Намуудын санхүүжилтийг технологийн шийдлээр олон нийтийн хяналтад оруулах боломжтой

0

Сонгуулийн ерөнхий хороо Нээлттэй засгийн түншлэл, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси Интэрнэшнл олон улсын байгууллага, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох олон улсын туршлага” семинарыг зохион байгуулж байна.

Сонгуулийн тогтолцооны олон улсын сангийн Улс төрийн санхүүжилт хариуцсан ахлах зөвлөх, Европын бүсийн газрын захирал Махнус Оман “Цахим ил тод байдал, дэлхийн улс орнуудын туршлага: Зарим бүс нутагт ил тод байдлыг хангахад ашиглаж буй цахим шийдэл” илтгэлдээ цахим системд тайлагнах, дүн шинжилгээ хийх, нээлттэй байршуулах олон улсын туршлагаас танилцууллаа. Цахим системд тайлагнах заавар, гарын авлагыг боловсруулж, намын ажилтнуудыг тогтмол сургах шаардлагатайг тэрбээр зөвлөсөн юм. Тайланг бүрэн эсэхийг хянах, хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлах боломжоор хангахын тулд төрийн байгууллагууд мэдээлэл солилцож болохуйц систем хөгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн алба (АИХЭА) Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт хийж буй. Тус байгууллагын Хуулийн мэргэжилтэн Надя Сирэнко, Сонгуулийн зөвлөх Горан Пэтров, Улс төрийн намын Үндсэн багийн гишүүн Фэрнандо Касал Бэртоа нар Улс төрийн намын тухай хуульд өгөх урьдчилсан зөвлөмжөө олон улсын хурлын үеэр танилцуулав. АИХЭА-ны мэргэжилтнүүд энэ сарын 8-11-нд оролцогч талуудтай уулзан, хуулийн практик хэрэгжилтийн талаар тодруулж, урьдчилсан зөвлөмжид тусгасан шүүмж, зөвлөмжийн талаар санал солилцож, нэмэлт өөрчлөлт оруулахаа тодотгосон юм. Улмаар энэ оны хоёрдугаар улиралд санал зөвлөмжийг эцэслэж нийтэд мэдээлэх аж.

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтад оруулахад технологийн шийдлийг ашиглах, цахим систем хөгжүүлэхэд олон улсын туршлага судлах, мэдээлэл солилцох зорилготой уг хуралд хамтран зохион байгуулагч олон улсын байгууллагуудаас гадна Сонгуулийн тогтолцооны олон улсын сан (IFES), Армени улсын Авлигаас сэргийлэх комисс, Английн Бристолийн их сургууль, НҮБ Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх болон Сангийн яам, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. 

“Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох олон улсын туршлага” семинар хоёр өдөр үргэлжилнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *