг ашгийн бус байгууллагууд энэ асуудлыг даван туулах стратеги боловсруулж байна. Тэдний зорилго бол одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх явдал. Одоогоор хэрэглэгчид олон нийтийн сүлжээнүүдийн хооронд тогтворгүй шилжин ашигладаг. Харин “Social Web Foundation” бүх платформын агуулгыг нэг дор харуулах боломжтой нэгтгэсэн платформ хөгжүүлж байна.

Жишээ нь, Threads платформ ActivityPub протоколыг дэмждэг тул Mastodon зэрэг бусад сүлжээнүүдтэй хялбар интеграц хийх боломжтой.

Ийм нээлттэй, уялдаа холбоотой экосистем бий болгосноор “Social Web Foundation” зэрэг үйлчилгээ том платформуудтай өрсөлдөхүйц үнэ цэнийг хэрэглэгчдэд өгөх боломжтой гэж Продромоу үзэж байна.

Гэхдээ энэ нь тийм ч энгийн асуудал биш. Жишээлбэл, Bluesky нь ActivityPub биш, AT протоколыг ашигладаг тул шууд уялдуулах боломжгүй. Гэсэн ч энэ зөрүүг шийдэх арга замууд боловсруулагдаж байгаа бөгөөд Free Our Feeds, Social Web Foundation зэрэг байгууллагууд өөр өөр технологи дээр ажилладаг платформуудыг нэгтгэх шинэ арга замуудыг судалж буй.

“Сүүлийн хэдэн арван жилээс бид нэг зүйлийг тодорхой ойлгосон нь дэлхий даяар найман тэрбум хүнд зориулсан ганц, ижил шийдэл хэрэггүй” гэж Робин Бержон онцолжээ.

Нөгөө талд, зарим платформууд зах зээлд давамгайлж буй платформуудыг орлох гэхээсээ илүү өөрийн гэсэн онцгой байр суурийг бий болгохыг зорьж байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд шинэлэг, өвөрмөц олон нийтийн сүлжээний жижиг платформууд гарч ирсээр байгаа.

Тэдний нэг нь Twitter-ийн хамтран үүсгэн байгуулагч Эв Уильямсын бүтээсэн Mozi юм. Mozi нь таныг онлайнаар нийгэмшүүлэхийн оронд харин та болон таны таньдаг хүмүүс ижил хотод, эсвэл нэг арга хэмжээнд байгааг тань мэдэгдэж, бодит амьдрал дээр уулзахыг илүү дэмждэг.

“Mozi-гоос өмнө өөр ямар ч аппликейшн надад найзууд маань тухайн үед ямар хотод байгааг, эсвэл нэг хотын найзууд маань хаана юу хийж байгааг хэлж өгдөг байгаагүй” гэж Mozi-ийн хамтран үүсгэн байгуулагч Молли ДеВулф Свенсон хэлжээ.

Flipboard-ийн гүйцэтгэх захирал Майк МакКью, ийм төрлийн шинэлэг, сонирхолтой, төрөлжсөн апп-ууд нь олон нийтийн сүлжээний шинэ эрин үеийг авчирч, хэрэглэгчдэд илүү олон сонголт бий болгоно гэж үзэж байна. Тэрээр Flipboard-ийн шинэ апп болох Surf энэ эмх замбараагүй олон нийтийн сүлжээний орчныг удирдахад тусална гэж найдаж буйгаа ч онцлов. Surf нь Threads, Bluesky, YouTube зэрэг платформуудаас контент татан нэг дор харуулах боломжтой.

“Эцэст нь гэвэл, Facebook эсвэл Twitter-ийг яг тэр чигт нь орлох ганц платформ гарах магадлал багатай. Харин хэд хэдэн платформууд хүмүүсийн цагийг улам бүр булааж, хүмүүсийн хэрэглээний хэв маяг нэг платформоос хамааралтай байдал өөрчлөгдөж, шинэ үеийн хэрэглэгчид илүү олон төрлийн апп, сошиал платформын сонголтыг шаардах болно.” гэж МакКью хэлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *