П.Эрхэмбаяр: Хотын дарга хуульд заагаагүй үндэслэлээр аж ахуйн нэгжийг айлган сүрдүүлж болохгүй

0

Хотын дарга Х.Нямбаатарын Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлсэн үг нийгэмд шүүмжлэл дагуулав. Тэрбээр “С.Болдхэт гэдэг хүнийг маш олон удаа урьсан ч ирдэггүй юм байна. Хот байгуулалт болон энэ аж ахуйн нэгжтэй холбоотой бүх шийдвэрийг зогсоож, заримыг нь цуцал. Би энэ ерөнхий боловсролын сургуулийг чинь худалдаж авъя гэдэг зүйл ярихаар ирэхгүй. Томроод байгаа бол би ч гэсэн томорч чадна. Бүх газрыг нь цуцлах мэдэгдлийг нь хүргүүлчих. Надтай ирж уулзвал уулзана биз. Уулзахгүй бол тэр биз” гэсэн юм. Энэ асуудлаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-С.Болдхэтийг ирж уулзаад зөвшилцөл хийсэнгүй гээд хот газрыг нь хурааж авна гэлээ. Хотын даргын мэдэгдэл хууль ёсонд нийцэж байна уу?

-Газрын тухай хуулийн процессын нарийн ажиллагааг ярихаас өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан өмчлөх эрхийн асуудал ноцтой хөндөгдөнө. Нэгдүгээрт, Монголын төр иргэнээ дарамтлаад газар дээр барьсан объектоо төрд өг. Хэлэлцье, тохиролцъё гээд байхад өгөхгүй бол наад газрын эрхийг чинь цуцалж, байшинг нь нураана гэдэг байдлаар хандаж ерөөсөө болохгүй.

Энд Монгол Улсын иргэний өмчлөх жам ёсны эрх ноцтой хөндөгдөж байна. Хоёрдугаарт, нийтийн албан тушаалтан хүн эрх мэдэл, албан тушаалын байдлаа улаан цагаан олон нийтийн сүлжээгээр заналхийлж урвуулан ашиглаж болдог юм уу.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжтэй ч байж магадгүй үйлдэл Нийслэлийн Засаг дарга дээр яригдаж байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан Газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох үндэслэл гэж байна л даа. Эзэмшил газар байлаа гэж үзэхэд тэр нь хууль тогтоомж зөрчсөн бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас эрхийг нь цуцалж болох байх. Тэр үндэслэл дотор нь нэгдүгээрт, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Хоёрдугаарт, газрын төлбөрийг төлөөгүй. Гуравдугаарт, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа дууссан гээд хуульд тодорхой заасан байгаа.

-Ардчилсан нийгэмд хүний хувийн өмчид төр дураараа халдаж байна гэсэн үг үү. Хуулийн порцедур нь яаж явах ёстой вэ?

