Батлан хамгаалах салбарын ажил багадаж, Б.Бямбацогт сайд хөтлөгчийн ажил хийдэг болов

0


Энэ удаагийн парламент болон Засгийн газар рийл, нэвтрүүлэг хийдэг хэд хэдэн гишүүд, сайд нартай болоод буй. Тэдгээрийн нэг нь Батлан хамгаалахын сайд Б.Бямбацогт.

УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам гээд уг нь Б.Бямбацогтод ард түмнээ төлөөлөн хийх төрийн ажил, үүрэг олон. Гэтэл тэрбээр энэ удаагийн парламент эхэлмэгц өөрийн “Бямбын урилга” нэвтрүүлгээ эхлүүлж өдгөө тав дахь дугаараа гаргаад байна.

Тэрбээр анх УИХ-ын гишүүдтэйгээ санал бодлоо солилцож, зааж зөвлөх зүйл байвал мэдлэг туршлагаа хуваалцаж, тэдний бодож санаж, хийж төлөвлөж байгаа зүйлсийг иргэдэд хүргэх зорилготой хэмээн Бямбын урилга контентыг эхлүүлж байсан.

Улмаар тус нэвтрүүлгийн гурван дугаарт УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Батнайрамдал, Т.Аубакир нар оролцсон. Харин үлдсэн хоёр дугаарт нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан гол багийн Улсын хошой аварга малчин Д.Отгонням, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, Хасын хүлгүүд багийн тамирчин Б.Билгүүн нар оролцоод байгаа юм.

Эндээс Б.Бямбацогтын нэвтрүүлэг нь гишүүдийн хийж буй ажлыг иргэдэд хүргэх, туршлага хуваалцах гэх зорилгоосоо хальж нийгэм, энтертайнмент тал руугаа орсныг харж болно.

Жил бүр хугацаат цэрэг амиа алдаж цэрэгт татагдаж буй залуусын асуудал нь салбарын хэмжээнд хөндөгдөж буй энэ үед салбарын сайд нь хувиараа нэвтрүүлэг бэлтгэж явах нь зохистой үйлдэл мөн үү.

УИХ-ын гишүүний хувьд иргэдэд ээлтэй хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын гишүүний хувьд эдийн засгийн томоохон үр ашигтай мега төслүүддээ анхаарч, салбартаа анхаарал хандуулах ёстой юм биш үү.

Нэвтрүүлэг бэлтгэх телевизүүдийн ажлыг хөтлөгчид нь үлдээж өөрөө төрийг төлөөлж буй хүний хувьд үндсэн ажлаа хиймээр байна сайд аа.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *