Утааны Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүгнэлтийг УИХ-д танилцуулна

0

2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Төрийн ордонд “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий хяналтын сонсгол явуулах талаар зар мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сонсголд оролцогчдыг бүртгэлээ. Сонголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн бус байгууллагын төлөөлөл 6, иргэд 94, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл буюу шууд дамжуулалт хийх хоёр телевиз, нийт 104 оролцогч бүртгүүлснээс төрийн байгууллагын төлөөлөл 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс 46  хүн оролцсон байдаг.

Мөн Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүгнэлтэд:

 1.Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой хүн амын эрүүл мэнд, амь насанд угаартах аюул учирсаар байх тул угаарын хий мэдрэгчийг айл бүхэнд байршуулах, “Таван толгой” түлш ХХК, Нийслэлийн засаг даргын тамгын газраас айл бүрийн эрсдэлийг үнэлж, арилгах;

2.Эрүүл мэндийн яамны зүгээс агаарын бохирдолд өндөр эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэнд, угаартаж амь насаа алдсан нийт хүн амын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс сэргийлэх, хамгаалах ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах;

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаашид утаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороог байгуулах, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх;

4.Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгох үйл ажиллагааг явуулах;

5.Цаашид нийслэлийг хатуу түлшний хэрэглээнээс гаргаж хийн болон бусад төрлийн түлшний хэрэглээнд нэвтрүүлэхдээ ахуйн орчин нөхцөлд нь эрсдэлийн болон өртөг, үр ашгийн үнэлгээг хийсэн байхад анхаарах;

6.Гэр болон барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, дулаалгын шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийн дунд чөлөөт өрсөлдөөн бий болгох чиглэлээр үе шаттай арга хэмжээг салбарын яамны зүгээс авч хэрэгжүүлэн мөрдүүлэх;

7.Орон нутаг бүр агаарын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах, хүн амыг агаарын бохирдлоос хамгаалах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх;

8.Салбарын яамны зүгээс орон нутагт агаар бохирдуулагч бүрийг хэмжих чадавхыг бий болгож, хатуу түлшний хэрэглээг халах шаардлагатай талаар дурдсан байлаа.

Мөн 2019-2021 оны өвөл агаар цэвэрхэн байсан шалтгаан нь нийслэл Улаанбаатар хотын томоохон уурын зуухуудад хатуу хяналттайгаар түүхий нүүрс оруулсныг эс тооцвол бусдаар түүхий нүүрс хэрэглэхийг хатуу хориглосон. Мөн барьцалдуулагчдаа тааруулан шахмал түлшний стандарт бууруулсан, түлш хатаах технологи нь өөрчлөгдсөн байсан.Түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхэд тавих хяналт байхгүй болсон. Түүнчлэн тухайн үед 5 мянга гаруй төрийн албан хаагчийг дайчлан өвлийн цагаар бохир утаа гаргасан айл руу очиж хяналт тавьж, түлшийг нь солиулж  байсан. Энэ нь маш том соён гэгээрүүлэх үйл ажиллагаа байсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэллээ. Гэвч утаанаас болж 779 иргэн амь насаа алдаж, 5 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан боловч үр дүнд хүрээгүй тул энэ удаагийн парламент манлайлал үзүүлж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг уриалав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *