Энэ хичээлийн жилд дотуур байранд 528 дотуур байранд 42990 хүүхэд амьдарч байна

“Дотуур байр 2.0” үндэсний бодлогын III дахь зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
2024 оны байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 415 сургуулийн 528 дотуур байранд 42990 хүүхэд амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан. Тэгвэл энэ хичээлийн жилд дотуур байранд 30838 суралцагч байгаагаас 77.5 хувь нь малчин өрхийн хүүхэд ажээ. Зөвхөн хөдөө, орон нутаг төдийгүй нийслэл хотод ЕБС болон МСҮТ-ийн суралцагч байршил, орон зайгаас үл хамааран сурах, хөгжих эрхээ эдлэхийн тулд зайлшгүй дотуур байранд амьдарч байна.
Зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ярихдаа, “Дотуур байрны асуудал маш чухал сэдэв. Бусад орноос туршлага судлах боломжгүй. Энэ нь нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой. Хүүхдүүдийн аюулгүй, таатай орчинд боловсрол эзэмших нөхцөлийг хангах, асран хамгаалал чухал байна. Дотуур байрны багш нь хүүхдийн асран хамгаалагч гэдэг үүрэг статустай байх хэрэгтэй. Мөн төсөв, нэг багшид ноогдох хүүхдийн тоо, асран хамгааллын үйлчилгээ дотуур байранд ямар байх зэргийг шинээр харах шаардлагатай. Үүнд хөдөө орон нутгийн иргэдийн оролцоо, санал чухал. 2025 оныг Монгол Улсын Засгийн газар “Боловсролын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөөний нэг хэсэг нь дотуур байр байгаасай” гэв.
Харин “Хил хязгааргүй хуульчид” төрийн бус байгууллагын хуульч Н.Баясгалан, “2021 оноос эхлэн дотуур байранд тэгш хамруулж, чанартай сургах зорилт тавьсан. Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд дотуур байртай холбоотой есөн заалт оруулж ирсэн. Хуулинд дотуур байрны менежмент хэрэгжүүлэхийг тусгасан байдаг. Тиймээс манай улс өөрсдийн онцлогт тохирсон хүүхдийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” хэмээн ярилаа.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр гарсан санал хүсэлт, зөвлөмжийг нэгтгэсэн ирэх жил хэрэгжүүлэх ажилд тусгахаар төлөвлөсөн байна.
