У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид дахин өрсөлдөх бэлтгэлийн зам дээрх парламентынх нь байж байгаа царай

Хураангуй
Улс төрийн хүрээнд зэрэг өрнөж буй үйл явдлуудаа жагсааж харвал,
- Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Төгрөг нуурын орд”-ын асуудлаар шалгаж, эргүүлэн татах асуудал сөхөгдөх өрнөл эрчимжив. Улиран сонгогдсон АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайхан нар ч түүнийг шалгах амлалт өгсөн билээ.
- “Би дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй” гэж ам алдсан У.Хүрэлсүхийг МАН дараачийн сонгуульд өрдөх үндэс, нөхцөлүүдээ үүсгэж эхэллээ. Босоо удирдлагатай эл нам сонгуулиар эвлэлддэг онцлогтой. Харин энэ удаа…
- Парламентын залуу гишүүд хоёр хуваагдаж, нэг хэсэг нь MCS-ийн Ж.Оджаргалыг, нөгөө хэсэг нь Х.Баттулгыг боорлодог үндсэн ажилтай болов. Тэд өөрийн тархиар гэхээсээ илүүтэйгээр бусдын захиалгаар уг акциа хийж буй.
- “Ухаа худаг”-тай холбоотой тогтоолын төслийг спикер хүлээн авахаас түдгэлзэхдээ давхар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх агуулгаарх хуулийн төслийг царцаажээ. Засгийн газар спикерийнхээ аяыг олохгүйгээр олон төслүүдээ явуулж чадахгүй юм.
- Парламентад MCS-ийн хамгаалалт үүсгэх, Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх, ард нийтийн санал асуулгыг дэмжих зэрэг агуулгаар кноп тоололт өрнөж, Дав.Цогтбаатар, Э.Болормаа нарын эргэн татагдах алхмууд хүртэл хэлцэлд оров.
- Парламентын засаглал энэ бүхэнд зөв голч, олон өнгөтэй, лоббид бөөндөө үл нэгдэх чанараа хадгалж чадах уу гэдэг хүлээлт үүсэв.
Дэлгэрэнгүй
Нэг. Ял авч мэдэх Х.Баттулга, дахин Ерөнхийлөгч болж мэдэх У.Хүрэлсүх
Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, улмаар ял өгнө гэх хувилбар
АТГ болоод УЕП дарга нарыг улираах үеэр Х.Баттулгад хамааруулж, “Төгрөг нуурын орд”-ын асуудлыг сөхсөн. Энэ нь огтын санамсаргүй зүйл биш ээ. Болж л өгвөл томчуудтай муудахгүй гээд хамаг ял зэмийг нь дараад суучихдаг З.Дашдаваа, Б.Жаргалсайхан нар өөрсдийн амаар “Х.Баттулгад хамаарах асуудлыг шалгана” гэж чуулганы танхимд ам шүд алдацгаасан юм.
Энэ дагуу Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх бичгийг удахгүй УЕП Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлнэ гэх мэдээлэл бий. Түүнд ял өгөх асуудал ч хүчтэй яригдаж байгаа аж.
Манай улс өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хорих ялаар шийтгэж, Ц.Элбэгдоржийг олон улсын интерполоор эрэн сурвалжлах хэмжээнд асуудлыг нь хурцатгасан түүхтэй. Төрийн тэргүүнээс буугаад улс төрийн карьераа хэрхэн үргэлжлүүлэх асуудлыг нь зохицуулсан хуульгүй. Ийм ч учраас нэгнээ намнах орон зай ямагт үүсгэж, эрхтэй дархтай үедээ хаан заан мэт авирласан үйлдлүүдээр нь эргүүлээд шүүх орон зай үүсгэчихдэг онцлогтой.
Х.Баттулгын хувьд аливаа хэл ам, сөрөг мэдээнд чихгүй толгой оргидог онцлогтой атлаа ойрын өдрүүдэд пи араа баахан эрчимжүүлэх төлөвт шилжив. Түүнд холбогдох олон бараан баримт ганц “Төгрөг нуурын орд”-оор ч тогтохгүй, үргэлжлээд явах нигуртай. Ер нь ухваас түүнээс олон юм гарахыг МАН ч сайтар тооцсон л буй.
