УИХ-ын гишүүн Б.Түвшин, О.Амгаланбаатар нарын сонгуульд ажилласан иргэдийг “сонгогчийг мөнгөөр татаж, санал худалдан авсан” хэрэгт яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой 1104 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний 665 нь нийслэлд, 439 нь орон нутагт бүртгэгдсэн байдаг.
Энэ талаар тухайн үед /2025.06.28/ ЦЕГ-ын Ажлын хэсгийн дарга, хурандаа Э.Товуудорж “Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 420, зөрчлийн 684 дуудлага мэдээлэл хүлээн авч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Гэмт хэргийн шинжтэй 420 мэдээллээс Эрүүгийн хуулийн 14.8 буюу нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл тараасан нь 259 буюу нийт мэдээллийн 61.7 хувийг эзэлж байна. Харин иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах зүйл ангид 83 буюу нийт гэмт хэргийн шинжтэй гомдлын 19.7 хувь нь хамаарч байна” гэдгийг тодотгож байсан юм.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн үеэр “сонгогчийг мөнгөөр татаж, санал худалдан авсан” гэх хэрэгт холбогдсон нэр бүхий гурван иргэнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Б.Түвшин, О.Амгаланбаатар нарын сонгуулийн сурталчилгааны ажилд оролцсон гурван иргэнийг “сонгогчийг мөнгөөр татаж, санал худалдан авсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шалгаж дууссан байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан зүйл ангиар буруутган шалгаж, улмаар прокуророос тус зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Завхан аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Одоогоор тус хэргийг шүүх хурал товлогдоогүй байгаа аж.
Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл /Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх/-ийн 2.3-д “сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Бид хэрэг явдлын талаар эргэн мэдээлэх болно.