Тойм: МАН-ынхны суртахуунгүй хэрүүл гаарч Төрийн ордныг заргын индэр болгосоор…

Таамаг ёсоор АТГ-ын дарга З.Дашдавааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улираан томилох шийдвэрээ танхимдаа танилцуулж, араас нь УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үед түүнийг энэ албан тушаалд улирах хэмжээний оролцоотой байсан эсэхийг өөрөөс нь гишүүд ч завсаргүй асууж, улс төрийн үйл явдлын анхаарал татах нэг хэсэг ийн өрнөсөн юм.
Улс төрийн томчуудын хэргийг шийдэх явцын талаар болон одоогийн парламентийн хэдэн гишүүн шалгагдаж буй талаарх асуултад АТГ-ын дарга З.Дашдаваа оновчтой хариулж зүрхлэхгүй байгаа харагдав. Ерөнхий сайдын шийдвэрийг бүлэг дээрээ дэмжсэнийг чуулганаар ч мөн баталгаажуулсан юм.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн Х.Баттулга руу акцалсан мэдэгдэл хийж, нэр холбогддог “Төгрөг нуур”-ын стратегийн ордыг төрд авах асуудлыг хөндсөн бөгөөд Х.Баттулга үүнд өөрийн биеэр эрс няцаалт хийлгүй, алсуур хариулт шидэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Х.Баттулга өөрөө 21 аймгаар тойрч явахдаа уг стратегийн ордыг төрд авах талаар ярьж явсан хүн. Өөрийнхөө юмыг төрд өгүүлнэ гээд ярих уу” хэмээсэн нь магадгүй Х.Баттулгын хариулт ч байж болох. Яагаад энэ цаг үед Н.Учрал заавал Х.Баттулгыг цохлон хэлэх болов. Үүнийг нь яагаад МАН доторх залуу гишүүдээс нь дэмжиж, дахин дахин “мөлжих” болсон нь улс төрд ил харагдаж, яригдаж байгаагаас өөр нюанс далд өрнөж буйн дохио юм.
ХҮН намын Б.Найдалаа “ил гарав”. Намын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярын нүд хөхөрч, оёдол тавиулаад зогсохгүй, цагдаад бүртгэгдсэн байтал уг асуудлаас хойш харагдалгүй байсаар хэвлэлийнхэнд баригдаж, нэгэнт тайлбар хэлэхээс аргагүй нөхцөл тулгарахад “Санаандгүй л юм болсон” хэмээн нам доторх хагарал, сөргөлдөөнөө илтэд булзайруулж буй харагдлаа. Намын дарга Т.Доржханд ч ийн намынхаа нэр хүндийг нэг сайдынхаа нэр хүндээр сольчихов. Улс төрийн мэтгэлцээн, маргаан байх асуудал ч илтэд биед нь халдсан энэ үйлдэл нь ХҮН намын яриад байдаг ёс суртахуун, намын төлөвшил, соёлд нийцэхгүй байна. Зодооны асуудал намжилгүй араас нь ХҮН намын сонгуулийн хандивын асуудал сөхөгдөв. Сонгуулиар 38 хуулийн этгээдээс авсан хандивын 37 нь “MCS”-ийнх байтал “Бидэнд ямар нэгэн нөхцөлгүйгээр өгсөн” хэмээн намын дарга Т.Доржханд мэдээлэл хийсэн нь тус намын улс төрийн үзэл баримтал хийгээд оролцоог эргэн нэг “цэгнэж харах” ёстой мэт.
Хэвлэлийг өгөөш мэт ашигладаг үйлдэл МАН-д гаарч байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар илт биентэйгээ сөргөлдөж, Хууль зүйн сайд байсан хүн нь маргаанаа хэвлэлийнхний анхааралд өртүүлэхийн тулд өөрт байгаа мэдээллийг нэмж, хачирлаж субъектив ярих болов.
Хуучин цагийн парламент дахь МАН-ын энэ мэт нэгэндээ хэвлэлээр үг дайдаг, өөрт байгаа мэдээллээрээ нэгнээ хатгадаг хоцрогдмол, бүдүүлэг арга барилыг дараа дараачийн үе нь ингэж “нутагшуулмааргүй”. Төрийн ордон өнөөдөр МАН-ынхны хэрүүлийн, ХҮН намынхны зодооны индэр биш. Төрийн хууль ёс, УИХ-ын гишүүний ёс зүйг сахиж ажилладаг баймаар.
Улс төрийн олон үйл явдал энэ хэдэн хоногт өрнөсний ард Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж төрийн ордонд үзэгдлээ. Хэвлэлийнхний олон асуултын эхэнд “Улс төрөөс нэгэнт явчихсан бол түүх ярина уу гэхээс будилаан хутгаж суух хэрэггүй” хэмээн намынхаа хууччуулд болон, мэргэжил нэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд “Би сайд байхдаа хэргийн материал ярьдаггүй байсан” хэмээн хатуухан үг дайв.
Мөн “Би УИХ-ын дарга байхдаа Их хурлын хэд хэдэн хуулийг өөрийн гараар бичсэн. Хувийн ч бай хувьсгалын ч бай компаниудыг Их хурлаас ажлын хэсэг гарч шалгахгүй гэдэг заалт оруулсан. Очиж байгаа хүмүүс нь улс төрийн зорилгоор хандаад бизнес эрүүл саруул замаар явах замыг хаадахг аюул байсан учраас төр өөрийнхөө бүтцээр дамжуулж шалгадаг байсан. Хуулиар хаачихсан асуудлыг одоо ингээд шалгана гээд ярьж байгаа нь буруу” хэмээн Засгийн газар руу чулуу мэт үг шидсэн.
Энэ бол дан ганц Ц.Нямдоржийн ч бодол биш. МАН доторх “томчуудын” бодол.
Хаврын чуулган бол УИХ-ын голлох хуулиудаа хэлэлцдэг, ажил хэрэгч үе. Гэтэл эрх баригч намынх нь гишүүдийн улс төрийн манлайлал илтэд доройтож, суудлаа нэмсэн ХҮН намын ёс зүйн асуудал ийн уналтад орж буй нь парламентийн чадамж ч суларч буйн жишээ юм.