Монголын Хөлбөмбөгийн Холбоог “атгах” Ц.Анандбазарын санаархал

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Ерөнхийлөгчийн болон Зөвлөлийн гишүүний сул
орон тооны нөхөн сонгуулийг дөрөвдүгээр сарын 28-нд болно.
Холбооны ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтээ гаргасан зургаан хүний материалтай МХБХ-ны
Сонгуулийн хороо танилцжээ. Дүрмийн дагуу тав хоногийн дотор хүлээж авах эсэхээ
хэлэлцсэний эцэст өчигдөр шийдвэрээ танилцуулсан байна.
Улмаар хүсэлтээ гаргасан нэр дэвшигчдээс G-Mobile компанийн ТУЗ-ийн дарга, “Jet Sharing
Mongolia”-г үүсгэн байгуулагч Г.Дашнямыг сонгууль болохоос өмнө сурталчилгаа хийсэн гэж
үзээд хассан талаар өөрийн цахим хуудсандаа бичжээ.
НӨХӨН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ НЭР ДЭВШИГЧИД:
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид:
• МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Б.Гарьдмагнай,
• УИХ-ын гишүүн асан, “Сод Монгол Групп”-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазар,
• “Khovd Broncos FC” багийн менежер Ө. Алтай,
• Н.Болор-Эрдэнэ,
• Монголын Спортын Корпорацын спорт хариуцсан захирал С.Жаргал
УДИРДАХ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧИД:
• Л.Энхбаатар,
• Ц.Мөнх-Эрдэнэ,
• Б.Пүрэв-Очир,
• Г.Анархүү,
• Д.Батнасан,
• Д.Төрбат,
• Г.Тэгшжаргал.
Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлсэн таван хүнээс УИХ-ын гишүүн асан
Ц.Анандбазар нь дүрэмд зааснаар “нэр дэвшигч нь хөлбөмбөгийн спортод дөрвөөс доошгүй жил
идэвхтэй оролцсон” шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Энэ талаар холбогдох хүмүүсээс нь тодруулсан ч баттай хариулах хүн алга.
Түүнийг МХБХ-ны өмнөх ерөнхийлөгч, одоогийн УИХ-ын гишүүн А.Ганбаатартай холбоотой гэж
үздэг. Ц.Анандбазар нь 1997 – 1999 онд “Нью-Тур” компанид ерөнхий захирлаар ажиллаж байхад
А.Ганбаатар нь тус компанид менежерээр ажиллаж байсан баримт бий.
Монголын Хөлбөмбөгийн Холбоог тойрсон олон асуудлын эхлэлийг хуучин удирдлагууд тавьсан
гэж үзэх хүмүүс олон байдаг. Саяхан ажлаа өгсөн ерөнхийлөгч М.Болд, ерөнхий нарийн бичгийн
дарга асан Т.Дагвадорж нар удаа дараа хийсэн мэдэгдэлдээ холбоог хүлээн авахдаа олон
тэрбумын өртэй байсан гэдэг. Тодруулбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Т.Дагвадорж нь
сэтгүүлчидтэй уулзахдаа “Анх ажлаа хүлээж авахад холбоо 3.8 тэрбумын өртэй байсан” гэж
ярьж байв.
Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 1.10 зааснаар
“УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн
холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд
сонгогдохыг хориглоно” гэсэн байдаг.
Тэгвэл холбооны ерөнхийлөгч асан А.Ганбаатар өнөөг хүртэл Удирдах зөвлөлийн гишүүн гэсэн
албатай, холбооны үйл ажиллагаанд “алсаас” оролцсон хэвээр байна. Тэрбээр мөн Азийн
Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ны Зүүн Азийг хариуцсан дэд еренхийлөгчөөр нь ажилладаг.
Эх сурвалж: ikon.mn