Фокус: С.Магнайсүрэнд эргэлзэж, Д.Амарбаясгалангаас ам асуух ГУРВАН ШАЛТГААН

0
magnaisvren-amarbaysgalan-zlb

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг “Хэндээ эрхлээд байгаа юм” зэргээр элдэвчлэн хэлж байх зуур өөрт нь хамаатай өөр нэгэн асуудал анхаарлын төвд байна.

Энэ бол Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай. Хяналтын маш том механизм, бие даасан эрх мэдэл. Тэр утгаар УИХ-ын даргад ажлаа тайлагнана буюу томилгоог УИХ-ын даргын санал болгосноор хийдэг. Үндсэндээ ард түмэн, ард түмний төлөөллийн өмнө үүрэг хүлээж ажиллана гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд Аудитын ерөнхий газрын дарга буюу Ерөнхий аудиторын албан тушаалыг Д.Занданбат хариуцаж байсан ч УИХ-ын сонгуульд нэр дэвших шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн. Улмаар Д.Загджав өнөөг хүртэл түр хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ерөнхий аудитор зургаан жил ажиллах ёстой. Д.Занданбатын зургаан жил энэ тавдугаар сард дуусаж байна.

Гэхдээ одоо Д.Занданбат биш Д.Загджав ажиллаж буйг дээр тодотгосон. Д.Занданбат үүрэгт ажлаа хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгсөн тул Д.Загджав дээр асуудал шинээр яригдах ёстой. Гэвч Д.Занданбатын хугацаанд тааруулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн нутгийн С.Магнайсүрэн гэгчийг нэр дэвшүүлчихлээ. Түүнийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар, ганцхан саналын илүүгээр дэмжиж, тавдугаар сарын 7-нд нэр дэвшигчийн сонсгол хийхээр болсон.

Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Төсвийн байнгын хорооны хуралдаан хаалттай явагдаж, товчхон протокол л үлджээ. Протоколоос харахад УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “Энэ чухал хяналтын механизмыг сөрөг хүчиндээ даатгавал зүгээр сэн” гэж байр суурь хэлжээ. Хоёр гишүүний кноп ажиллаагүй шалтгаанаар саналыг хоёр ахиж хураасан байна. Ингээд хуралдаанд 16 гишүүн оролцож, ес нь дэмжсэнээр сонсгол хийхээр болжээ.

Хөшигний ард УИХ-ын дарга Д.Амарбаясгалан С.Магнайсүрэнг оруулж ирсэн нь эрсдэлтэй маргаан дагуулж эхэлсэн аж.

Нэгт, намтар маш ярвигтай. Төрийн нарийн бичгийн дарга бол улстөрчдийн татаасны албан тушаал байсаар ирсэн. Мэргэжил, туршлага харгалздаггүй. Атал С.Магнайсүрэн сүүлийн арав гаруй жилд дандаа яамдын ТНБД-ыг сэлгэн хийж ирсэн байх юм. Хамгийн сүүлд гэхэд АҮЭБ-ийн яамны ТНБД-аар ажиллаж байгаад, өнгөрсөн есдүгээр сард чөлөөлөгдөж. Мэдээж сайд нь солигдсон учраас. Улстөрсдийн татаас гэж иймэрхүү. Хаана оч гэнэ, тэнд очиж явдаг, очсон хойноо хамгийн их улс төрийн томилгоо хийхийг шахаж шаарддаг албан тушаал, амьгүй албат бол төрийн нарийн бичгийн дарга нар болж хувирсан. С.Магнайсүрэн тэдний нэг болох бэлэн намтартай байна.

Хоёрт, ялтан болох эсэх асуудал шийдэгдэхээр хүлээгдэж буй. Хөгжлийн банкны хэрэгт С.Магнайсүрэн холбогдсон. Шүүхээр цагаадсан байв. Харин оны өмнө Улсын дээд шүүх хуралдаад, цагаатгасан шийдвэрийг нь хүчингүй болгосон. Одоо хэргийг ахин шалгана гэсэн үг. УИХ-ын гишүүн Б.Найдалаа яг ийм кэйстэй. Хэрэв Хөгжлийн банкны хэргийг ахин шалгаж, ял өгөхдөө тулбал Б.Найдалаа Дав.Цогтбаатарын араас орно. Өнөөдөр Дав.Цогтбаатарын асуудалд УИХ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө тун буруу жишиг тогтоож байгаа. Хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, хамгаалан үлдэж байна. Энэ асуудал Б.Найдалаа, араас нь нөхөр С.Магнайсүрэн дээр давтагдвал яах вэ. Д.Амарбаясгалан хамгаалсаар байж чадах юм уу. Хөгжлийн банкны хэргээр ял сонссон хүн Ерөнхий аудитор хийж болох уу гэдэг асуудал тавигдах ирээдүйг үгүйсгэх газар алга. Нөгөө талаас, ял сонсох эсэх нь шийдэгдээгүй байгаа хүнийг урьдчилаад томоохон албан тушаалд томилбол, хэрэг шударгаар шийдэгдэхгүй байх нөхцөл байдал үүсвэл хэрхэх вэ?

Гуравт, нутгийн хань хамаарал. С.Магнайсүрэн бол дээр дурдсанчлан Говь-Алтайн хүн, Д.Амарбаясгалантай нэг нутаг. ТНБД-ын алба сэлгэхэд нь ч Д.Амарбаясгалан ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн гэгддэг. Нутгархдаг байдлыг хална гээд л Үндсэн хуулиа өөрчилж, холимог тогтолцоог нэвтрүүлж, бүсийн хөгжил ярьж яваа байтал начир дээрээ зүгээр л үргэлж дэмжиж, “татаж” ирсэн нутгийн хүнээ Ерөнхий аудитор болговол зөв үү? Өнөөдөр Ерөнхий аудиторын ажлыг хийх чадамжтай, санхүү болон хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, шударга боловсон хүчин Монголд олон байна. Шинэ дүр хэрэгтэй байна. Аудит сайн ажиллавал төрийн бүх булхай луйвар илчлэгддэг болно. Шударга нийгэм бүтээх эрмэлзэл эндээс эхэлнэ. Гэтэл С.Магнайсүрэн очоод Д.Амарбаясгалан УИХ-ыг толгойлж байгаа цаг үед улс төрөөс хамааралгүй, бие даан ажиллаж чадах уу?  Итгэл төрөхгүй л байна.

Тавдугаар сарын 7 буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт Төсвийн байнгын хороон дээр сонсгол болно. С.Магнайсүрэнг дуудна, гишүүд асуулт асууна. Энэ үед ажил хэрэгчээр хандаасай. Нутаг нугыг нь биш юм гэхэд Ерөнхий аудитор хийж чадах чадамж, мэдлэг боловсрол, ажлыг туршлага асуугаасай. Ядаж муу нэртэй Д.Загджав шиг Ерөнхийлөгчийн институтийг ч, УИХ-ыг ч аудитын дүгнэлтээрээ “улайлгаж” чаддаг эрэмгий зориг С.Магнайсүрэнд хэрэгтэй!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *