“Нүүрсээ хямдхан өгөөд 20,000 тээвэрчийн эрх ашгийг зуушинд нь тавиад өгчихлөө. Бид ажил хиймээр байна”

0

Монгол Улсын дөрвөн боомтод нүүрс экспортын тээвэр хийдэг тээвэрчин, ААН-ийн төлөөлөл
өнөөдөр Зам, тээврийн яамны гадна суулт хийж байна.
Ямар асуудлаар суулт хийгээд байгаа талаараа тээвэрчид “80 сая тонн нүүрсийг
тээвэрлэдэг 1,000 гаруй компанийн 20-оод мянган тээвэрчид байна. Тэдгээрийн ард олон айлын
амьдрал байна. Тэр Чайна Энержитэй гэрээ байгуулж Хятад талын бүх болзлыг зөвшөөрлөө.
Одоо хүнээ ярих хэрэгтэй байна. Нүүрсний тээврээр амьдарч байгаа нийгмийн том бүлгээ төмөр
замтай болж байгаа юм чинь зайл гэх хандлага ажиглагдаж байна.

Асуудал 1: Эрдэнэс Тавантолгой компанийн оффтэйк гэрээгээр дөрвөн том худалдан авагчид
байна. Худалдах, худалдан авах гэрээ хийхдээ тэдгээр дөрвөн худалдан авагчдад нүүрсээ
өөрөө мэдээд зөө гэх эрхийг нь өгчихсөн. Худалдан авагчид нь өөрсдийнхөө компаниар зөөнө
гэж байна. Манайх нүүрсээ хямдхан өгөөд нэмээд тээврээ бэлэглэж байхдаа энэ тээврийн
салбарт байдаг 20,000 хүний эрх ашгийг зуушинд нь тавиад өгчихлөө. Бид ажил хиймээр
байна. Гэтэл тэр боломжийг худалдан авагч атгачхаад байна. Монгол айл өрх, монгол
бизнесийн олж байсан 70 сая ам.доллар хилийн цаана үлдээд байна.

“Гэрээндээ худалдан авагч нүүрс тээвэр хийхдээ дотоодын тээврийн багаас 60-аас доошгүй хувийг нь оруулна гэсэн заалт оруул”
Биржийн хуульд өөрчлөлт орж байна. Дагуулаад тээврийн зохицуулалтаа мөн өөрчил. Эрдэнэс
Тавантолгой компани худалдан авагчтай гэрээ хийхдээ нүүрсний мөнгө нь орж ирэхээр тэр
компанийн өмч гээд тооцчихож байгаа учир тэр компани нүүрсээ татаж авахаа өөрсдөө мэд гээд
орхичхож байгаа юм. Энэ заалтаа өөрчилж, худалдан авагч нүүрс тээвэр хийхдээ дотоодын
тээврийн багцаас 60-аас доошгүй хувийг нь оруулна гэсэн заалт оруул гээд байгаа юм.

Асуудал 2: Нүүрс худалдан авагч нүүрсээ зөөлгөхөөрөө ах дүү төрөл садандаа тараагаад
өгчихдөг. Тэдгээр нь 70 юаны ачааг 65 юаниар зөөлгөж байна. Жишээ нь Бичигтийн боомт дээр
100 сая нүүрс гарлаа гэж бодоход 500 сая юань хулгайлагдаж байна гэсэн үг юм. Дундаас нь цавчиж аваад л чи зөөгөөрэй гээд орхичихдог. Дарга цэргийн захисан, шургасан хүн л нүүрс
зөөж тэр мөнгийг халааслах эрхтэй байна. Үүнийг шударга шилэн болгож, захиалга шууд
тэзвэрчид нь дээр ирээд тээвэрчид нь үнээ өгөөд ачдаг байх ёстой. Үүнийг хэдхэн хүн өмчилж
авчхаад байна. Энэ их хулгай, мөнгийг барихгүй юм уу?

Асуудал 3: Тээврийн хөлсөө авч чадахаа байсан. Тэрбум ба түүнээс дээш авлагатай өчнөөн
компани байна. Зургаан сар, нэг жилээр нь тээврийн хөлсийг шилжүүлэхгүй байна. Зургаан
сарын турш тээвэрчид тэсэж амьдарч байна. Үүний дундуур нүүрсний тээвэрт маш олон цавчаа
хулгай байна. Хулгайлагдаж байгаа мөнгийг нь тээвэрчдэд өгөөч ээ

Асуудал 4: Тээвэрчдийн нийгмийн асуудлыг тэр чигт нь хаячихсан байна. Бараг бүх боомт
дээр машиндаа хонодог, бөөстөхөөс бусдаар амьдарч байгаа хүмүүс л байна. Маш том бүтээн
байгуулалт хийж байгаа ч тэнд нь тээвэрчдийн орох жорлон ч байхгүй. Төрийн албан хаагчдад л
зориулсан байна. Мөнхийн машин дотроо амьдардаг хүмүүст цугларах, усанд орох газар алга.

Дөрвөн жил нүүрс ярилаа.Одоо хүнээ яриач ээ.Энэ хүмүүс өрөнд ороод одоо амиа хорлоход бэлэн болсон учраас энд цуглаад байна. Шаардлагыг хангахгүй бол дөрвөн боомтын тээвэрчид
тэг зогсолт хийхэд бэлэн байна.
Зөөх нүүрс ч алга. Нүүрсийг гарын 10 хуруунд багтах монополи буюу худалдан авагчийн таалалд нийцсэн компаниуд л зөөгөөд байна” гэв.

Эх сурвалж: ikon.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *