Н.Учрал, Н.Тэгшбаяр руу бас УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч рүү буу шагайснаас өөрцгүй
Иргэн Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлэгсэд хэрэг дээрээ УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг занаж байна

Халтмаагийн Баттулгыг УИХ-ынхаа чуулганд суу, битгий хурлаа тасал гэж ээж нь загнаад байгааг гишүүн өөрөө хэлсэн. Гэвч, гэмшин байгаагаа олонд мэдэгдсэн Х.Баттулга ээжийнхээ үгэнд орж өнгөрсөн долоо хоногийн чуулганд мөн л суусангүй. Ээжийнхээ үгэнд ормоор бөхчүүд энэ мэт олон болжээ. Улсын харцага Г.Ганхуяг гэгч хүн Н. Тэгшбаяр доктор, Засгийн хэрэг эрхлэх газрын сайд Н.Учрал нарыг заналхийлэн буу онилсон зураг, бичвэрийг олон нийтийн сүлжээнд тавиад, хүчний байгууллагынханд баригдан саатуулагджээ. Ийм занилхийлэл үзүүлэгч нарт л ээж нь жинхэнээсээ Х.Баттулын ээж хуралдаа суу гэж загнасан шиг,хүн болгож хөхүүлсэн хөхөө үзүүлж, хүүгээ загнаж, хүн рүү буу онилж болохгүй гэж түм бум сургах ёстой. Хүн рүү буу онилж, тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаалтаныг занилхийлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ураны гэрээ байгуулсаныг, ураныг эсэргүүцэж байгаа юм шиг байгаа юм. Төр засгийнхаа, эх орныхоо эрх ашгийн эсрэг байна гэсэн үг. Ураны гэрээг Монгол улсын Засгийн газар байгуулсан. Иргэн Н.Учрал, Н.Тэгшбаяр нар байгуулаагүй. Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Францад айлчилж, энэхүү гэрээг байгуулах түүхэн ивээл, гарцыг эрэн байж, тэмүүлэн чангааж байж энэ гэрээг байгуулуулсан. Монгол Улсын парламентад олон суудалтай гурвын гурван нам хамтарсан Засгийн газар байгуулж энэ гэрээг , парламентаараа соёрхож хийсэн. Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Шадар сайд Л.Гантөмөр, Т.Доржханд нар ханцуй шамлаж, нэгдэн нийлж энэ гэрээг хийсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь чиг баримтлалаа тогтоогоод Монгол улсад хэрэгтэй гэж энэ гэрээг байгуулсан. Д.Амарбаясгалан даргатай төрийн эрх барих дээд байгууллага энэ гэрээг байгуулах хууль эрх зүйн орчныг өөрчилж, ийм эрхийг Засгийн газарт олгосон. Дэлхийн улс орнууд уран гэгч зүйлийг ашиглаад өндөр хөгжилд хүрч, энэ технологиор хүн төрөлхтөн хөгжсөн үлгэр загварын үндсэн дээр гэрээг Монголын Засгийн газар байгуулсан. Ийм атал эх орон, төрийнхөө өмнө үүргээ гүйцэтгэсэн иргэн Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлэн буудах дээрээ хүрээд байгаа этгээдүүд бол, үнэн хэрэгтээ Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, парламент, Ерөнхийлөгчийнхөө институт руу буу онилж байгаа, галт зэвсэг далайлган заналхийлж байгаа үйлдэл юм. Төрийн эсрэг гэмт хэрэг гэж айхтар зүйл ангитай Эрүүгийн хууль бий. Эх орон, Засгийн газрынхаа эсрэг ажиллаад байгаа хүмүүст Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Мөн Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газраараа, бүх гишүүдээрээ энэхүү ураны гэрээгээ тайлбарлаж, ураны ач холбогдол, гэм хортой эсэхийг системтэй таниулан сурталчилж, нэг талд нь гаргаж асуудлыг ултай авч үзэхгүй бол ихээхэн эсэргүүцлүүд гаарсаар, зүй бус олон зүйлд өдөөгдөж мэдэх нөхцөл байдлыг онцгойлон шийдвэрлэх шаардлагатай болжээ.
Төгрөг нуурыг зарсан Х.Баттулгын үйлдлийг үнэн зөв шийдэхийг Б.Жаргалсайхан, З.Дашдаваа нарт оноож байна

Стратегийн ордууд арилжаа наймаанд гуларч, ар өврийн хаалгаар алдагдаж одсоныг авч ирж, бөөгнүүлж төрдөө эргүүлсэн хүн бол эдүгээгийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх. Мөн түүний үйлийг үргэлжлүүлсэн хүн бол Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ. Баялагийн сан, эх орны эрдэнэ хишгийг ард түмэн өгөхийн өдгөөгийн боломжийг ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр манлайлсан. Эдүгээ Монголын иргэд бага ч гэсэн Баялагийн сангийнхаа хишгийг хүртэж сууна. Хэд гурван ч гэсэн төгрөг байсхийгээд ард түмний дансанд торхийж байгаа. Энэ үнэн. Үүнийгээ илүү их, илүү хүртээмжтэй болгоё хэмээн ажиллацгааж байгаа, хамтарсан Засгаараа,УИХ-тайгаа, Ерөнхийлөгчтэйгээ. Тэгэвч, асуудал бэрхшээл асар байгаа нь стратегийн ордуудад эзэн суугсад, зарсан, үрсэн улсын авир төрхөөс ихээхэн шалтгаалж байгааг улсаараа харж байна. Төгрөг нуурын ордыг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга зарсан нь нэгэнт тодорхой болж, тэрхүү үйлдэлтэй нь холбоотой бүхий л баримтыг сайд Н.Учрал хууль хяналтын байгууллагад шилжүүллээ. Н.Номтойбаяр, Х.Ганхуягаас өсгүүлээд олон гишүүн Х.Баттулгын энэ үйлдлийг шийдвэрлэн таниулж, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, төрийн түшээгийн хэм хэмжээт хуулиас давсан олон асуудлаар хууль шүүх нэг мөр дүгнэлт гаргахыг шаардаж байна. Төгрөг нуурын ордын бас нэгэн хувь эзэмшигч Л.Дүгэржав мөн Х.Баттулгад луйвардуулсан болохыг охин Д.Болорсүрэн нь нийгэмд мэдээлээд, хамгаалалт хүсэж байгаа юм. Монголын улс төрд болж байгаа эдгээр бүх үйл явц нь гагцхүү стратегийн ордуудын хувь хэмжээг хуулиар төрд авах, заримыг нь олох, гажуудсаныг засах чиглэлээр явуулж байгаа Засгийн газрын бодлогыг тойрон өрнөж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Өнгөрөгч долоо хоногт УИХ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал болгосончлон Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор улираалаа. АТГ-ын З. Дашдавааг мөн улираасан. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед эдгээр байгууллагын дарга болсон хоёр хүнийг У. Хүрэлсүх, Л. Оюун-Эрдэнэ нар улираалаа. Энэ тохиолыг ташлуулсан нийт иргэд, Монголын хууль тогтоогчид Х.Баттулгын Төгрөг нуурын ордыг зарсан асуудлыг эдгээр дарга нар үнэн зөв шийдэх үү гэдэг эргэлзээг үүсгэхийн дээр, үүнийг л үнэн зөв шийдээрэй гэсэн хариуцлагын даалгыг Б.Жаргалсайхан, З. Дашдаваа нарт бүрэн үүрүүлж байгаа юм.
Д.Амарбаясгалан банкчдын хүүллийг цэгвэлвэл ард түмэн баярлана
Спикер Д.Амарбаясгалан УИХ дээрээ маш чухал үг хэллээ. Энэ бол банк, банк бус, ломбардын дамлалын асуудал юм. Нэг нэгэндээ зээл олгон, цааш дамлан 50 хүртэлх хувийн хүүгээр Монголын ард түмнийг бүрмөсөн шулан мөлжиж, туйлдуулж гүйцэж байгаа эдгээр санхүүгийн хүүллийн байгууллагуудыг УИХ цэгцэлнэ гэдгийг дарга нь хэлчихлээ. Үүнийг шийдвэл Д.Амарбаясгаланд ард түмэн гүн талархах биз. Монголд гадны банк оруулж ирдэггүй, дэлхий ертөнцөд мөрдөгдөх банкны үйл ажиллагаанаас хамаагүй хахь ангид харгис хүүллээр ард түмнээ шулдаг банк, банкчдыг цэгцэлэх үнэхээр болсон. Монголд хөрөнгө оруулалтын банк оруулж ирэх, Монголын банкуудыг ердийн эрүүл уур амьсгалт үйл ажиллагаатай болгох ажлыг Д.Амарбаясгалан хийж чадвал мөнхөрлөө л гэсэн үг. Монголын банкууд ч гаажтай даа. Хамгийн шилдэг нийтлэлчдийг хамгийн өндрөөр хөлслөөд л Монголын банкиуд ямар ариун ажилладаг, хүн арддаа ачтай тустай, гайхамшигт болохыг бичүүлж, банкыг оролдвол амь насаараа оролдож байгаа аятай суртлыг хийдэг дээ. Б.Баатарсайхан, Д. Эрдэнэбилэг, Ч.Ганхуяг тэргүүт банкчид ард түмнээ бодмоор доо. Хэрэв Д.Амарбаясгалан үүнийг засаж залруулж, банкыг ард түмэнд ивээлтэй болгож чадвал энэ УИХ, түүний ачийг ард түмэн мартахгүй. Өнгөрсөн оны Монголын банкуудын цэвэр ашиг 1,7 их наяд. Монголын ард түмний амьдрал ямар байгаа билээ. Энийг л харьцуулаад харчих хэрэгтэй юм. Ард түмний баялагийн сангаас том эдийн засаг чухамдаа банкны хэдэн том нөхөрт л ашиглагдаж байгаа юм.
Ж.Чинбүрэн П.Батчулуун эмчийг биеэр ял гүйцэтгүүлэхгүй байх боломж бийг илэрхийллээ

Монголын нийгэмд анхаарал татсаар байгаа асуудал бол П.Батчулуун эмчийн ял эдлэж байгаа нь юм. Олон олон иргэний амийг аварсан, манай улсын эрүүл мэндийн, тэр тусмаа эрхтэн шилжүүлэх мэс заслын эцэг болсон энэ эмчийг хар гэрт хорьсоныг нийгмээрээ эсэргүүцсээр байна. Үүний оргилд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн явж байгаа юм. Өөрөө эмч хүн, хууль тогтоогч. Мөн хууль хэрхэн онон хэрэгжиж байгааг энэ хүн харуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дарга Б.Нандинболор П.Батчулуун эмчийг хоригдож байхдаа сүрьеэгийн халдвар аваагүй гэж мэдэгдэн, Ж.Чинбүрэнг буруутгасан мэдэгдэл илэрхийлж байв. Гэвч эл эмч хоригдсоныхоо дараа халдвар авсаныг, Б.Нандинболор даргатай шийдвэр гүйцэтгэхийнхэн ямархуу бартаг, бүдүүлэг, хүний эрх зөрчин ажиллаж байгааг Ж.Чинбүрэн эмч нотолчихлоо. П.Батчулуун эмчийг биеэр ял гүйцэтгүүлэхгүй байх боломж журмаараа бийг цохон илэрхийллээ. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар ч энэ чиглэлд ажиллаж эхэлсэн нь Ж.Чинбүрэн хэмээх хууль тогтоогч, эмчийн нийгмээ мэдэрсэн, гол нь өөрийнхөө салбарын төлөөх уйгагүй хичээлийн үр юм. Ийм мэдрэмжтэй, хүний эрхийг дээдлэгч, хууль тогтоогч олон олон байгаасай. Ж.Чинбүрэнгийн толгойлж байсан Хавдар судлалын үндэсний төвд мөн л төрийн байгууллагын алхаг үйлдлээс үүдэн хүний амь нас эрсдэлд ороод байгаа байна. Хавдартай хүмүүст хийдэг мэс заслын, тодруулбал судас бөглөгч эдийн материал тасалджээ. Учир нь, эл материалд Гаалийн газраас татварын нэхэгдэл тавигдаж. Гэвч уг эд бодис нь гаалийнхны өгүүлээд байгаа татварт хамаарахгүй болохыг судас бөглөх ажилбарыг хийдэг мэргэжлийн эмч Б.Тэргүүнбилэг нь нотолж хэлээд байна. Монгол улс хавдраар олон иргэнээ алдаж байгаа. Гэтэл авардаг, амьдралыг нь уртасгадаг нэгэн чухал эмнэлийн үйлчилгээ ингээд Гаалийн байгууллагаас болон тасалдаж байгааг олон нийтэд хэвлэлийнхэн мэдээлсэн. Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал гэж хүн бий. Энэ хүний толгойлж байгаа байгууллагын үйл ажиллагаанаас хамааран Монголын иргэдийн амь нас эрсдэлд ороод байгаад яагаад дүгнэлт хийхгүй байна. Цагдаагийн дарга байсан энэ хүн цагдаагийн генерал хувцаснаасаа гаалийн, гаалийн ажилчны хувцасдаа, итгэл үнэмшилдээ шилжиж ажиллах, жинхэнэ гаальчны мэргэжлийн ур чадварыг гаргах, амьдралыг ойлгох хэрэгтэй нь эндээс тод харагдана. Гаалийн байгууллага дээр эм эмнэлэгийн хэрэгсэлийн асуудал тасалдах дээрээ хүрээд байхад, холбогдох арга хэмжээ авч, дээд яамдаа уламжилж , хуулийн гаргалгаа эрж, улсын иргэдийн амь насыг хамгаалахын төлөө яагаад ажиллахгүй байна вэ. Холбогдох яамтай нь хамжаад үтэр түргэн шийдэх ёстой асуудал энэ. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Шүүхийн шийдвэрийн Б.Нандинболор, Гаалийн дарга Р.Отгонжаргал нартайгаа зохих хариуцлагыг ярьж, хүний эрх, Монгол улсын иргэдийн амьд явах эрхийн асуудлаар хэрхэн ажиллаж байгаад дүгнэлт гаргах нь нэгэнт болсон байна. Ноорог сайтын асуудлыг ноцтой хэмжээнд авч үзээд, сүүлдээ таг болсон Хууль зүйн сайд О.Алтангэрэл ч энэ мэт асуудлуудад онцгой анхаарах шаарддлагатай юм.