“Найман шарга валют арилжааны төвийнхөн ашиг олох зорилгоор ам.долларын ханшийг зохиомлоор өсгөж байна”гэлээ

Дөрөвдүгээр сарын 7-нд ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханш 3,508.4 төгрөг байсан бол
дөрөвдүгээр сарын 8-нд 3,522.48 төгрөг болж огцом өөрчлөгдсөн билээ. Өнөөдрийн байдлаар
ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 3,533 төгрөг болоод байгаа юм.
Уг нь 2022 оноос хойш төгрөгийн ханш ингэж огцом суларч байсангүй. Өмнөх үзүүлэлтүүдийг
харвал 2016 онд нэг өдрийн дотор 49 төгрөгөөр суларч байжээ. Энэ талаар Монголбанкнаас
тодруулахад “Төлбөрийн тэнцлээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт 2025 оны
нэгдүгээр улиралд харьцангүй өндөр байв.
Цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах,
төгрөгийн харьцангүй өгөөж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах
дарамт буурах хүлээлттэй байна” гэж байв.
Тэгвал өнөөдөр Монголбанкны удирдлагууд эдийн засгийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх
үеэр өнгөрсөн долоо хоногт ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханш яагаад огцом өссөн
талаар мэдээлэл өглөө.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Цар тахал эхлэх үеэр АНУ-ын дэлгүүр дотор
ариун цэврийн цаасан дээр хүмүүс бужигнаж байсан. Манай улсад ч гэсэн И-Март дотор хүмүүс
тэрэг тэргээр нь гурил худалдаж авч байлаа. Яг үүнтэй ижилхэн манай улсын валютын нөөц
таван тэрбум ам.доллар хэмээн зарлаад байгаа ч ам.доллар авч хадгалах ёстой юм байна гэсэн
зохиомол эрэлт яваад байна.
Энэ бол байгалийн хууль шиг зүйл бөгөөд ямар нэгэн зүйл эхлэх үед ажиглагддаг зохиомол
эрэлт. Ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханш өсөж байгаад удахгүй тогтворжих байх хэмээн
тайвнаар харж байгаа.
Мөн арилжааны банкнуудын болон Найман шарга худалдааны төвийн гэсэн хоёр өөр ханш бий.
Тус төвд банк бус байгууллагын тусгай зөвшөөрөлтэй валют солилцооны 54 цэг ажилладаг. Энэ
хүмүүс зохион байгуулалттай зүйл хийгээд байна. Жишээлбэл өнөөдөр ханшаа таван
төгрөгөөр нэмье гэдэг ч юм уу. Дамлах эрэлт үүсгэсний дараа ашиг олох зүйл хийгээд байна.
Энэ эрэлтээс болоод импортоор бараа авдаг аж ахуйн нэгж оны төгсгөлд авдаг байсан
ам.долларыг өнөөдөр авч хадгалаад байгаа. Иймэрхүү байдлаар ханш зохиомлоор өссөн” гэх
тайлбарыг өгөв.
Үргэлжлүүлэн эдийн засгийн онолын хувьд ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханш
яагаад суларсан талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал
Б.Баярдаваа тайлбарлав.
Тэрбээр “Эдийн засаг нь өрсөлдөх чадвар өндөртэй улс орнуудын валютын ханш
чангарч байдаг. Учир нь тухайн эдийн засаг хэр их бараа бүтээгдэхүүнээ экспортолж
байгаа, гадаадын хөрөнгө оруулалт, бизнес идэвхжиж байгаа эсэхээс хамаарч
валютын ханш нь чангардаг.
Улс орнууд аж үйлдвэржилтийн тодорхой түвшинд хүрээд, дэлхийн бараа
бүтээгдэхүүний зах зээлтэй өрсөлдөж эхлэхэд тухайн орны валютын ханш чангардаг
гэсэн үг” гэлээ.