ХҮН нам цаашид “MCS-ийнх” овог зүүж, сонгогчдынхоо итгэлийг алдлаа

0

 

Ойрын өдрүүдэд ХҮН намын дотоод асуудал гадагшаа илэрч, УИХ-д суудалтай найман гишүүний хоёр нь буюу тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаяр нар гар зөрүүлсэн асуудал хэвлэлээр дуулиан болов. Илтэд нүд нь хөхрөлт, хөмсөг нь оёдолтой П.Наранбаяр камерын өмнө “Зодоон болоогүй ээ. Санаандгүй юм болсон” гэсний араас УИХ-ын гишүүн Б.Найдалаа “Санаандгүй нүдэнд нь хуруугаа хийдэг шиг л юм болсон” хэмээн олны өмнө харагдах бодит байдлыг нуух гэж их л хичээлээ.

Цагдаагийн ерөнхий газраас Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг тухайн өдрийн 15 цагийн орчимд хүлээж авсан гэсэн бөгөөд санаандгүй үйлдлээс болж, санаандгүй цагдаад мэдээлэл очихгүй байх. Цохисон, хохирсон асуудал гарсан учраас цагдаагаас шалгах нөхцөл үүссэн байтал намынхаа нэр хүндийг нэгдүгээрт тавьж байгааг намын дарга Т.Доржхандын хэлсэн ярьснаас харж болно. Уг нь дотоод ардчилалтай, шударга байдал нь өөрөө намын нэр хүнд болохоос нууж, өнгөлөн далдалснаараа нэр хүндээ хамгаалж байна гэж харах нь доголдол мөн.

ХҮН намд сонгуулиар нийт 38 хуулийн этгээд хандив өгсний 37 нь “MCS”-ийнх гэв

Өөр нэг асуудал нь ХҮН нам УИХ-ын сонгуулиар “MCS”-ийн 37 охин компанийн 1 тэрбум 45 сая төгрөг хандиваар авсан асуудал сөхөгдөж, үүнийг нягталж үзэхэд,

 “УИХ-ын 2024 оны сонгуулийн оролцогч ХҮН намын зардлын эцсийн тайлан, аудитын дүгнэлт”-ээс харахад тус намд 38 хуулийн этгээдээс 1 тэрбум 305 саяыг, 50 иргэнээс 880 сая 415 мянган төгрөгийн хандив авчээ.

Уг нь Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан зардалтай холбоотой зөвлөмжид иргэн 10 сая төгрөг гэж заасан байхад, ХҮН намд хандив өгсөн нэг иргэн 10 саяыг тулгаж хандивлаад ч 50 иргэний 500 сая л болохоос биш яавч 880 сая болохгүй буюу хандивын мэдээллээ худал тайлагнасан болж таарч байна.

Хандив өгсөн 38 хуулийн этгээдийн 37 нь “MCS” охин компанийнх гэвэл ерөөсөө л сонгуулийн зардлынхаа гол хүчийг тус компаниас бүрдүүлсэн болж таарав. Намын дарга Т.Доржханд нь “Дансаа ил тавьсан. Ирсэн хандив нь л энэ байлаа. Бид хэн нэгний халаасанд ордог нам биш” гэдэг тайлбар хэлнэ лээ. “Мөнгөө төлсөн нь дуугаа захиалдаг” гэж үг бий сэн билүү.

Өөрсдийнх нь дотоод асуудал илчлэгдэн гарах болгонд АН, МАН-ын давуу эрх ноёлсон улс төрд ХҮН нам орж арай ядан сөрж байна, биднийг улс төржүүллээ гэх хандлага илэрхийлж, хохирогчийн дүрд тоглодог болоод удлаа. Атал МАН-ын бөөрөнд наалдаж, улс төрийн шийдвэрүүдийг нь ил кноп дарж, далд суудал горилон дэмжсээр ирлээ. Сонгуулийн зардлынх нь дийлэнх хувийг нэг л хувийн компани бүрдүүлж өгч байгаа нь тэднээр дамжуулан улс төрийн нөлөөлөл үүсгэхгүй гэх баталгаа бий болов уу.

ХҮН нам өнөөдөр хэвлэлд янз бүрийн имиж бүрдүүлж, юу ч гэж ярьж болох ч сонгогчдынхоо өмнө худал хэлж, иргэд олон нийтийг доромжилж болохгүй.

МАН-ын бодлого, шийдвэрийг аялдан дагаж энэ хүрсэн ХҮН нам цаашид “MCS-ийнх” овогтой боллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *