“Төрийн өмчийн байрны түрээсийн орлогыг ил болголоо”

0

Цахим харилцаа, холбоо, хөгжлийн сайд Н. Учрал өнөөдөр /2023.04.24/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Төрийн өмчийн байруудыг төрийн өмчийн компани, бусад аж ахуйн нэгжүүд, хувийн компаниудад хэрхэн үр ашигтайгаар түрээслүүлж, улсын төсөвт хэр орлого бүрдүүлж байна вэ гэдэг нь чухал. Тийм учраас төрийн түрээслүүлэгч байгууллага гэхэд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Хавдар судлалын үндэсний төв, Засгийн газрын авто бааз, Улсын нэгдүгээр эмнэлэг, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц гэх мэт байгууллагууд төрийн өмчийн байранд зөв менежмент  хийж байна. Хамгийн их улсын төсөвт орлого бүрдүүлдэг байгууллагууд болж байна.

Хувийн байгууллагуудаас төрийн өмчийн байруудад төлбөр төлж, гэрээ байгуулаад түрээсэлдэг. Бид энэ мэдээллийг ил болгож байна. Ингэхдээ түрээслэгч байгууллагуудаар нь хайлт хийж, ямар байгууллагууд хэр хэмжээний талбай түрээсэлдэг талаарх мэдээлэл харагдана.

Түрээсийн үнийг ч ил тод харуулсан байгаа. Нийт түрээсийн орлого хэд вэ гэдгийг харах боломжтой. Төр гэдэг айл олон мянган гэрчилгээтэй, олон байртай байлаа гээд бүх талбайгаа дүүргэх албагүй. Үл хөдлөх хөрөнгөө үр ашигтай болгож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талбар байлгах ёстой. Тийм учраас та бүхэн түрээсийн үнэ, байгууллагын талаар мэдээллийг харах боломжтой.

Дараагаар нь төрийн өмчид компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийн бүтэц бүрэлдэхүүн, цалингийн хэмжээг олон нийтэд ил тод болгож байна. Бид өмнө нь зөвхөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг төрийн өмчид компаниудын ТУЗ-ийн мэдээллийг ил болгож байсан. Энэ удаа холбогдох аж ахуйн нэгжүүдээс мэдээллийг авч, төрийн өмчит компанийн ТУЗ-ийн мэдээллийг ил болгож байна. Жишээлбэл, та бүхний анхаарлыг татаж байсан “МИАТ”, “Хөгжлийн банк”, “Эрдэнэс Монгол” компанийн охин компаниуд зэрэг нөлөө бүхий компаниудын мэдээллийг ил тод болгосон” гэв.

БАЙРНЫ ТҮРЭЭСЭЭРЭЭ ХАМГИЙН ИХ ОРЛОГО ОЛДОГ ТАВАН БАЙГУУЛЛАГА

Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг shilen.gov.mn-д өнөөдөр \2023.04.24\ байршууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7,7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, “Чингис хаан” ОУНБ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг түрээсээс хамгийн их орлого олдог таван байгууллага юм. Хувийн хэвшлээс “Мед портал”, Голомт банк, “Монгол Хьюандай автомотив” компани төрд хамгийн их түрээс төлдөг байна. ХСҮТ зөвхөн талбай түрээслэх бус орлого хуваах гэрээ байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өөрсдөө эрсдэл үүрэхгүй, урсгал зардал гаргахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар нь иргэдэд үйлчилж байна.

Иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн, хэнд, хаана, хэдээр, хэр хэмжээтэй талбайг  ямар хугацаанд түрээслүүлж буйг мэдэхийг хүсвэл shilen.gov.mn-ээс харж хянах боломжтой.  ТӨБЗГ төрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний загвар, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 49 дүгээр тогтоолоор баталсан. Түрээсийн орлогоос 40 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоожээ.

ХӨГЖЛИЙН БАНК, МИАТ, “ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ТУЗ-ИЙН ЦАЛИНГ ИЛ БОЛГОВ

Төрийн өмчийн, нөлөө бүхий компани “Эрдэнэс Монгол”, Хөгжлийн банк, МИАТ-ын ТУЗ-ийн 534 гишүүний цалин ил тод болж байна. Shilen.gov.mn цахим хуудсанд өнгөрсөн долоо хоногт төрийн өмчийн болон төрийн оролцоотой компанийн 58 ТУЗ-ийн 504 гишүүний нэр, цалинг ил болгосон юм. Өнөөдөр мэдээлэл нэмэгдсэнээр төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийнх нь нэр, цалин нээлттэй болоод байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулж, давхардал, хийдэл арилгахын тулд  ТУЗ-үүдийг нэгтгэх, тогтмол цалин бус цагийн хөлс олгох шийдвэр гарган ажиллаж байна.

Тухайлбал, “Эрдэнэс Монгол”-ын 39 компанийн хувьцаат компани байхаар хуульд заасан таваас бусдынх нь ТУЗ-ийг татан буулгаснаар зардал нь хоёр тэрбумаас 500 сая хүртэл дөрөв дахин бууруулахаар болсон. Цаашид бүх төрийн өмчит компанийн ТУЗ-ийн данхар бүтцийг өөрчилж, 30 гаруй тэрбум төгрөгийг хэмнэхээр ажиллаж байна.

ХААДС-Д 169,7 ТЭРБУМЫН ӨРИЙН МЭДЭЭЛЭЛ НЭЭЛТТЭЙ БОЛЛОО

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлээс 8993 хуулийн этгээдэд хамаарах 169.7 тэрбум төгрөгийн өртэй мэдээлэл ил тод боллоо. Ил тод мэдээлэл өр багасгах хөшүүрэг болж, өнгөрсөн долоо хоногт 95 иргэн, хуулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн байна. Энэ сангийн мэдээллийг ил болгосноос хойших хугацаагаар авч үзвэл нийтдээ 694,6 сая төгрөг эргэн төлөгдөөд байгаа юм. ХАА-г дэмжих сангаас зээл авсан нийт 10325 компани, иргэн, байгууллагын мэдээллийг 100 хувь ил болгохоор ажиллаж байна. Бүгд 60 сарын хугацаанд зээлээ төлөх ёстой ч хугацаа  хэтэрсэн зээлийн мэдээллүүд их байна.

ЖДҮХ САНД 221,3 ТЭРБУМЫН ӨР ХУРИМТЛАГДСАН БАЙНА

ЖДҮХ сангаас 2008 оноос хойш 270 тэрбум төгрөгийн зээл авсан 1295 иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг нээхэд 221,3 тэрбум төгрөгийн өр ил боллоо. ЖДҮХС-гаас иргэн, хуулийн этгээдийн авсан 270 тэрбумын зээлээс төлөгдсөн нь 48,7 тэрбум, үлдэгдэл нь 221,3 тэрбум. Нийтийн сангаас хөнгөлөлттэй зээл авсан ч  өр үүсгэсэн хуулийн этгээдүүдийг онцлон анхаарч, үүргээ биелүүлэхийг шахаж шаардах нь бусдын эдлэх эрх тэгш боломжийг нээхэд туслах юм.

SHILEN.GOV.MN-Д НЭГ САЯ ГАРУЙ УДАА ХАНДААД БАЙНА

“Шилэн” ажиллагаа эхэлсэн 2023 оны гуравдугаар сарын 27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn-д 1 сая 34 мянга 550 хандалт бүртгэгдлээ. Энэ нь иргэд мэдэх эрхээ эдэлж, өөрсдийн сонгон байгуулсан төрөө шууд хянах хүсэл сонирхол их байгааг илтгэж байна. Shilen.gov.mn төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг инфографик зураг дүрстэй, илүү хялбар болгон, нэг дор байршуулж байгаа юм. Иргэд сураг ажгаар бус судалгаа сурвалжтайгаар, хардахаас илүүтэй харж мэдэж, нээлттэй мэдээлэлд дүн шинжилгээтэй, эш үндэстэй хандах соёл хэвшин түгж эхэлж байна.

ШИЛЭН ИНДЕКС: БОАЖЯ, ХЗДХЯ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

ЦХХЯ-наас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, долоо хоног тутамд “Шилэн индекс” зарлаж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам 98.59 хувь, Хууль зүй, дотоод хэргийн яам 91.66 хувь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам 91.25 хувийн үнэлгээтэй төрийн захиргааны төв байгууллагуудаа тэргүүллээ.

Харин Төрийн захиргааны байгууллагын хувьд Шүүх шинжилгээний ерөнхий газар 85.18 хувь, Архивын ерөнхий газар 84.72 хувь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 83.75 хувийн үнэлгээ авч хошуучилж байна.

Нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн ЗДТГ 71.73 хувь, Баянхонгор аймгийн ЗДТГ 67.01 хувь, Баян-Өлгий аймгийн ЗДТГ 62.88 хувийн үнэлгээ авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дүүргүүдээс Багануур 76.05 хувь, Баянгол 74.64 хувь, Хан-Уул 63.38 хувиар тэргүүлсэн бол Сүхбаатар 43.05 хувь, Багахангай 43.66 хувийн хамгийн бага үнэлгээ авч сүүл мушгилаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *