Говьсүмбэрт 7 настай хүүхдэд мэргэжлийн дипломгүй хүн хагалгаа хийснээр амиа алджээ

0
hagalgaa-6

 

Говьсүмбэр аймагт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн долоон настай охин тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмч хагалгаа хийсний улмаас амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 2021 оны зургаадугаар сарын 28-ний өдрөөс 29-нийг шилжих шөнө болсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан зургаан эмчийг яллагдагчаар татжээ. Хэрэг гарснаас дөрвөн жилийн дараа буюу өнгөрсөн сарын 18-ний өдөр тус хэргийг шүүсэн байна.

Охины ээж “Миний бие нас барсан охин Н-н ээж Н гэдэг хүн байна. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө миний охин олгой ургасан байж магадгүй гэсэн оноштой Шивээговь сумаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэгээд ирээд бид хоёр зааврын дагуу сувилагчдаа хандаад эмчдээ хандаад бүх шинжилгээг хийлгэсэн. Тэгээд хагалгаа хийх эмчтэй уулзсан. Э.Ц эмч, Б.Н эмч хоёр ширээний ард өөд өөдөөс хараад сууж байсан. Тэгээд Б.Н эмч хагалгаа хийхэд ийм процесс явагдана гэдгийг учир битүүлэг надад тайлбарласан. Тэгэхээр нь би та яг юу гээд байгаа юм бэ? би сайн ойлгохгүй байна  гэхэд бид нар ямар нэгэн алдаа гаргахгүй, хийдэг ажлаа хийх гэж байна гэж хэлж байсан гэв.

Улмаар олон гэрч нарын мэдүүлэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хагалгаанд оролцсон эмч, сувилагч нарын мэдүүлгээр тус хэрэг нотлогдсон байна.

Шүүх байгууллагаас Эрүүгийн хуулийн 15.1 буюу Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх зүйл ангиар яллагдагчаар татагдсан зургаан эмчийн гурвыг нь ялаас хэлтрүүлж гуравт нь яллах дүгнэлт үйлдсэн байна. Ингэхдээ хоёрт нь эмчлэх эрхийг хоёр жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин нөгөөг нь нэг жил эмчлэх эрхийг түдгэлзүүлж, 7 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Холбогдсон хэргийн зүйл анги – Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх

1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *