Улс төрийн намын санхүүжилтийг тайлагнах цахим шийдлүүдийн туршлагыг хэлэлцэв

Нээлттэй засгийн түншлэлээс 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Монгол Улс Ази тивээс анх удаа нэгдсэн. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, намын санхүүжилтийг олон нийтийн хяналтад оруулахад олон улсын өмнө хариуцлага хүлээж байгааг “Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох олон улсын туршлага” семинарын эхэнд оролцогчид онцолсон юм.
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод, нээлттэй байдлыг хангахад цахим систем ашиглах, шийдлийг тодорхойлох зорилготой уг семинарт оролцогчид 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар Латви, Армени, Англи зэрэг улсын туршлагаас хуваалцлаа. Тухайлбал, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын улс төрийн намын үндсэн багийн гишүүн, Латви улсын парламентын гишүүн асан Лолита Сиганэ улс төрийн намын санхүүжилтийг тайлагнах цахим шийдлийн туршлагын талаар мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариуллаа. Латви улсад намын санхүүжилтийг тайлагнахад EDIS цахим систем ашигладаг. Тус систем нь төрийн байгууллагаас намуудтай харилцах гүүр болохоос гадна техникийн түвшний шийдэл нь улстөржих эрсдлээс сэргийлдэг. Мөн бүх оролцогчдод тохирох нэг хэмжээс ашиглахаас гадна өгөгдоийг хялбар боловсруулж, хянах боломж олгодог аж.
Санхүүгийн тайлангийн өгөгдөл оруулах систем нь мөнгөн, мөнгөн бус, бусад хандивыг оруулсан даруйд нийтэд мэдээлэх боломжтойгоос гадна орлого, зарлага нь автоматаар бүртгэгдэж, нэгтгэгддэг. Төрөөс олгосон санхжүүжилтийг хэрхэн ашиглаж буйг системээр олон нийт хянах боломжтойг танилцууллаа. Тайлангийн систем дэх мэдээлэл нийтэд нээлттэй бөгөөд мэдээлэл авч дүн шинжилгээ хийх, хандивлагч өөрийн хандиваа хянах боломжтой аж. Тухайлбал, хувийн эх үүсвэрээс орж ирсэн хандивыг бүтцийн хувьд хэмжээ, давтамж, идэвхтэй дэмжигч, тэдний ажилладаг салбар зэрэг үзүүлэлтээр тоймлодог. Мөн улс төрийн нам, хандивын ангилал, хандивлагчийн мэдээлэл, цаг хугацаа зэрэг сонголтоор хайлт хийх мэдээллийн сан бүрдүүлснийг танилцууллаа. Цахим системээс гадна тайлангийн аппликэйшн нэвтрүүлсэн нь өргөн хэрэглээтэй байдгийг дурдсан юм.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, хянах боломж, сорилтын талаар Английн Бристолийн Их сургуулийн Улс төрийн тэнхимийн профессор, доктор Сэм Пауэр илтгэл хэлэлцүүллээ. Сонгууль эрхэлсэн байгууллагын нөөц, сонгууль зохион байгуулах цаг хугацаа хязгаарлагдмал тул хиймэл оюун ухаан ашиглах шаардлагатайг тэрбээр дурдаад зөв ашиглаж чадвал олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм. Хиймэл оюун ухаан нь их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд хямд өртгөөр боловсруулах боломжтой. Англи сонгуулийн төв байгууллагад ирүүлсэн нэхэмжлэхүүдийн шинжилгээнд суурилан хиймэл оюун ухааны арга хэрэгсэл хөгжүүлж байгаа аж. Ингэхдээ PDF файлаар дүр таних системд оруулж, ангилснаар хиймэл оюун ухаан ашиглах өгөгдлийн сан бүрдүүлжээ. Хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр хяналт тавих, авлигаас сэргийлэх, авлигын эсрэг “Улаан туг” сисмем ашиглах боломж бүрдэхээс гадна нягтлан бодох туршлагыг стандартжуулах, мэдээлэл ил тод нээлттэй болох зэрэг ач холбогдолтой. Нөгөө талаар хуулийн орчин бүрдүүлэх, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, итгэлцлийг бүрдүүлэх зэрэг сорилт тулгардгийг ч тэрбээр танилцууллаа.
Бодлогод залуусын хяналт ТББ нам, эвсэл, сонгуулийн зардлын тайланд хяналт үнэлгээ хийснийг Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан танилцуулсан юм. Улс төрийн намуудын санхүүжилт, зардлын тайлангийн ил тод байдал хэрхэн хангагдаж байгаа болон иргэний нийгмийн байгууллага, олон нийт мэдээлэл авахад тулгарч буй бэрхшээлийг тодорхой жишээгээр дурдсан юм. Түүнчлэн тайланд баримт тулгалт хийхэд тодорхой зөрчил гарсныг онцлов.
“Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох олон улсын туршлага” семинар өнөөдөр цахим систем хэрэглэгчдийн шаардлага хэрэгцээг тодорхойлох бүлгүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ.