УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, шийднэ

0

Гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцоод буй УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудлыг УИХ хэрхэн шийдэхээ мэдэхгүй дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна.УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Улсын ерөнхий шүүгчид ялыг нь хойшлуулах хүсэлт өгсөн хэдий ч хуулиар түүний ялыг хойшлуулах боломжгүй юм. Түүнчлэн шүүхийн шийдвэр гарчихсан байхад хэрэгжүүлэхгүй байх нь ч өөрөө хуулийн зөрчил. Гэхдээ гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрхэн түдгэлзүүлэх нарийн зохицуулалт манай хуулиудад байхгүй учраас өнөөдрийг хүртэл УИХ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа юм.Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулиудад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт бий ч процессын нарийн зохицуулалт байхгүй. Тиймээс Д.Цогтбаатар гишүүний кейс дээр УИХ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын дээд шүүх рүү “мэдээллийг хүргүүлнэ үү” гэх албан бичгийг явуулсан. Хариуг ирүүлсэн. 64 хуудас бүхий тогтоолыг явуулсантай танилцлаа. Одоо яг юунд үндэслэн чуулганы хуралдаан руу эл асуудлыг оруулах вэ. Хуульд үүнийг тодорхой зааж өгөөгүй. Тэгэхээр Дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Шүүхийн шийдвэр заавал биелнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа заалтыг бариад Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Төрийн байгуулалтын байнгын хороонд уг асуудлыг танилцуулж, гишүүд асуулт асууж, хариулт авах байдлаар танилцана гэж хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж харж байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газар болон хуульчидтайгаа ярилцана” гэсэн юм.Гэхдээ хуулийн өөрчлөлтийн төслийг хэн боловсруулж, УИХ-д өргөн барих нь ч тодорхойгүй байгаа юм. Асуудал тодорхойгүй байсаар УИХ шүүхийн шийдвэрийг хэрэгжихгүй байсаар байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *