Ноолууран бүтээгдэхүүний экспортыг 398-690 сая ам.долларт хүргэж, боловсруулалтыг нэмэгдүүлнэ

- Ирэх дөрвөн жилийн хугацаанд “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2.19 их наяд төгрөгийн санхүүжилт олгож, ингэхдээ 682.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
- Хөдөлгөөний үр дүнд ноолуурын боловсруулалт 20-40 хувиар нэмэгдэж, ноолууран бүтээгдэхүүний экспорт 398-690 сая ам.долларт хүрнэ тооцоолжээ.
- Аж ахуйн нэгжүүдэд олгох 1.51 их наяд төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкнуудын эх үүсвэрээр санхүүжүүлэх бөгөөд Засгийн газрын зүгээс зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдсэн.
Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт 2024 оны байдлаар нийт экспортын гурав хүрэхгүй хувийг бүрдүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.19 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ. Ингэхдээ 682.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Монгол Улсын төсвөөс санхүүжих 682.4 тэрбум төгрөгийн санхүүжилт нь хөтөлбөрийн үндсэн дөрвөн чиглэлийн дагуух дэд бүтэц, стандарт сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх болон зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулагдахаар батлагдсан.
Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт 2024 оны байдлаар нийт экспортын гурав хүрэхгүй хувийг бүрдүүлж байна. Манай улс жилдээ ноос, ноолууран хувцас, арьс, шир, гутал, савхин эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг 190 орчим сая ам.доллароор гадаадаас худалдан авч байна. Харин үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болгох юм.
2025 онд 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор төлөвлөж, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулан 66 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Цагаан Алт үндэсний хөтөлбөрийн үр дүнд ноолуурын боловсруулалт 20-40 хувиар нэмэгдэж, ноолууран бүтээгдэхүүний экспорт 398-690 сая ам.долларт хүрнэ тооцоолжээ.
“Энэ бол хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй төсөв, санхүүгийн бодит дэмжлэг юм” гэж Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын үеэр онцлоод буй.