“Хүний амь нас ялгагдах хэмжээний үнэ цэнгүй юм уу? Хүсэлтийнхээ хариуг авах зорилгоор суулт хийж байна”

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн
тасгийн дарга Д.Жанчив агсны ар гэрийнхэн Төрийн ордны гадаа суулт зарласан
байна.
Амь насаа алдсан алба хаагчийн гэргий “Хуулийн дагуу олгогдох буюу амь насны даатгал
болон 10 жилтэй тэнцэх хэмжээний цалинг авсан. Хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмжээ аваад
явж байгаа. Дүнжингаравын гал түймрийн үед амь насаа алдсан алба хаагчдад орон сууцны
дэмжлэг олгосон ч манай гэр бүлд олгоогүй. Тус байгууллагад 25 жил ажилласан миний ханийн
амь нас ялгагдах хэмжээний үнэ цэнгүй юм уу? Хүн чанар, нинжин сэтгэл гэж юм байдаг юм уу?
Өчигдрийн хэвлэлийн хурал дээр миний хэлсэн үг болгон үнэн. Миний үг Онцгой байдлын нийт
алба хаагчдын эсрэг байгаагүй шүү. Эсрэгээрээ тэнд ажиллаж байгаа алба хаагчдын өмнөөс дуу
хоолой нь болж дуугарсан юм. ОБЕГ-ын алба хаагчдын хангамж нь одоо бол өөрчлөгдөж
сайжирсан. Өчигдрийн хувьд би агаад ниргэсэн хойно нь хашхираад байгаа юм бэ?
Хөгжилтэйгөө зэрэгцээд өмнө нь сайжруулж болоогүй юм уу гэсэн харамслаа л илэрхийлсэн
юм.
Манайх 2022 онд зээлээ гаргуулаад байрандаа орж байсан. Би эрүүл мэндийн шалтгаанаас
болоод ажил хийх боломжгүй болсон учир зээлээ тодорхой хугацаагаар хойшлуулчихсан байсан.
Сая эмчилгээнд яваад ирсний дараа зээлийн маань асуудал гарч ирээд хүнд нөхцөл байдалд
орсон. Өчигдөр хэвлэлээр худлаа өвчтэй боллоо гэх мэтээр янз бүрээр л хэлж байна. Хүмүүс
намайг шуналтай гэх зэргээр юу гэж хэлэх нь хамаагүй. Ханийнхаа болон хүүхдүүдийнхээ төлөө
суулт хийж байна. Суултын маань зорилго нь хүсэлтийнхээ хариуг авах, шийдвэр гаргагч нар
амь насаа алдсан алба хаагчийн ар гэр, үр хүүхдүүдийг нь хараад хөрсөн дээрээ буусан
шийдвэр, хууль батлаасай гэдгийг харуулахыг хүсэж байна” гэв.
Эх сурвалж: ikon.mn