“Meta” компани Instagram-ийг худалдах шаардлагатай болж магадгүй

- Meta компанийн түүхэн дэх хамгийн том шүүх хурал даваа гарагт АНУ-ын Вашингтон хотод эхлэх гэж байна.
- Тус компанийг АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос (FTC) Facebook-ийг эзэмшиж байх үедээ 2012 онд Instagram, 2014 онд WhatsApp-ийг худалдан авч, өрсөлдөгчдөө зах зээлээс шахаж, давамгайлсан хэмээн буруутгаж байна.
- Хэрэв энэ хэрэгт FTC ялалт байгуулбал, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг Instagram болон WhatsApp-ийг зарах шаардлагатай болж магадгүй байна.
Meta компанийн түүхэн дэх хамгийн том шүүх хурал даваа гарагт АНУ-ын Вашингтон хотод эхлэх гэж байна.
Meta компанийн түүхэн дэх хамгийн том шүүх хурал даваа гарагт АНУ-ын Вашингтон хотод эхлэх гэж байна. Тус компанийг АНУ-ын өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага болох Холбооны Худалдааны Комиссоос (FTC) Facebook-ийг эзэмшиж байх үедээ 2012 онд Instagram, 2014 онд WhatsApp-ийг худалдан авч, өрсөлдөгчдөө зах зээлээс шахаж, давамгайлсан хэмээн буруутгаж байна.
Хэдийгээр FTC тухайн үед эдгээр худалдан авалтыг зөвшөөрсөн ч, үр дагаврыг нь анхааралтай ажиглаж байхаа мэдэгдсэн юм. Хэрэв энэ хэрэгт FTC ялалт байгуулбал, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг Instagram болон WhatsApp-ийг зарах шаардлагатай болж магадгүй байна.
Meta компанийн зүгээс ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“FTC-ийн гол байр суурь бол Instagram-ийг худалдаж авсан нь Facebook-ийн эсрэг өсөн нэмэгдэж буй өрсөлдөгчдийг саармагжуулах арга байсан” хэмээн Вандербильтийн их сургуулийн монополын эсрэг хуулийн профессор Ребекка Хо Алленсворт тайлбарлажээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ, шүүх хурлын үеэр Закербергийн имэйлүүд болон түүний өөрийн хэлсэн үгс хамгийн хүчтэй нотлох баримт болох магадлалтай хэмээлээ.
“Тэрбээр ‘өрсөлдөхийн оронд худалдаж авах нь дээр’ гэж хэлсэн. Үүнээс илүү тодорхой зүйл гэж байхгүй биз дээ” хэмээн профессор Алленсворт онцоллоо.
Харин Meta компанийн зүгээс “энэ хэргийн хүрээнд бид Instagram, Facebook, WhatsApp нь TikTok, YouTube, X (хуучнаар Twitter), iMessage зэрэг олон өрсөлдөгчтэй гэдгийг тодорхой харуулах болно. Үүнийг дэлхийн бүх 17 настай хүүхэд ч мэднэ” гэж мэдэгдсэн байна.