АН-д, МАН-д ч У.Хүрэлсүхэд өрсөлдөгч үгүй байлгах бэлтгэл
Өнгө мөнгө, эрх ашгийн төлөө юу ч хийж мэдэх Б.Амгаланбаатараар Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх агуулга эсвэл ард нийтийн санал асуулгын төсөл өргөн бариулах гэж байсан нь тодорхой болов. Эрх биш ардчилсан, парламентын засаглалтай, хүн ард нь айхтар шүүмжлэлт сэтгэлгээтэй тул энэ агуулга хэвлэлд гарангуут бөөн эсэргүүцэлтэй тулсан нь түр харзнах сэрүүлэг болж өгсөн логик уншигдана.
Яг үүнийг бататгах мэтээр МАН дотор Ерөнхийлөгчид нэр дэвших бүх дүрүүд арагшаа суух болжээ. МАН-аас Г.Занданшатар, С.Бямбацогт, С.Амарсайхан, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр гэхчлэн амбицууд бий. Босоо удирдлагатай намын соёлоор эдгээр эрхмүүдийн хэн нь ч У.Хүрэлсүхийн урдуур орж, өрсөлдөх амбицаа илэрхийлэхгүй юм. МАН өөрөө дотроо ингэж битүү явж байгаад, шуудхан кандидатаа зарлаж, өрсөлдөхөөр горилогчид нь ч гараа өргөж баталдаг систем билээ.
Нөгөө талд У.Хүрэлсүхийн “цэрэг” Н.Учрал Засгийн газрыг төлөөлж байгаад, Х.Баттулгын эсрэг гөвшиж, үүнд нь мөнгөгүй л бол хөдөлдөггүй ХҮН намыхан хүртэл нэгдэв. Хэрэвзээ У.Хүрэлсүх нэр дэвшвэл Х.Баттулгад ч өрсөлдөх боломж гарах учраас “Ерөнхийлөгчийн сонгуулийн зодоон эхэллээ” гэдэг нь хэн бүхэнд тодорхой нюанс билээ.
Цагтаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн индрээс У.Хүрэлсүхтэй андлалцаж, төмөр замын хамаг төслүүдийг түүний мэдэлд өгч байв. Тэд хоорондоо айхтар муудалцсан дүр төрхөө нэг л удаа ил гаргаад, чимээ имээгүй болцгоосон. МАН У.Хүрэлсүхийг өрсөлдөгчгүй өрсөлдүүлэхийн тулд Х.Баттулгыг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар зогсоож байсан бол эдүгээ үүнийг өөрчлөх хувилбар дээр дахин нэгдэх нь үндсэндээ тодорхой болов.
Хоёр. Парламент хаашаа эргэх вэ, томчуудын захиалгаар орилдог залуу гишүүдийн хандлага ба спикерийн дүр төрх
Д.Амарбаясгалангийн ойлгомжгүй байдал ба Ухаа худаг
Олон цаг үед Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын харилцаа яг таарамжтай юу гэдэг асуулт үүсч байв. Яг хардаад байсанчлан бол тэд муудаагүй. Зэрэгцэж Засгийн газарт ажиллаж, сонгуулийн дараа үеийн агуулгаар нэг нь спикер болж, нөгөө нь Засгийн газраа тэргүүлсэн. Улс төрийн зорилгоор өшөө авах хүнийхээ орд зарсан асуудлаарх цаасан бичиг баримтыг дэргэдээ овоолж байгаад, Засгийн газрын танхимаас гарч ирэнгүүтээ хувийн тоглолт хийгээд орилчихдог Н.Учралыг бодвол Д.Амарбаясгалан учиртай ЗГХЭГ-ын дарга байжээ. Хаана ч очсон тэр ажлаа сайн хийдэг.
Гэвч спикерийн хувиар Д.Амарбаясгаланг “Ухаа худаг”-т хамаарах УИХ-ын тотоолын төслийг ёсчлон хүлээж авахгүй гэдийсэн нь анхаарал татна. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нэг нь Засгийн газар, нөгөө нь парламентын танхимаа удирдах тохироо хийхдээ үзэл санааны хувьд тодорхой хуулиудыг явуулах дээр нэгдсэн нь харагддаг.
Тийм атлаа дэвшилтэт үзэлтэй спикер нь Баялгийн сангийн агуулгаарх ажлыг яагаад уяв гэх асуулт эндээс үүснэ ээ. Магад Засгийн газрын нэр бүхий сайд нар эгдүүг нь хүргэсэн эсвэл харилцааны шинжтэй эс үйлдэхүй байж болно.
Нөгөө талд Д.Амарбаясгалан энэ удаа Л.Оюун-Эрдэнийн бус намыхаа талд зогсож байж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн аяс байдал эдүгээ MCS ба Х.Баттулга гэсэн хоёр сэдэв хаашаа эргэхээс ихээхэн шалтгаалахаар байна. Тэгэхээр харьцангуй У.Хүрэлсүх талдаа байж, тогтоолын төслийг Засгийн газрын хий хуй дарагдахыг хүлээж байж болно.
Засгийн газар ч тэр зөвхөн “Ухаа худаг” сэдэв дээр хэтийдсэн их хүч хаяж, шатаад байгаа тул спикер жингээрээ хөөс дарагдахыг хүлээсэн дүр зураг ч харагдана. MCS-ийн гишүүд дээр угсарч буй лобби ч спикерт нөлөөллөө үзүүлж буй гэх хардлага төрүүлнэ.
Хамгийн том итгэл, тулах цэг бол парламент байх ёстой, гэтэл залуу гишүүдийнх нь байж байгаа царай
Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийн зөв голдирол хийгээд одоо энэ хаашаа л харна, эрх мэдлээ давуулчих гээд байгаа дүрдээ орсон улс төрчид, аливаа хэтийдсэн шийдвэрүүд явсаар засаглалаа ч эвдэж мэдэхээр. Тийм дотоод түгшүүр төрүүлэх болжээ. Энэ түгшүүр дээр парламент л олон нийтийнхээ хамгийн том итгэл, тулах цэг нь юм. Утгачилбал, бүгд нийлээд яаж галзуурлаа ч эргээд эрүүл ухаанд нь тапхийтэл тавих цэг парламент нь байх ёстой.
Д.Амарбаясгалангийн удирдсан парламентын танхимын эхний намрын чуулган бол хүлээлтээс өндөр байв. Олон хуулиуд дээр мэтгэлцэж, 76-г хайрцагладаг байсан схемийг олон ургальч үзлээр нурааж байв. Төсвийн төслөө хүртэл буцааж, ер нь найраанд орчихгүй, хэт намчирхахгүй, өөрсдийн үзэл санаагаар хамгаалах зүйлсдээ нэгдэнэ гэдгээ харуулж чадсан.
Гэтэл хаврын чуулган эхэлсээр бүр нэг утгаа алдаж гүйцэв.
Одоо парламентын залуу гишүүдийг хоёр хувааж харж болно. Нэг нь, Х.Баттулгыг үзэн ядагчид. Чиглүүлгийг Н.Учрал тасралтгүй өгч, шахаж байна. Нөгөө нь, MCS-ийг үзэн ядагчид. Чиглүүлгийг Херо Б.Баатар орчмоор өрдөж буй. Ийм хоёр туйл болчихсон. Залуу гишүүдэд одоогоор үзэн ядаж буй дүр нь унавал л хамгийн сайхан.
Цаагуур нь парламентын ардчилал нь ч эвдэгдэж мэдэхээр байхад түүнийг ер анзаарахгүй дүр эсгэцгээнэ. Тэднийг олон нийтийн төлөөлөл болгож сонгосон байхад “ДЭЭРЭЭС” чиглэл авдаг утсан хүүхэлдэйн тойрогт өөрсдөө гүйж орцгоов.
Нөгөө талд Засгийн газарт буй Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй бизнес сайд нар амиа бодоод нам бээвийчихсэн, парламент дахь олон сонгогдсон гишүүд нь үг дуугүй өөрсдийнхөө асуудлыг л амжуулахад анхаарч байна. Тэдний сайн тал нь, Н.Учралаас ч, Херо Б.Баатараас ч чиглүүлэг авч дуугарахгүй.
Ингэж намартаа хачин дориун эхэлсэн парламентын залуу, шинэ бүрэлдэхүүн нь эдүгээ кноп тоололтын хэрэгсэл болж, эргэн татагдах үндэслэлтэй Дав.Цогтбаатар, Э.Болормаа нарын суудал ч үнэд оров. Хөгшин залуугүй чуулганы завсарлагаар гишүүд баахан гадагш явж, нэгдсэн системийн нэг хэсэг болсноо харах сөгөөгүй хүмүүс болцгоов. Парламентынх нь байж байгаа царай ийм л байна. Яг тулсан даваан дээр 126-уулаа болсных, болох болохгүйн зааг дээр жин тавьж зогсоосой, парламент.