Ц.Анандбазарыг огцруулах хүртэл лигийн ажил хаялт үргэлжилнэ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны ээлжит бус их хурал өчигдөр болж, ерөнхийлөгчөөр нь Ц.Анандбазарыг олонхын саналаар сонгосон. Үүний дараа Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо (MFPA) болон хөлбөмбөгийн лиг зохион байгуулагч “Очир” зөвлөл хуралдлаа.
Учир нь Тоглогчдын Холбооноос гаргасан шийдвэрээс улбаалан дөрөвдүгээр сарын 23-нд “Очир” лигийн зөвлөлөөс Дээд лиг болон Нэгдүгээр лигийн 17 дугаар тойргийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан.
Улмаар ээлжит бус их хурлын үр дүнгээс шалтгаалан шаардлагатай тохиолдолд дахин хуралдахаар болсон юм.
Ингээд “Очир” лигийн зөвлөл хэлэлцээд гурван үндсэн шаардлага тавьж байгаагаа өнөөдөр зарлав. Тодруулбал
Ц.Анандбазарыг огцруулах,
Ээлжит бус их хурлыг зарлах,
Дүрмийн өөрчлөлт, шинэчлэл хийхийг шаардаж, лигийн ажил хаялтыг долоо хоногоор сунгах боллоо.
Хэрвээ дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаях хугацааг дахин долоо хоногоор сунгах байдлаар тэмцлээ үргэлжлүүлэхээр болсон юм.
Эх сурвалж: ikon.mn