Ажлаа хийж байсан цагдаа нар ял авч, хууль бус үүрэг өгсөн дарга нь мултран үлдлээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны долоодугаар сард Увс аймгийн Тариалан сумын Тошилт гэх газарт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амь насаа алдаж, зорчигч дөрвөн иргэн бэртсэн. Ford Ranger маркийн 09-67 УВХ улсын дугаартай автомашиныг А жолоодож явсан бөгөөд тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх. Ослын улмаас жолооч болон зорчигч Х нар амь насаа алдсан юм.
Эрдэнэт хүний амь эрсэдсэн энэ ноцтой хэргийн ард албан тушаалтнуудын чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн гэмт хэргийн шинжтэй үйл баримтууд байх ба тодруулбал, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч А.Амарбат эн тэргүүнд яригддаг. Тэрбээр ослын улмаас амь насаа алдсан А-ын дүү юм.
Хэргийг тодруулбал, А нарын зургаан хүн автомашинтай явж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэднийг Наранбулаг сумын нутагт явж байх үед аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э, Б нар зогсоож шалгасан. Ингэхэд жолооч А нь согтолттой байсан учраас хөдөлгөөнийг хориглож саатуулжээ. Гэтэл аймгийн Цагдаагийн газрын дарга, хошууч А.Амарбат тухайн хоёр алба хаагч руу утсаар ярьж, “манай хүргэн ах А-г явуул” гэдэг үүрэг өгсөн аж. Ингээд тэд цааш зорчиж байхдаа автомашин нь онхолдож, осол гарчээ.
Уг хэргийг АТГ-аас шалгаж, прокурорт шилжүүлсэн. Прокурор Э, Б нарт хорих ял оноох саналтай шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурал болж, шийдвэрээ гаргажээ. Ингэхдээ цагдаа зохицуулагч Э, Б нарыг зургаан жилийн хугацаанд нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах, гурван жилийн хугацаанд зорчих эрххязгаарлах ял шийтгэл ногдуулсан байна. Харин хууль бус үүрэг чиглэл өгч, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж байж болзошгүй Цагдаагийн газрын дарга А.Амарбат нь ямар ч ял шийтгэлгүй, өнөөдрийг хүртэл албан ажлаа хийсээр байгаа нь шударга ёсонд нийцэх үү?
Эх сурвалж: Цахиур.mn