Г.Байгалмаа: Би нэг ч байрыг хэн нэгэн хүнд гэрээ хэлцэл хийгээд шилжүүлээгүй

0

“Пирамид орд” ХХК нь Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөг зээлсэн бөгөөд зээлийн үлдэгдэл 24.5 тэрбум төгрөг болж, чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байдаг. Хөгжлийн банкны гэх гэм буруугийн шүүх хурал долоо дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанаар “Пирамид орд” ХХК-ийн зээл авсан, зээл хариуцан ажилласан мэргэжилтнүүд мэдүүлэг өгч байна. 

“Буман залуус” хорооллын 10 га газар МоАХ-ны нэр дээр байсан бөгөөд МоАХ-ны гишүүдийг орон сууцтай болгох зорилгоор “Пирамид орд” ХХК-тай гэрээ байгуулан шилжүүлсэн байдаг. Тус компани нь Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөг зээлсэн бөгөөд зээлийн үлдэгдэл 24.5 тэрбум төгрөг болж, чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байдаг.

Хөгжлийн банкны сонсголын үеэр Н.Мандуул захирал “296 айлын орон сууцыг барьцаанд аваад байгаа. Бүх орон сууц эзэнтэй болсон боловч нийт орон сууцны 60 хувийг давхар зарсан байгаа. Захиалагч болон гүйцэтгэгчтэй холбоотой маргааны улмаас Улсын бүртгэл дээр шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон гэсэн юм. 

Пирамид Орд ХХК-ийн захирал Г.Цолмон:

-Би 2006 онд барилгын тусгай зөвшөөрөл авч, өнөөдрийг хүртэл барилга барьж байна. Би өнөөдөр 71 настай. 50 жил хөдөлмөрлөж байна. СХД-ийн ажилчдын орон сууц, Явуухулангийн цэцэрлэг гэх мэт олон барилга барьсан. 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авах үед ямар нэгэн ААН-д өргүй байна гэсэн тодорхойлолт байгаа.

120 хүүхэд оруулаач гээд цэцэрлэг өрөндөө өгье гэхээр улс бэлэн болсон цэцэрлэг авахгүй байгаа юм. Намайг авсан зээлээ төлөхгүй байна гэж буруутгаад байна. Гэтэл миний бүх юмыг битүүмжлээд хураагаад авчихсан. Тиймээс би яаж зээлээ төлөх юм бэ? Зээлийн асуудлыг би өөрөө шалгуулах сонирхолтой байгаа болохоор чимээгүй яваад байгаа юм. 2022 оноос хойш миний эхнэр, миний үр хүүхдийн дансыг хаасан. Дээр нь намайг үх гэж байгаа юм уу тэтгэврийн дансыг хаачихсан. Бас бүх ажилчид маань ажилгүй болсон. Орон сууцанд байгаа иргэдийн гэрэл цахилгаан төлдөг дансыг хаагаад хаячихсан. Дулаан, цахилгааны хүмүүс нь мөнгөө нэхээд ирэхээр прокуророос шалгаж байгаа гээд өгдөггүй. Тогийг нь байнга тасалчихна.

300 айлын 30-аад хувь нь орон сууц худалдаж авсан мөнгөө бүрэн төлсөн. Зорилтот бүлэгт зориулсан, 8 хувийн ипотекийн зээлд хамруулах зорилгоор дээд тал нь 79 мкв талбайтай орон сууцтай. Найман хувийн зээлд хамрагдахаар өгсөн хүмүүс хүлээлттэй байсан учраас би Хөгжлийн банкны зээлийг эрсдэлд оруулах вий гээд өөрөө эрсдэлээ даая гээд 2-3 давхар үйлчилгээний төв барьсан. Би 70 хүрч байгаа өвгөн Монголдоо аятайхан юм хийчихье гээд, 300 айлын яндангийн утааг байхгүй болгочихлоо гэж бодож байтал над шиг бодож байгаа хүн алга. Санаандгүй байдлаар ерөнхийлөгч байсан хүнтэй зураг даруулсан. Энэ маань намайг өнөөдрийн энэ байдалд хүргэчих шиг боллоо гэж хардаж байна. Шүүхээр зөв шийдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа:

-2013 онд Ардчилсан нам олонх болсон. Нэр бүхий гишүүд Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Б.Наранхүү зэрэг нэр бүхий гишүүд тогтоолын төсөл өргөн барьсан. 1921, 1941 оны ардын хувьсгалын партизануудад нэг өрөө байр, түүнтэй дүйцэх мөнгөн урамшуулал олгоё гэдэг утгатай. Мөн Ардчиллын хувьсгал хийсэн партизануудад мөн нэг өрөө байр, түүнтэй дүйцэх мөнгөн урамшуулал өгөх тогтоолын төсөл өргөн барьсан. Би энэ ажлыг ахлаад хэдий хэмжээний мөнгөн дүн болохыг судалсан. Гэвч энэ тогтоолыг цааш явуулах боломжгүй болсон. Ингээд хэрэгжүүлж байгаа ажлаа цааш яаж явуулах вэ гэдэг байдал тулгарсан. 2013 онд тогтоолоо үзүүлээд Засаг дарга, ИТХ-тай ярьж байгаад ХУД-ийн 10-р хороонд газар авсан. Ардчилсан холбоо энэ газрыг өөрийн болгож авсан. Орон сууцны зориулалттай 1 га газрын гэрчилгээ гарсан. 1 га газар дээр Ардчилсан Холбоо хаа нэг газраас санхүүжилт олоод барилга барих нөхцөл боломж байхгүй. Байгууллагын дүрэмд нийцэхгүй. Ашгийн бус байгууллага учраас барилга барьж болохгүй.

Удирдах зөвлөл дээрээ ярилцаад цэвэр бизнес төслийг ажил хэрэг болгож, партизануудыг орон сууцаар хангах талаар ярилцаад надад энэ ажлыг даатгасан. Энэ ажлын ард гарчих боловсролтой хүнд аливаа ажлыг даатгадаг байх гэж бодож байна. Ингээд 2015 оны гуравдугаар сарын 1-ний өдөр надад хариуцуулсан. Ингээд явж байгаад би энэ ажлаа хийж байгаа явцаа, тулгарч байгаа бэрхшээлээ танилцуулдаг байсан.

Пирамид орд компанийг би яагаад сонгосон бэ? Надтай таарахын өмнө энэ компани Шангри-Лад ажиллаад тодорхой хэмжээний мөнгөтэй, бас ажиллах хүчин нь бэлэн байсан. Ингээд манайх тус компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж эхлүүлсэн. 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр барилгын ажил эхэлсэн.

Ардчилсан холбоо энэ газраа “Пирамид орд” компанид шилжүүлэх шийдвэрээ гаргасан. Барилгын салбар бол буруу зөрүү ойлгох юм биш. Бодит салбар. Зураг төсөл, мөнгөн дүн, ажлын тоо гарчихсан байдаг. Зээл авахад 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх дотоод нөөц боломжгүй болсон учраас нэмэлт санхүүжилт, зээл авахаар болсон. Бид энэ төслөө ашигтай төсөл хийлээ гэж бодсон. Дөрвөн жилийн хугацаанд дуусах гэрээ байсан. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн эрсдэлийг 50, 50 хувиар даагаад явна гэж гэрээнд заасан.

Би нэг ч байрыг хэн нэгэн хүнд гэрээ хэлцэл хийгээд шилжүүлээгүй. Уг чанартаа энэ барилгаа улсын комисст хүлээлгэж өгөөгүй дуусаагүй барилгад ордог. Хөгжлийн банкны барьцаанд зээлд байж байдаг. Хажууд нь барьсан 120 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв Хөгжлийн банкны барьцаанд байдаггүй. Энэ өөрөө цаад агуулгаараа дуусаагүй барилгадаа ордог. Бүх холбогдож байгаа, байр авсан хүмүүс дандаа эдний компаниар явж байгаа. Хэдэн айлын үл хөдлөхийн гэрчилгээ гарсныг би мэдэхгүй гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *