Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” Гаалийн ерөнхий газарт өнөөдөр (2023.04.25) зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар хамтран зохион байгуулж 20 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван нар хэлэлцүүлгийг нээн үг хэлж “Импортын барааны гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт”, “Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараанд тавих гаалийн хяналт”, “Гаалийн цахим үйлчилгээний систем ашиглан гаальд мэдүүлэх нь” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцлээ.
Тухайлбал, 2021 оны 04-р сарын 23-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль, Засгийн газрын 2021 оны 05-р сарын 12-ны өдрийн 143 дугаар тогтоолоор “Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсан. Энэ хуулийн хүрээнд: 2021 онд 187 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж 28,5 сая долларын үнийн дүн бүхий бараанд ногдох 12,5 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлтөд хамрагджээ. 2022 онд 189 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж 44,1 сая долларын үнийн дүн бүхий бараанд ногдох 14,6 тэрбум төгрөгийн ТАТВАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДСАН. Энэ хууль 2025 оны 01 дүгээр сарын 01 хүртэл үйлчлэх бөгөөд ШИНЭ трактор, комбайн, машин механизм, техник, тоног төхөөрөмж байхаар хуульчилсан болохыг Гаалийн байгууллагаас мэдээлээ.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан “Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай” хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС 100 ХУВЬ ХӨНГӨЛЖ, Монгол Улсын Засгийн Газар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 107 тоот “Жагсаалт батлах тухай” тогтоолоор хөнгөлөгдөх барааны жагсаалтыг баталсан.
Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх 19 салбарын шинэ тоног төхөөрөмжийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх ба тоног төхөөрөмжид тухайн онд НОГДУУЛАН ТӨЛСӨН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ дараагийн төсвийн жилийн эхний улиралд ТАТВАР ТӨЛӨГЧИД БУЦААН ОЛГОХООР ХУУЛЬЧИЛСАН талаар Гаалийн ерөнхий газрын Тариф, татварын газрын дарга Я.Эрдэнэчимэг мэдээлэл өглөө.
Мөн “ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ ГААЛИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ” сэдвээр Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнх илтгэл тавьлаа. Тэрээр Гаалийн байгууллага хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналтын арга хэмжээг Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Мал эмнэлгийн хяналт, Ургамлын хорио цээрийн хяналт, Хүнсний чанарын хяналт, Эм биобэлдмэлийн хяналт, Химийн хорт болон аюултай бодисын хяналт, Цөмийн болон цацрагийн хяналт, Автотээврийн хяналт гэсэн 8 чиглэлээр хэрэгжүүлж байна. Гаалийн хорио цээрийн хэлтэс 26 ТӨРЛИЙН ЭКСПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ, 4 ТӨРЛИЙН ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ, ДАМЖУУЛАН ӨНГӨРҮҮЛЭХ 2 ТӨРЛИЙН МЭДЭГДЛИЙГ CAPS.GAALI.MN системээр дамжуулан БҮРЭН ЦАХИМЖУУЛЖ ажиллаж байгаа талаар ААН-үүдэд мэдээлэл өгсөн юм.
Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Б.Ганзориг Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шинэчлэл, ил тод, нээлттэй бодлогын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан www.gaali.mn системийг нэвтрүүлж, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг НИЙТ 30 ГАРУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ иргэн, ААН-үүдэд ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ болсон. Мөн “Гэрээ бүртгэлийн нэгдсэн систем“-г энэ оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн нэвтрүүлж гааль, татварын давхардсан цаасан хяналтыг ХАЛЖ, цахим хэлбэрт БҮРЭН ШИЛЖСЭН талаар танилцууллаа.