Японы музей Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрсийг нийтэд дэлгэлээ

Японы Нара хотын Тэнри Санкоокан музей 5.6 метрийн диаметртэй дугуй хэлбэрийн даавуун дээр бичигдсэн Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрс бүхий бичгийг өчигдөр /2025.04.15/ олон нийтэд дэлгэлээ.
Энэ нь Монголын эзэнт гүрний анхны эзэн хаан Чингис хааны удмын бичиг бөгөөд Сэцэн хан Шолойн үеэс буюу 1577-1655 оноос эхэлж байгаа аж. Нэрсийг нээлттэй тавих үзэсгэлэн Тэнри Санкоокан музейд өнөөдөр /2025.04.16/ нээлтээ хийж байна.
Уг ургийн бичгийг арван ширхэг туузан хөвөн даавууг нийлүүлэн дугуй хэлбэртэй оёж хийжээ. Ургийн модны гол хэсэгт нь Шолой хааны нэрийг монгол бичгээр бичсэн байна. Бичгийн бусад тойрогт Сэцэн хан Шолойн дараачийн үе буюу хоёр дахь үеийн 11 хүн, гурав дахь үеийн 54 хүн, дөрөв дэх үеийн 156 хүний нэрийг бичжээ.

Ингэхдээ эцэг, хүүхдүүдийг тасархай зураасаар холбож, үе хоорондыг улаан зураасаар тусгаарлажээ. Бичигт эхнэр, охидын нэрийг оруулаагүй, зөвхөн эрэгтэй удамшлын нэрийг оруулсан болно. Учир нь Монголд нэгэн цагт Чингис хааны удмын эрэгтэйчүүд л хууль ёсны удирдагч болох эрхтэй гэж үздэг байжээ.

Мөн тухайн үед эрэгтэйчүүд нэгээс олон эхнэртэй, олон хүүхэдтэй байсан тул тус ургийн модыг босоо байдлаар биш хэвтээ хэлбэрээр хийсэн бөгөөд гэрт өлгөх зориулалт бүхий дэгээ олгох нүхийг захуудаар нь тойруулан хийжээ.
Энэхүү удмын бичгийг 1905 онд үүссэн гэж үзэж байгаа бөгөөд 1966 оны орчимд Нара хотын Тэнри музей олж авсан байна.
Уг тусгай үзэсгэлэнг Тэнри их сургууль үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан гаргаж байгаа бөгөөд зургаадугаар сарын 2-ын хүртэл үргэлжлэх юм.
Эх сурвалж: News.yahoo