-Хүний эзэмших, ашиглах, өмчлөх эрх рүү халдах гэж байгаа үед маш нарийн тодорхой заалтын үндсэн дээр газрын эрхийг цуцална гэдэг байдлаар хуульчилсан байгаа. Гэтэл “Уулзъя” гэж дуудаад ирэхгүй болохоор нь “Цуцал” гэдэг үг, өгүүлбэр тэр хуульд байхгүй. Энэ чинь өөрөө улаан цагаан хуульд байхгүй үндэслэлээр, эрх мэдэл албан тушаалын давуу байдлаараа иргэд рүүгээ гар далайж байна гэсэн үг. “Чи ирэхгүй бол би үүнийг чинь хуульд заагаагүй ч гэсэн цуцална шүү. Надад тийм эрх мэдэл нь байна шүү” гэдэг байдлаар айлган сүрдүүлж байгаа хэлбэр. Энэ бол яавч эрх зүйт төрийн иргэндээ үзүүлж буй хууль ёсны шаардлага биш. Тэгэхээр Үндсэн хуулийн иргэний өмчлөх эрхийн асуудал хөндөгдөж байна. Хоёрдугаарт, хотын захирагч гэдэг хүн хууль тогтоомжид байхгүй асуудлыг гаргаж ирж, иргэд рүүгээ гар далайж байна. Энэ тохиолдолд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэл харагдаж байна. Гуравдугаарт, газрын тухай хууль хэрэгжихгүй, нийслэлийн Засаг дарга үзэмжээрээ шийдээд байх юм бол тэр хуулийн зүйл заалт хэрэгжихгүй юм байна. Дөрөвдүгээрт, энэ асуудлыг том зургаар нь харвал Үндсэн хуулийн тогтолцооны гажуудал руу хүссэн хүсээгүй орох гээд байна. “С.Болдхэтийг дуудаад ирэхгүй болохоор нь шууд эрх мэдлээрээ далайлгаж байгаад эзэмших эрхийг нь цуцалчихсан” гэдэг нь иргэдийн дунд айдас үүсгэнэ. Сүүлдээ ингэж л байдаг юм гэсэн дүр зурагтай үлдэх гээд байна л даа. Бид тогтолцоогоороо харах ёстой. Х.Нямбаатар сайн ажилласан, муу ажилласан гэхээсээ илүү Үндсэн хуулиар бий болгосон өмчлөх эрх рүү халдаж байгааг анхаарах хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд ийм айлган сүрдүүлж, далайлгадаг бүрэн эрх байдаг юм уу. Ийм нөхцөл байдал байж болохгүй гэдгийг хуульчийн зүгээс харж байна.

-Түүнийг тухайн объектоо 30 жил ашиглаагүй хав дарчихаад байгааг иргэд эсэргүүцэж байна гэж хотын дарга хэлсэн. Энэ нь хурааж авах шалтгаан мөн үү?

-Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх дунд газар эзэмших, ашиглах эрх олгодог юм бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээний үндсэн дээр олгоод, тэр гэрээнд заасан зүйл заалтаа тухайн иргэн аж ахуйн нэгж зөрчсөн байх юм бол түүнийг цуцлах, дуусгавар болгох эрх байхыг үгүйсгэхгүй. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчид нь “Нийслэлд сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байна. Засаг дарга намайг барьж идэх гээд байна. Наад цэцэрлэгээ төрд өгөхгүй юм. Тийм учраас газрыг нь цуцална” гэж ярьж болох уу. Газар цуцлах гэдэг асуудал чинь Газрын тухай хуульд заасны дагуу хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын бусаар ашиглаагүй, дээр нь татвар торгууль төлбөрөө төлөөгүй гэх мэтчилэн хуульд заасан арга хэрэгсэл бий. Гэтэл тэс өөр боловсролын салбарын асуудлыг газрын асуудалтай нь холингуутаа иргэн аж ахуйн нэгж байгууллага руугаа хотын дарга нь заналхийлж байна шүү дээ. Ийм нөхцөл байдал дээр бид дуугүй сууж болохгүй. Энэ хоёр маргаж байгаа тохиолдолд магадгүй Х.Нямбаатар дарга тэр газар дээр нь байгаа барилгыг өөрөө алх хадаас авч очоод нураах юм байна л даа. Үнэн хэрэгтээ төр, иргэн хоёрын хооронд газрын гэрээтэй холбоотой маргаан үүсэх юм бол Захиргааны хэргийн шүүх хүлээж байгаа шүү дээ. Энэ мэтчилэн хууль тогтоомжийн асуудлууд хэрэгжихгүй, үүнийг хамгийн түрүүнд үлгэрлэж явах ёстой төрийн өндөр албан тушаалтнууд хөнгөн хуумгай байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ингэж ярьж ерөөсөө болохгүй. Ард түмэн маш их татварын дарамт, шахалттай хүнд үед гоомой байдлаар хамаа намаагүй мэдээлэл өгөх нь зохисгүй. Намын субьект нь олон нийтийн зүгээс гал сайн авдаг л юм байгаа биз. Шүүмж сайн даадаг л юм байгаа биз. Урдаа барьдаг хүн л юм байгаа биз. Энэ бол тэдний намын асуудал. Бүхэл бүтэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр НЗТГ хууль тогтоомжоор олгоогүй, хууль тогтоомжид заагаагүй, бүр ч заах боломжгүй асуудлаар иргэдийн өмчлөх эрх рүү, Үндсэн хуулийн тогтолцоо руу халдаж, ийм бүдүүлэг үг, үйлдэл гаргаж болохгүй. Яахав, төрд тодорхой хэмжээний тухайн эзэмшлийн газрыг буцаагаад мэдэлдээ авах эрх байдаг. Гэхдээ тэр эрх нь бас хууль тогтоомжид заагдсан, хуулийнхаа хүрээнд явдаг л зүйл. Улсын тусгай хэрэгцээнд, улсын онцгой бүс байна гэдэг шалгуурт нь БЗД-ийн орон сууцны хороолол дунд байгаа газар хамаарах уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ мэтчилэн уг асуудлыг нарийн дэлгэрүүлээд харвал маш их хэл ам дагуулж байна.

-С.Болдхэтийн хот байгуулалттай холбоотой шийдвэрүүдийг зогсоож, газрын зөвшөөрлийг нь цуцлах үндэслэл нь хүүхдийн төлөө хийж байгаа ажилд хамтарч ажиллаагүйтэй холбоотой гэх юм. Сургууль, цэцэрлэг байгуулах нь төрийн хийх ажил. Гэтэл төр өөрөө энэ ажлаа хийж чадахгүй болохоор бусдыг буруутгаж, өмчийг булаах замаар дээрэмдэх гэж байна уу. Олон улсад, тэр дундаа ардчилсан орнуудад ийм кейс бий юу?

-Бусад улс орнуудын туршлагыг харахад төрийн захиргааны байгууллагууд нь дандаа иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, тэдгээрийн байранд түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Монгол Улсад УПЕГ, АТГ, ЦЕГ зэрэг хамгийн гоё шилэн барилгууд төрийнх. Дээр нь Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн тансаг барилгууд байна. Эд нар буцаад төсөвтөө өөрийнхөө зардлыг нөхөхгүй. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түрээслүүлдэггүй. Байнгын урсгал зардал гаргаад төсөвт ачаа үүрүүлээд явж байдаг. Энэ бол хотын менежментийн асуудал. Үүнийг Х.Нямбаатар дарга шийдвэрлэх ёстой. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж ямар байгаа юм. Тэр хүрэхгүй бол тухайн дүүрэг, нийслэл ямар арга хэмжээ авах ёстой юм. Шаардлагатай бол тэр хавиас иргэн, хүүхдэд аюулгүй, эрүүл орчинтой иргэн, аж ахуйн нэгжийн түрээсэлж байгаа байр байвал тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжуудаа хайх хэрэгтэй. Тэрнээс “Чи хувийн сургууль барьчихаж байгаа юм байна. Би наадахыг чинь дээрэмдэж аваад ард түмнийхээ хүүхдүүдийг оруулна” гэдэг байдлаар дээрэмдэж болохгүй. Өмчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг явуулаад, татвараа шударгаар төлөөд явж байхад хүүхдийн нэр бариад төрд өг гэдэг байдлаар иргэнээ дарамталж, хэлцэлд хүрч болохгүй л дээ. Сүүлийн үед ганц энэ ч биш олон үл хөдлөх, уул уурхайтай холбоотой асуудлыг одоогийн эрх баригч нар ийм замаар авч сурах гээд байна. Энэ бол зөв зүйл биш. Болохгүй болохоор нь дарамтлаад, татварын шалгалт оруулна гэдэг ч юм уу, үйл ажиллагааг нь явуулахгүй шахаанд оруулж байгаад хэлцэлд хүрдэг байдал ардчилсан улсын хууль тогтолцоонд ерөөсөө байхгүй. Ийм бүдүүлэг байдлаар иргэн, аж ахуйн нэгжид халдаж болохгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *