Б.Хурцын гэр бүл төрд нэг тэрбум 128 сая төгрөгийн өртэй

Тайвань руу төлөөлөгчөөр томилогдохыг санаархаж буй Б.Хурцын гэр бүлээс өрөө төлөхийг олон нийт шаардаж байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурц та ядаж зээлээ төлчхөөд яв!!!
Нэг. Б.Хурцын охин Х.Намуун БЗС-гаас авсан зээлээ тэтгэлэг гэж андуурсаар явна
Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам долларын зээл авч Канадад суралцсан Б.Хурцын охин Х.Намуун одоог хүртэл зээлээ төлж дуусгаагүй, 72 мянган доллароос 35 долларыг нь л төлсөн талаар Боловсролын зээлийн сангийн дарга О.Сийлэгмаа хэллээ.
Тэрээр, “Саяхан Х.Намууны өмгөөлөгч тэтгэлгээр сурсан тул чөлөөлж өгнө үү гэх өргөдөл өгсөн. Х.Намуун нь тэтгэлгээр сураагүй. Тэргүүлэх бус мэргэжлээр сурсан. Танайх зээлээ төлөх үүрэгтэй гэх хариу өгсөн” гэв.


Хоёр. Б.Хурцын эхнэр Ү.Сарнаа ЖДҮДС-гаас авсан зээлээ төлж дуусгаагүй, муу ангилалд оржээ
2018 оны зургаадугаар сарын 29-нд Б.Хурцын эхнэр Ү.Сарнаа Грандстепп ХХК-аараа дамжуулан ЖДҮДС-гаас 1.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөх хугацаа 2023 оны зургаадугаар сарын 29-нд дууссан ч, өрийн үлдэгдэл 872 сая төгрөгөө төлөлгүй “муу ангилалд” багтжээ.
Түүнчлэн Б.Хурцын гэр бүл нь Хөгжлийн банкнаас 22 тэрбум төгрөгийн зээл авчхаад, 7.5 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан. Мөн 1.7 тэрбумыг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарч байв.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц томилгооны асуудалтай холбогдуулан саяхан хэвлэлд ам нээхдээ, “Төр намайг хаашаа яв гэнэ, би явдаг. Шоронд ор гэвэл ордог, гадагшаа яв гэвэл явдаг тийм л хүн. Тайвань руу томилогдох санал тавьсан. Би төрөөс нэг ч төгрөг хулгайлаагүй” гэж ярьсан. Тэгвэл төрийн үүрэг даалгаврыг биелүүлдэг шиг ээ, өрөө төлөхийг олон нийт шаардаж байна. Түүний эхнэр, охин хоёрын өрийн үлдэгдэл нэг тэрбум 128 сая төгрөг байна.

Эх сурвалж: Urug.mn