Ц.Цэрэнпунцаг: Аялал жуулчлалыг дэмжих сан байгуулах шаардлагагүй
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн тухай ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Аялал жуулчлалын тухай хуульд Засгийн газраас ач холбогдол өгч байгаа. Хууль болгоныг дагуулж сан байгуулаад явах бодлогыг Эдийн засгийн байнгын хороо цаашид ч дэмжихгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуучлалын үйл ажиллагаа явуулахад иргэн, ААН, хуулийн этгээд хооронд үүсэх харилцааг хуулиар зохицуулна. Ирсэн жуулчдад орон сууц, зочид буудлаар үйлчлэх ёстой. Хуулийн хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-ийг дэмжих зохицуулалт орж байгаа. Мөн зорчигч тээврийг зохицуулна. Түүнчлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох чиглэлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй хуулийн төсөл юм. Энэ хууль гарснаар бидний аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох нүүдлийн аж ахуйтай холбоотой аялал жуулчлал эрсдэл ихтэй байдаг. Тиймээс энэхүү эрсдлээс хамгаалах даатгалын тогтолцоо, шаардлагыг оруулж ирж байгаа. Гадаадын жуулчдад даатгал хангалттай байх шаардлагуудыг тавьж өгч байна. Зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хөнгөвчилж байгаа. Төрийн хүнд суртлын эсрэг Зөвшөөрлийн тухай хуулиар ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардлагагүй боловч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд бүртгүүлэх шаардлагатай. Экспорт гаргадаг, вальют олдог салбаруудаа дэмжье гээд Засгийн газар тодорхойлчихсон. Ингэхдээ уул уурхайн бүтээгдэхүүн гаргадаг салбараас бусад чиглэлд дэмжье гэж байгаа. Тиймээс Аялал жуулчлалыг дэмжих сан байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Сан байгуулаад л бүтэц байгуулдаг. Нөгөө л үр ашиггүй, давхардсан бүтэц бий болдог буруу туршлага руу бид явж болохгүй гэдэг бодлогын чанартай асуудал” гэлээ.