16-аас доош насныхан Инстаграмд эцэг эхийн зөвшөөрөлгүй дүрс шууд дамжуулалт ашиглах боломжгүй болж байна

Инстаграм платформд 16-аас доош насны хэрэглэгчид “live-streaming” буюу дүрс шууд
дамжуулах үйлчилгээг зөвхөн эцэг эхийн зөвшөөрлөөр ашиладаг болж байгааг Мета компани зарлажээ.
Бас хэрэглэгч хооронд дамждаг мессэж (direct message) доторх нүцгэн биеийн зургийг
автоматаар бүдгэрүүлдэг болж байгаа ба үүнийг нээхийн тулд эцэг эхийн зөвшөөрөл шаарддаг
болсон байна.
Дээрх өөрчлөлтүүд нь Мета компанийн өнгөрсөн оны есдүгээр сард танилцуулсан Teen Accounts
системийн өргөтгөл болж байгаа ажээ.
Мета компани өнгөрсөн хугацаанд Инстаграм платформын 16-аас доош насны хэрэглэгчдээ энэ
системд оруулж, илүү өндөр хяналттай болгосоор байгаа юм.
Тэгвэл Фэйсбүүк, Фэйсбүүк Мессенжэрийн өсвөр насны хэрэглэгчдийг бас Teen Accounts
системд оруулж эхлэхээр болжээ. Ингэхдээ эхний шатанд АНУ, Их Британи, Канад, Австралийн
зах зээлд нэвтрүүлэх юм байна.
Есдүгээр сараас хойш Мета компани Teen Accounts системд дэлхийн орон орны 54 сая орчим
хэрэглэгчээ шилжүүлжээ.
“Энэ бол Инстаграмын өсвөр насны хэрэглэгчдийн хэрэглээг үндсээр нь өөрчилсөн томоохон
шинэчлэлт юм. Бид гаргасан ахиц дэвшилдээ сэтгэл хангалуун байгаа ч өсвөр насныхныг
хамгаалах ажлаа зогсоохгүй, Фэйсбүүк, Мессенжэр платформууд дээр өргөжүүлж, эцэг эхүүдэд
илүү их амар амгаланг өгөх болно. Бид бас эцэг эхчүүдийн дуу хоолойг үргэлжлүүлэн сонсож,
өөрчлөлт шинэчлэлтийг хэрхэн хүлээн авч байгааг нь судлах болно” гэж Мета компаниас
мэдэгджээ.
Эх сурвалж: AFP